Л.Болд: МАН-ын 60 тэрбумын схем хэрэгжсэн

Л.Болд: МАН-ын 60 тэрбумын схем хэрэгжсэн

10 сарын өмнө

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан болох нь тогтоогдож, эхнээсээ АТГ-т шалгагдаж байна. Үүнтэй холбоотойгоор улстөрчид болон олон нийтийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж эхэллээ. Харин та хувь улстөрчийнхөө байр суурийг илэрхийлж болно биз дээ?

-Би өмнө нь ч гэсэн хэлж л байсан. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарсан МАН-ын 60 тэрбумын асуудал бол төрийн эсрэг маш том гэмт хэрэг. Энэхүү төрийн эсрэг том гэмт хэргийг хууль, хяналтын байгууллага нь шударга ажиллаж, холбогдох хүмүүст нь хариуцлага хүлээлгэх ёстой. Ингэж байж төр цэвэршинэ гэж хэлж байсан.

Гэтэл тэд хууль, хяналтын байгууллагатайгаа нийлчихсэн булзайруулж, нуун дарагдуулаад л өнгөрсөн. Үр дүн, хор уршиг нь өнөөх 60 тэрбум чинь хэрэгжсэн явдал. Хэрэгжих, хэрэгжихдээ өнөөгийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн луйвраар илэрч байна. Тиймээс аль, аль нь хуулийн хариуцлага хүлээх нь зөв юм.

-УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хэлж байна уу? 

-Тийм ээ, өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүргэсэн УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх ёстой. Өөрсдийнхөө бий болгосон гаж тогтолцоогоо засах хэрэгтэй. Ард түмнээсээ уучлалт гуйх шаардлагатай.

Ганцхан гишүүд ч биш Засгийн газрын сайд нар ч зээл авсан хэрэгт нэр холбогдсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч ялгаагүй уучлалт гуйж, хариуцлагаа хүлээх ёстой гэж бодож байна. Бусдаар шахаж, шаардуулахгүйгээр өөрсдөө албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргах хэрэгтэй шүү дээ.

-Та парламентыг онц байдал тогтоох ёстой гэдэг санааг илэрхийлсэн. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Тийм ээ. Парламент онц байдал тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, хаалгаа хааж байгаад ярилцах ёстой. Энэ бүх луйврыг явуулах боломж олгосон, хүлээн зөвшөөрсөн хууль эрх зүйн орчноо эргэж харах шаардлагатай. Тогтолцоогоо эргэн харж, өөрчлөх хэрэгтэй байна. Тэрнээс нааш ард түмэн өнөөгийн УИХ-ыг хүлээж авахгүй. Одоо УИХ ажлаа хийх цаг нь болсон. Цаашдаа УИХ-аа ч, нийгмээ ч эрүүлжүүлэх процес руу явах хэрэгтэй. Өөр ямар ч зам сонгосон мухардалд орно. Хамгийн муугаар ярихад хувьсгалд л хөтөлнө.

Харин парламентын тогтолцооны хамгийн сайхан нь хуулийнхан нь гэм буруутай эсэхийг нь тогтоогоод л хариуцлагаа тооцоод явах боломжтой. Энэ бол бидэнд Үндсэн хуулиар олгосон хамгийн сайхан боломж, бололцоо шүү дээ. Заавал хувьсгал, хүчирхийлэл, хэрүүл зэрэг зүй зохисгүй арга замаар шийдэх албагүй. Энэ буруу тогтолцоог л халах хэрэгтэй. Ердөө л Үндсэн хуулиа дагах нь зөв.

-Та саяхан Олон улсын парламентын чуулга, уулзалтад оролцоод ирсэн. Дээр нь энэ долоо хоногийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 17 дахь илтгэлийг хэлэлцлээ. Аль, альд нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг сөхлөө шүү дээ?

-Тэглээ. Хүний эрхийн үндэсний комиссын 17 дугаар илтгэлийг хэлэлцсэн. Энэ бол олон улсын байгууллагаар хянагддаг Монгол Улсын хүний эрхийн байгууллагын үндсэн асуудлыг ярьдаг гол баримт бичиг юм. Өнөөдөр хүний эрх гэхээр л хурал, зөвлөгөөн хийж, зөвлөмж гарган цаас үйлдвэрлэхээс хэтэрдэггүй. Гэтэл бодит байдалд хүний амьд явах эрх нь хангагдаж байна уу, хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна уу, аюулгүй байдал нь хангагдаж байна уу, хүүхдийн болон эмэгтэйчүүдийн эрх зэрэг хаана эмзэг цэг байна тэнд хүний эрх яригддаг.

Наад захын жишээ л гэхэд, ЖДҮ чинь л хүний эрх шүү дээ. Өөрөөр хэлбэл, жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа юм. Дээр нь С.Зориг агсны хэрэгт гурван хүнийг ялласан. Гурван шатны шүүхийн шийдвэр ч гарсан. Харин ар гэр нь хэвлэлийн хурал хийж байна. Парламентад ч хандаж байна. Олон улсын байгууллагад ч хандлаа. Гэтэл төр нь дүлий дүмбэ оргиод л сууна. Хүний эрхийн үндэсний комисс нь ч гэсэн гараа хумхиад сууж байна.

Харин Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүний эрхийн хорооны удирдлага гишүүд гээд бүгд л С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг хөнддөг. Өнөөдөр Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн хэрэгтэй холбоотой 50 гаруй тогтоол гаргасан байдаг. Өмнөх тогтоолынхоо хэрэгжилт, хариуг Монгол Улсын парламентаас хүлээж байна. Энэ ч утгаараа чуулганы нэгдсэн хуралдаанд байр сууриа илэрхийлж байгаа гишүүдийг хүлээн авч уулзаж, өөрсдийнхөө санаа зовниж байгаа асуудалдаа байр сууриа илэрхийлсэн.

-Тэдний зүгээс яг ямар байр суурийг илэрхийлж байгаа юм бэ?

-Тогтоол нь гарчихсан. Маш тодорхой байр суурийг илэрхийлж байгаа юм билээ. Түүнд нь халдаж чадахгүй явсаар л хоёр ч чуулган дамжиж, хоёр жил гаруй болчихлоо шүү дээ. Тэр тогтоолыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд нээлттэй авч хэлэлцээд холбогдох байгууллагаараа хэлэлцүүлж шийдвэрээ гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, зүгээр л хариултыг нь өгчих л хэрэгтэй байгаа юм. Түүнээс нуугдаж, зугтаад байх шаардлага байхгүй л дээ.

-Ингэхэд таны Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой хэрэг юу болсон бэ?

-Өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Бүтэн жил боллоо. Намайг л шалгаад байдаг.

-Өнгөрсөн хугацаанд та хууль, хяналтынхныг дуудсан цагт нь очиж тайлбар, мэдүүлэг өгч байсан гэсэн үг үү?

-Тийм. Яг гол асуудлаа шийддэггүй. Өөр хамааралгүй иргэдээс сонссон зүйл, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг гэрчилсэн зэрэг янз бүрийн хэргээр л дууддаг. Учрыг нь асуухаар таныг шалгаж байгаа л гэдэг. Тэгсэн хэрнээ гол гүтгэсэн гэх хэргээ шалгаж, хааж өгдөггүй. Энэ мэт шалтгаанаар хэргийг хаахгүй бүтэн жил тойрч байна даа.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN