X.Нокс: Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан хэргийг дахин шалгах хэрэгтэй

X.Нокс: Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан хэргийг дахин шалгах хэрэгтэй

7 сарын өмнө

НҮБ-ын Хүний эрхийн шинжээч Жон X.Нокс энэ сарын 19-нөөс Монгол Улсад анхны албан ёсны айлчлалаа хийж байгаа. Тэрбээр Монгол Улсад ажиллах үедээ хийсэн үнэлгээнийхээ урьдчилсан дүгнэлтээс өнөөдөр танилцууллаа.

Дүгнэлтээ танилцуулах үеэрээ Жон X.Нокс байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан хэргийг Засгийн газар дахин шалгах хэрэгтэйг сануулав.

Тэрбээр "Олон оронд байгаль орчны хүний эрхийн хамгаалагчид хүчирхийлэл, үхэл хэмээх өндөр эрсдэлд өртөж байна. Дэлхий дээр долоо хоног тутамд дунджаар байгаль орчны дөрвөн хамгаалагч амиа алдаж байна. Маш олон байгаль хамгаалагч айлган сүрдүүлэг, дарамтанд байдаг.

Хэдийгээр бусад олон оронд тахлын хэлбэрээр байгаа шиг нөхцөл Монгол Улсад илрээгүй ч байгаль орчны эрхийг хамгаалагчдаас хууль бус уул уурхай, хулгайн агнуурыг эсэргүүцэх үедээ хүчирхийлэл, сүрдүүлэгт өртөж байгааг сонсоход хүнд байлаа.

Хамгийн түгшүүртэй тохиолдол бол Монголын Цоохор ирвэс хамгаалах сантай хамтран ажиллаж байсан байгаль хамгаалагч Лхагвасүмбэрэлийн (Сүмбээ) нас барсан явдал юм.

Сүмбээгийн шарилыг Хөвсгөл нуураас 2015 оны арваннэгдүгээр сарын 11-нд олсон байдаг. Ихэнх ажиглагчдын гайхширлыг төрүүлсэн явдал бол түүний үхлийг цагдаагийнхан амиа хорлолт хэмээн тогтоосон явдал.

Гэтэл өмнөх хоёр жилийн хугацаанд говь цөлийн Алтайн нурууны уулархаг нутаг дахь Тост уулаа тусгай хамгаалалтад авхуулахын төлөө түүний зүтгэлийн хариуд Сүмбээ дор хаяж гурван удаа халдлагад өртсөн байдаг.

Энэ үйл явц нь дэлхийн өнцөг булан бүрт тохиолддог байгаль орчны хамгаалагчдын аюул занал, хүчирхийллийн улмаас гардаг цаг бусын үхлийн шалтгаантай тун төстэй. Энэ залуугийн үхлийн талаарх албан ёсны тайлбарт олон хүн сэтгэл дундуур байгаа нь ойлгомжтой.

Засгийн газар нь энэ хэргийн мөрдөн байцаалтыг дахин хийж, хамгаалалтын албаны бусад гишүүд нь болзошгүй эрсдэлээс хамгаалагдсан байх ёстой.

Байгаль орчныг хамгаалагчид болон бусад хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хуулийг батлан хэрэгжүүлэхэд Монгол Улс тэргүүн ач холбогдол өгөх хэрэгтэй" гэлээ.

 

Р.Дулам

shuud.mn