Хүүхдээ өлгийдөж байхын учир

Хүүхдээ өлгийдөж байхын учир

11 сарын өмнө
Монгол хүн бие бялдар сайтай, цэх мөр, нуруу, хөлтэй, сэргэлэн жавхаалаг байдаг нэгэн үндсийг хүүхдээ өлгийдсөөр ирсэнтэй холбож үздэг.

        Монголчууд төрсөн хүүхдийг нэг нас хүртэл өлгийдөх нь хүүхдийн бие бялдар, өсөлт, хөгжилд нь их нөлөөлнө гэж үздэг уламжлалтай билээ.  Өлгийний (манцуй) толгойн хэсгийг нь хүүхдийн толгойд тааруулан хумайлгаад оёдог. Энэ нь хүүхдийн бие бялдарт нөлөөтэй байдаг. Чихээр нь салхи оруулахгүй,   өвдүүлэхгүй, толгойг нь дааруулахгүй мөн зулайг нь хамгаална. Бас хүзүү, нурууг нь муруй болгохгүй байх зориулалттай байдаг. Үүний зэрэгцээ хүүхдийн өлгий заавал хөвөн даавуун материалтай байх ёстой ба монголд хүүхдийн өлгийн стандарт хүртэл гарсан байсан.

Хүүхдийг өлгийдөхдөө гурван бүсээр бүсэлдэг онцлогтой. Энэ нь хүүхдийн бие чийрэг өсч бойжиход чухал нөлөөтэй. Хүүхдийн бие нь чилээрхэж өлгийдөө хөдөлж, суниаж биеэ чангалдаг.  Энэ нь хүүхдийн булчин, шөрмөсний ажиллагаа, бие нь хөгжиж чангарахад туслана. Одоогийнх шиг хүүхдээ эрт хувцасладаггүй, уул нь хүүхдийг таваас долоон сартай болтол өмд, цамц өмсүүлж гаргадаггүй.

Хэрэв хүүхдийг өлгийдөхгүй өсгөвөл хоёр мөр нь тэгш биш, нуруу нь цэх биш бөгтөрдүү болох зэргээр хүүхдийн бие бялдарын өсөлт болон хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Өлгий нь нэг ёсондоо нярай, нялх хүүхдийн гэр орон юм шүү дээ.

Ер нь Монгол хүн бие бялдар сайтай, цэх мөр, нуруутай сэргэлэн жавхаалаг байдаг нэгэн үндсийг хүүхдээ өлгийдсөөр ирсэнтэй холбож үздэг. Харин сүүлийн жилүүдэд зарим залуу гэр бүл, олон соёлт гэр бүлүүдэд хүүхдээ задгай өсгөдөг болж байгаа нь ажиглагддаг. Энэ нь дэвшилт уламжлалаа мэдэхгүй болж байгаатай холбоотой юу? эсвэл орчин үежиж байгаатай холбоотой юу? Бодох л зүйл.

Залуу ээжүүд хүүхдээ байнга биш ч ер нь өлгийдөж байх хэрэгтэй. Зөв өлгийдөж сурах нь бас чухал. Хэдэн жилийн өмнөөс түнхний мултралын тухай нилээн яригдах болж ийм эмгэгтэй хүүхдийн тоо ч нилээн өсөх хандлагатай байгаа ба та хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовж байгаа бол өлгийдөхдөө хөл хэсгийг нь зөөлөн боож өлгийдөөрэй. Хүүхдий өлгий нь түүнийг олон зүйлээс хамгаалж нөмөр нөөлөг болдог гэдгийг санаж яваарай.

mongoljingoo.mn