НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна

НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна

10 сарын өмнө

-ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮДИЙН ТООГ  ЗОРИУД ӨСГӨСӨН БАЙДЛААР
МЭДЭЭЛЖ БАЙГАА ЮУ-

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн албан баланк дээрээ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичиг үйлдэж, гишүүдээр гарын үсэг зуруулж буй. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоо 26-д хүрсэн талаар Д.Хаянхярваа гишүүн өчигдөр орой мэдэгдсэн билээ.

Гэвч “Гарын үсгийн тоо 20 хүрээгүй, зориуд өсгөж яриад байна” гэх мэдээлэл ч байгаа юм. Өмнө нь бидэнд гарын үсгийн тоо 36-д хүрсэн гэх мэдээлэл ирсэн ч албан ёсоор батлагдаагүй.

Нийт гишүүдийн 1/3 нь Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. УИХ-д өргөн мэдүүлэх талаар Д.Хаянхярваа гишүүн тодорхой байдлаар мэдээлэл өгөөгүй байгаа нь гарын үсгийн тоо гүйцээгүй гэх хардлага төрүүлж буй юм.

Эх сурвалжууд:

1. Д.Хаянхярваа

2. А.Ундраа

3. Н.Амарзаяа

4. Ц.Мөнх-Оргил

5. Л.Энх-Амгалан

6. Д.Оюунхорол

7. М.Билэгт

8. Г.Мөнхцэцэг

9. Б.Дэлгэрсайхан

10. Б.Саранчимэг

11. Н.Оюундарь

12. Ё.Баатарбилэг

13. Г.Тэмүүлэн

14. Ж.Мөнхбат

15. Н.Ганболд

16. Б.Ундармаа

17. Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд огцруулах бичигт яг баттай байдлаар гарын үсэг зурсан гэж мэдээлж буй юм.

-ЕРӨНХИЙ САЙД АСАН Ж.ЭРДЭНЭБАТ ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ БАЙНА-

Одоогоор Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нар гарын үсэг зураагүй байгаа аж. Мөн У.Хүрэлсүхийн танхимд 32-ын талаас ажиллаж буй сайд нар болох Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Н.Цэрэнбат, Ц.Цогзолмаа нар гарын үсгээ зураагүй байна.

Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт,О.Содбилэг, Ш.Раднаасэд нар Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй, “Байдлыг харзнаж байна” гэх мэдээлэл байгаа юм.

Нөгөө талд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж буй нь Хотын дарга С.Батболд, УИХ-ын дарга М.Энхболд нарын албан тушаалыг авч үлдэх зорилготой гэж харж болохоор байна. Нийт гарын үсэг зурсан гишүүдийн тоо 26-д хүрвэл УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдэх билээ.

Ж.МЯДАГБАДАМ

medee.mn