1.3 тэрбум төгрөг тээвэрлэж явсан, нэр бүхий улс төрчийн хамаарал бүхий иргэнийг шалгахгүй өнгөрөөсөн үү

1.3 тэрбум төгрөг тээвэрлэж явсан, нэр бүхий улс төрчийн хамаарал бүхий иргэнийг шалгахгүй өнгөрөөсөн үү

11 сарын өмнө

Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр АТГ-аас 1.3 сая ам.доллар бэлнээр хадгалж байсан цагдаагийн албан хаагчийг саатуулан шалгаж байгаа талаар мэдээлсэн. Яг энэ үеэр “Эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй” гэж өөрийгөө мэдүүлсэн нэгэн иргэн “Приус 20” маркийн автомашины тээшинд хоёр шуудай мөнгө тээвэрлэж явсан тохиолдол гарсан байна. Гэвч энэ хэрэг олон нийтэд мэдээлэгдээгүй өнгөрсөн нь анхаарал татаж буй юм.

Энэ талаар албаны эх сурвалж “Цагдаагийн нэгдсэн арга хэмжээний үеэр сэжиг бүхий тээврийн хэрэгслүүдийг зогсоож үзлэг шалгалт хийж байсан. Энэ үеэр арын тээшиндээ 20, 10, 5 мянгын дэвсгэрт бүхий хоёр шуудай монгол мөнгө ачсан “Приус 20” автомашин зогсоогдсон. Журмын дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Сүүлд сонсоход нэг тэрбум орчим төгрөг байсан гэж сонссон” гэсэн мэдээлэл өгөв.

Эл хэргийн талаар албан бус эх сурвалж хэлэхдээ “Эрүүгийн Цагдаагийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хэрэг үүсгэн шалгах гэтэл дээрээс нь “Бурхан зарсан мөнгө тул буцаа” гэсэн чиглэл ирсэн тул хаасан. Мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явуулаагүй, иргэнд буцаан олгосон юм билээ. Мөнгө тээвэрлэж явсан иргэн нь нэр бүхий томоохон улс төрчийн хамаарал бүхий хүн байсан. Тооллогоор 1.3 тэрбум төгрөг байсан” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхнаас тодруулахад “Манайд тийм хэрэг ирээгүй” гэж эрс үгүйсгээд байгаа юм. Бид мэдээллийг лавшруулан хүргэх болно.

                                                                                                                   Ж.МЯДАГБАДАМ

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn