ЖДҮ гишүүд одоо Захиргааны ерөнхий хуулийг өөрчилж, хариуцлагаас мултарна

ЖДҮ гишүүд одоо Захиргааны ерөнхий хуулийг өөрчилж, хариуцлагаас мултарна

7 сарын өмнө

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хүртэх ёстой, амьдрах гэж яваа жирийн иргэдийг тохуурхан даажигнаж үлдээн хөөгөөд, эсрэгээрээ баячууд, эрх мэдэлтнүүдэд улсын мөнгө буюу нийтийн өмчийг тараах замыг зассан гол буруутан нь Засгийн газар. 


Учир нь, УИХ-аас 2007 оны 07 сарын 27-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг батлан гаргасан. Хэнд зээл олгох вэ гэдгийг хуулийн 5 дугаар зүйлд зохицуулчихсан байхад Засгийн газар хууль зөрчиж 2016 оны 11 сарын 09-нд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-г баталсан. Хууль бус гэхийн учир нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд зөвхөн хуулиар эрх олгосон нөхцөлд л журам, хэм хэмжээ батлана гэж заасан. Харамсалтай нь Жижиг дунд үйлдвэрийн хуулиар Засгийн газарт энэ журмыг гаргах эрх олгоогүй, зөвшөөрөөгүй байхад санаатайгаар энэ журмыг гаргасан. Энэхүү журмын 1.5-д зээл олгохдоо банкаар дамжуулж, эсхүл сангаас шууд санхүүжүүлнэ гэсэн заалтыг оруулснаар улсын мөнгийг ЖДҮХСан нэрийдлээр цөөн хэдэн хүмүүс завших нөхцлийг бүрдүүлсэн байна. Журмын 3.1-д ЖДҮХС-аас зээл олгох бүх асуудлыг хороо шийднэ гээд, хорооны бүрэлдэхүүнийг ХХААХҮ-ийн сайд батална гэжээ. Өөрөөр хэлбэл хорооны бүрэлдэхүүнийг Б.Батзориг сайд өөрөө батлаад, тэр хороогоороо шийдвэр гаргуулж өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан гэсэн үг юм. 

Засгийн газрын энэ мэт дур зоргыг юу хязгаарладаг вэ. Гол хязгаарлагч, хянагч нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэргийн шүүх юм. 

Дэлгэрүүлбэл, УИХ-аас 2015 оны 06 сарын 19-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийг батлан гаргаж 2016 оны 07 дугаар сарын 01-ээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Энэ хууль нь Засгийн газраас эхлээд түүний харъяа төрийн бүх байгууллага, албан тушаалтнуудын зүгээс хүний эрх зөрчих, улсын хөрөнгө мөнгийг зувчуулах, үрэн таран хийх, зориулалтын бусаар захиран зарцуулахаас урьдчилан сэргийлэх, хэрэв тэд нэгэнтээ хууль зөрчсөн бол шийдвэрийг нь цуцалж улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг хамгийн том, гол хууль юм. Монголын төр өөрөө өөрийгөө хариуцлагажуулах хуулийг өөрөө баталж чадсан нь дотоодын төдийгүй гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын талархлыг хүлээсэн, сайн жишиг бүхий хууль болсон юм. Тухайлбал, өнгөрөгч сард МУИС-ийн төв номын санд зохион байгуулагдсан ОХУ, БНСУ, Канад, Япон, Монголын хамтарсан “Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр БНСУ, Япон улсын хууль зүйн тэргүүлэгч эрдэмтэд манай улсын Захиргааны ерөнхий хуулиас туршлага судлах, шаардлагатай гэж үзвэл нэвтрүүлэх талаар байр сууриа илэрхийлж байв. Зөвхөн 2017 оны шүүхийн мэдээнээс үзэхэд төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаатай холбоотой 2458 гомдол, нэхэмжлэл захиргааны шүүхэд иржээ. Хариуцагчаар 2046 этгээд шүүхэд татагдсаны 87.4 хувь нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан байсан байна. Шүүхэд ирсэн нийт гомдол, нэхэмжлэлийн 60 гаруй хувь нь төрийн байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн болохыг Захиргааны шүүх тогтоосноос үзэхэд энэ хууль, энэ шүүхийн гавъяа, ач холбогдлыг харж болно.

Засгийн газар ЖДҮХС-н асуудлаас болж өөрийгөө болоод өөрийх нь баталсан журмын дагуу сангийн ажлыг хариуцан зохион байгуулсан ХХААХҮЯ, түүний дэргэдэх ЖДҮХС-гийн хорооны хууль бус үйл ажиллагааг захиргааны шүүхээр хянуулахгүй байх хуулийн төслийг санаачилж, УИХ-аар яаралттай хэлэлцүүлэхээр боллоо.

Засгийн газар Захиргааны ерөнхий хуульд дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьж, улмаар ЖДҮХС-ийн асуудал дэврэх мөчтэй зэрэгцүүлэн 11 сарын 02-ны өдөр байнгын хороогоор оруулж дэмжигдлээ. Нэмэлт, өөрчлөлтийн төслөөр дараах байгууллага, тэдгээрийн шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээр хянуулахгүй гээд үүнд: “3.1.7.Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа.” гэжээ. Тодруулбал, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-г Засгийн газар баталсан. Засгийн газрын баталсан энэ журам, шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага болох ХХААХҮЯ, түүний дэргэдэх хороо хэрэгжүүлсэн. Энэ хуулийг яаралтай баталснаар ЗГ-ын баталсан журам хүчинтэй хэвээр үргэлжилж, ЖДҮХС-ийн асуудал захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй болж байгаа юм. Хоёр дахь нэмэлт, өөрчлөлт нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан захиргааны хэргийн шүүхээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалт юм.

Ийнхүү Монголын Засгийн газар өөрөө өөртөө “өршөөлийн хууль” гаргаж, цаашид ямар ч буруутай үйлдэл хийсэн шударга шүүхээр шалгуулахгүй нь. Өнөөдрийн байдлаар захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газар 10 гаруй хэрэгт хариуцагчаар татагдан оролцож байгаа билээ. Хууль батлагдсанаар эдгээр хэрэг “цагаадах” юм. Иргэд унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалж захиргааны хэргийн шүүхэд хандан Засгийн газрын хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулж байсан. ЖДҮХС гэдэг бол иргэдийн улсад төлсөн татварын бөөгнөрөл, энэ бол нийтийн өмч бөгөөд иргэд өөрсдийн өмчөө хамгаалж Засгийн газар, түүний харъяа байгууллагын эсрэг шүүхэд хандах эрх ийнхүү хаагдахад хүрлээ.

Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдах магадлал маш өндөр байна. Учир нь 2000 онд Үндсэн хуульд оруулсан дордохын 7 нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс бусад Засгийн газрын бүх гишүүд давхар дээлтэй бөгөөд тэдэн дээр 5-6 УИХ-ын гишүүн нэмэгдэхэд хууль батлагдах боломжтой болж байгаа юм. Ийнхүү Монгол Улс хэмжээгүй эрхт Засгийн газартай боллоо. Тэд Засгийн газар болохын хувьд өөрсдөө хууль санаачилж, УИХ-ын гишүүн болохын хувьд өөрсдөө гар өргөн батална. Харин үйл ажиллагааг нь хянадаг байсан Захиргааны ерөнхий хуулийн амин заалтыг үгүй хийн шүүхээс, хуулиас гадуур ажиллах, ЖДҮХС-ийн булхай, луйврыг хаацайлахад саадгүй болох нь ээ.

newspress.mn