УИХ-ын ГУРВАН гишүүнд түдгэлзүүлэх бичиг ирж, ХОЁР сайдаа чөлөөлсөн МАН-ЫН ЦАГ ҮЕ

УИХ-ын ГУРВАН гишүүнд түдгэлзүүлэх бичиг ирж, ХОЁР сайдаа чөлөөлсөн МАН-ЫН ЦАГ ҮЕ

7 сарын өмнө

Б.БАТЗОРИГИЙГ “УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ” ГЭСЭН ШИЛЭН ХААЛТНЫ ЦААНААС ШАЛГАХЫГ ХУУЛИЙНХАНД ХҮЧЭЭР ТУЛГАЛАА

МАН 2016 оны улс төрийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад олонхи болсноос хойшхи хугацаанд УИХ-ын ГУРВАН гишүүнд Прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх бичиг иржээ. Улмаар Засгийн газраас хоёр гишүүн нь ЖДҮХС, яаман дээр нь гарсан хүн амины хэргээс үүдэн сайдаас чөлөөлөгдөв.

Үүнээс өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед БСШУС-ын сайдаар ажиллаж байсан Ж.Батсуурийг “Муу ажилласан” гэх шалтгаанаар огцруулсан. Мөн У.Хүрэлсүх Шадар сайдаа өгөх улс төрийн шийдвэр гаргаж байв. Гэхдээ энэ нь улс төрийн орчинд байдаг, байж болох хувилбарууд билээ. Үр дагаврын хувьд ч гэсэн ард түмэнд онцын хохиролгүй юм.

Салбарын бодлого хариуцсан төрийн захиргааны төв байранд албан тушаалтнууд нь архидан согтуурч, хүн амины хэрэг гарснаас үүдэж сайд нь огцорч байсан түүх манай улсад байхгүй. Сайд асан Ж.Бат-Эрдэний хувьд Ерөнхий сайд ямар нэгэн байдлаар чиг өгөөгүй байхад “Хариуцлагаа хүлээж, сайдын ажлаа өгье” гэж мэдэгдсэн. Саяхан “Миний алхам шударга байгаад араас зөв, шударга байдлаар ажил нь явагдахгүй байхаар харамсдаг юм байна” гэж дуугарсан юм.

ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийн хувьд Ерөнхий сайд огцруулахаа мэдэгдсэний дараа “Ажлаа өгнө” гэж мэдээлэл хийсэн билээ. ЖДҮХС-гаас хувийн хоёр компанидаа 3 тэрбум төгрөгийн зээл авсан хэдий ч уучлал гуйгаагүй нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараа “Би ард түмнийхээ итгэлийг алдахаас айж байна” хэмээж байв. Тэр  өмнө нь  гүлдийж явсаар албан тушаалаа өгдөггүй, бүрэн эрхээ дуусгадаг байсан сайд нарын жишгийг халж, хоёр ч гишүүнээ танхимаасаа явууллаа. Гэвч үүгээрээ НЭМЭХ оноо цуглуулж чадсангүй. Ард түмэн улс төрчдөд итгэхээ больж, нэг цул байдлаар “МУУ” гэж дүгнэдэг байдал энэ цаг үед улам газар авсаар байна.

УИХ-ын хувьд ч тэр Засгийн газраас хувь илүү муу нэртэй болов. Хүн зодож цохисон хэрэгт орооцолдсон Д.Мурат, ЖДҮХС-гаас өөртөө болон улс төрчдөд давуу эрхээр зээл олгосон асуудлаар шалгагдаж буй Б.Батзориг нарыг өмгөөлж үлдлээ. “Хуулийн өмнө иргэн бүх тэгш эрхтэй” байх зарчмыг УИХ өөрөө алдагдуулав. Ингэснээрээ хэрэг хийсэн хүмүүсээ “УИХ-ын гишүүний бүрэн эрх” гэсэн шилэн хаалтны цаанаас шалгуулах нөхцөл байдлыг хуулийнханд хүчээр тулгалаа.

-МЭДЭЭЛЛИЙН ДАВУУ БАЙДЛАА АШИГЛАН, ИХ ДЭЛГҮҮРЭЭС ХУДАЛДАН АВАЛТ ХИЙСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨГДСӨН ТҮҮХИЙГ САНУУЛЪЯ-

Өмнөх түүхээ харцгаая. Монгол Улс 1990 онд байнгын ажиллагаатай парламентад шилжсэн. Үүнээс нэг жилийн дараа Улсын Бага Хурлын гишүүн Б.Дамдин мөнгөний ханшийг хоёр дахин нугалсан 20 дугаар тогтоолыг албан тушаалын дагуу урьдаж мэдээд, хэрэгжиж эхлэхээс нь өмнө дэлгүүрээс их хэмжээний худалдан авалт хийсэн нь илэрч байжээ. Үүнээс үүдэн хаалттай хуралдаанаар яригдсан зүйлийг өөртөө ашигтай болгон хэрэглэсэн үйлдэлдээ гэмшин,  гишүүнээс сайн дураараа татгалзаж, хүсэлтийг нь хүлээн авсан байдаг.

Энгийн логикоор бол Н.Оюундарь гишүүний хэлсэнчлэн “Мэдээлэлд ойр байгаа байдлаа боломж болгон ашигласан” байгаа юм. Ялгаатай нь, Н.Оюундарь гишүүн мэдээлэлд ойр байгаа байдлаа ашиглан, Б.Батзориг сайдад тулгаж байгаад, хүүгийнхээ компанид зээл авч өгсөн. Харин 1991 онд Бага хурлын гишүүн Б.Дамдин зүгээр л их дэлгүүрээс худалдан авалт хийжээ.

Эхний тохиолдолд ЖДҮ эрхлэгч энгийн иргэний авах зээлийг УИХ-ын гишүүний хүү авсан бол дараачийнхад нь нэг айл хямдхан бараа бүтээгдэхүүн гэртээ авсан байна.

Эсрэгээрээ Улсын Бага Хурлын гишүүн энэ үйлдэлдээ ичин, чөлөөлөгдөж байжээ. Харин Н.Оюундарь гишүүн “Тэр мөнгийг чинь төлчихнө, за” гэх ухааны юм ярингаа үсээ шидээд, алга болж байгаа юм.  ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авч өгсөн Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Ундармаа, Б.Батзориг нарыг өнөөдөр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт өг гэвэл тэд дуугаараа “Өгөхгүй” гэж хариулахаар байна. Ёс зүйн хувьд 1991-2018 оны хооронд ийм зөрүү үүсчээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын ББСБ-ын актив 23 тэрбум төгрөгт хүрчээ. Тийм байхад 950 сая төгрөгийн зээлийг фермийнхээ нэр дээр авах хэрэг байна уу. Энэ бодит хэрэгцээ мөн үү гэх асуулт эндээс гарна. Я.Содбаатар сайдын тухайд ч тэр, долоо хоногийн 2.5 сая төгрөгийн үнэтэй “тасарчихсан” сувилалдаа  төслийн зээл авсан. Тэр газраа Я.Содбаатар сайд “хармаандаа хийгээд мартсан зүйл” аятай, сайн санахгүй байгаа ухааны юм ярьсан нь олны дургүйцлийг хүргэсэн юм.

Төгсгөлд нь, МАН үнэмлэхүй олонхи болсон энэ үед УИХ, Засгийн газрын нэр хүнд гойд унаж байгаа нь тэдний энэ мэт увайгүй үйлдлээс улбаатай гэдгийг сануулъя. Яагаад прокуророос ирж буй түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ нь хүлээж авч болдоггүй юм бэ. Яагаад зээл авсан гэдэг нь зарлагдчихаад байхад нэр бүхий УИХ-ын гишүүд гүлдийгээд суугаад байгаа юм бэ гэдэг асуултууд өнөөдөр хариултаа нэхсээр байна.

Тэд ингэж гүрийж болох ч нийгмийн уур амьсгалыг хааш нь чирж буйгаа эрүүл ухаанаар тунгааж бодох хэрэгтэй билээ. Парламентад үнэмлэхүй олонхи болно гэдэг бол улс төрийн намд цөөхөн тохиох аз зашваан. Харин тэр цаг үеэ хэрхэн ашиглахаас  хамаарч ирээдүй нь бас тодорхойлогдоно гэдгийг мартаж болохгүй.

Ж.МЯДАГБАДАМ

medee.mn