Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан

Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан

1 жилийн өмнө

МАН-ын бүлэг өчигдөр 21.00 цаг хүртэл хуралдаж Д.Хаянхярвааг бүлгийг даргаас огцруулсан. Түүнийг огцруулах асуудлаар хоёр удаа санал хураасан. Эхний санал хураалтаар гишүүдийн санал 29/29 өөр тэнцсэн учраас дахин санал хураасан. Дахин санал хураалтаас өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Дэлгэрсайхан нар ирсэн юм. Ингээд дахин санал хураахад санал өгсөн гишүүдийн 32 нь Д.Хаянхярвааг огцруулахыг дэмжсэн бол 27 нь дэмжээгүй юм. Мөн хүчингүй нэг санал байсан юм.

Бүлгийн хуралдааны дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас цөөн асуултад хариулт авсныг хүргэж байна.

-Таныг огцруулсан бүлгийн шийдвэртэй санал нэгдэж байгаа юу?

-Бүлгийн шийдвэрийг хүндэтгэж байна.

-Өнгөрсөн хугацаанд өөрийгөө хэр ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

-Өөрийгөө муу ажилласан гэж хэлдэг тэнэг хүн байхгүй байх. Намайг яаж ажилласныг бүлгийн хамт олон мэдэж байгаа. Би нэг л зүйлийг хэлье. Зарчим ярьж болдоггүй цаг ирж. Хүний алдаа оноог шүүмжилж болохгүй цаг ирсэн байна. Хууль дүрэм хэрэгжихэд их хэцүү болж гэж харж байна. Цаашид хэлэх үгээ нэг их хязгаарлаж явахгүй. Ард түмний талд дуугарах ёстой. Намын, бүлэглэлийн эрх ашгийн төлөө дуугарч болохгүй.

-Та Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Одоогийн байдлаар хэдэн хүн гарын үсэг зураад байна вэ?

- Тоог хэлээд юу гэхэв. Энэ талаар бид маргааш хурлаараа ярилцах байх. Нам дотроо ярилцах байх.

-УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх үү?

-УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэхгүй шүү дээ. УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөхгүй бол хэлэлцэх боломжгүй.

-Намын дарга У.Хүрэлсүх бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын даргын асуудлыг хэрхэхээ хэлсэн үү?

-Өргөдлөө өгөөд яв гэдэг зүйлийг л ярьж байна лээ. Харин УИХ-ын дарга “Хуулийн хүрээнд надад ажлаа өгөх үндэслэл байхгүй” гэж хэлж байна лээ.

- Эхний удаа санал хураахад тэнцсэн. Дараа нь санал хураахад 29/32 болсон. Энэ ямар учиртай вэ?

-УИХ-ын дэгийн тухай хуулиар бол санал тэнцэхэд санал унасанд тооцдог л доо.

- Та гомдолтой байна уу?

-Ямар ч гомдолгүй байна.


Тэрбээр өнөөдөр өглөө өөрийн цахим хуудаснаа Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан талаар бичсэн байна. Өчигдөр өдрийн байдлаар Засгийн газрыг огцруулах асуудлаар цугласан гарын үсэг 36-т хүрсэн гэх мэдээлэл байгаа билээ.

Т.ХУЛАН

medee.mn