Засгийн газрыг унагах асуудлаар МАН-ынхан УУЛЗАЛТУУД хийж эхэлжээ

Засгийн газрыг унагах асуудлаар МАН-ынхан УУЛЗАЛТУУД хийж эхэлжээ

11 сарын өмнө

ЖДҮХС-г тойрсон асуудлаас үүдэж, өчигдөр Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлөв. Түүнийг сайдаас чөлөөлсний дараа УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлаар эрх баригч намын бүлэг саналаа нэгтгэсэн юм. Бүлэг дээр санал хураалт явагдаагүй. Гэхдээ “Б.Батзоригийг парламентаас явуулахгүй” гэж тохирцгоожээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас өмнө чуулганы индэр дээрээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Тун удахгүй би намаа шинэчилнэ. Энэ чиглэлд намын гишүүдээсээ дэмжлэг хүснэ. Дараа нь ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Тэгээд чадахгүй бол өөрөө огцорно. Зээл авсан гишүүд  ард түмнээсээ уучлал гуйж, зээлээ төлөхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй. МАН-ын Бага хурлыг зарлаж, гишүүдэд хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн юм.

Тиймээс ч бүлгийн хуралдааны үеэр “Намын дарга байж чуулганы индэр дээрээс 65-ын бүлгийг муухай харагдууллаа” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг гишүүд нэлээд шүүмжилжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Та нар намайг огцруулах гээд үзээрэй. Тэглээ гээд би та нарын тэр зээл авсан асуудалтай чинь эвлэрэхгүй. Би 2020 онд тойрог хуваарилахдаа энэ бүхнийг бодолцоно” гэхчилэн “адраад” авчээ.

Улмаар тус бүлгийн хурлын дараа ЖДҮХС-гаас зээл авсан зарим гишүүд болон 32-ын бүлгийнхэн нэгнийхээ өрөөнд далдуур байдлаар уулзсан байна. ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүд “Засаг унагаах асуудлаар Ерөнхий сайдад шахалт үзүүлэх талаар санал солилцсон гэх мэдээлэл байна. Харин 32-ын уулзалтаар “Ерөнхий сайдыг чуулганы индэр дээрээс болчимгүй байдлаар дуугарлаа” гэж шүүмжилжээ.

Өчигдөр чуулганы хуралдааны үеэр сөрөг хүчний зүгээс “У.Хүрэлсүхийн танхим тэр чигтээ огцрох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Сөрөг хүчний энэ саналыг О.Баасанхүү гишүүн дэмжихээ хэлсэн билээ. Хэрэвзээ, МАН-ынхан дахин дотооддоо хагарч, Засгийн газраа унагаах асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлбэл, тоо нь хурдан гүйцэх өндөр магадлалтай байгаа юм.

МАН доторхи эх сурвалжуудын зүгээс “Засгийн газрыг огцруулах асуудлаар гарын үсгийг яг албан ёсоор цуглуулж эхлээгүй. Гэхдээ гарын үсэг цуглуулах талаарх уулзалтууд болж байгаа нь үнэн. ЖДҮХС-гийн мэдээлэл сөхөгдсөнтэй холбоотой гишүүд Засгийн газарт уурласан байгаа. Шууд огцруулж чадахгүй байж мэдэх ч Засгийн газарт шахалт үзүүлэх хэрэгтэй байгаа” гэх мэдээлэл өгч байна. Засгийн газрыг огцруулах асуудлаар уулзалт хийж буй гишүүдийн нэрсийг бид удахгүй хүргэх болно.

Ж.МЯДАГБАДАМ

medee.mn