​Д.Ангар: Хамгийн том хүүлэгч нь УИХ-ын гишүүд өөрсдөө болж хувирсан

​Д.Ангар: Хамгийн том хүүлэгч нь УИХ-ын гишүүд өөрсдөө болж хувирсан

7 сарын өмнө

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа. Бидний яриа нийгмийн анхаарлыг татаад буй Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн зээл болон зээлийн хүү бууруулах асуудлын хүрээнд өрнөлөө.

-ЖДҮХС-гаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий этгээд зээл авсан асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Зарим гишүүн ЖДҮХС-гаас авсан зээлээ ББСБ руу  оруулж, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн асуудал хөндөгдлөө. Санхүүгийн зах зээлийн шинжээчийн хувьд ЖДҮ-ийн зээлийг зориулалтын бусаар ББСБ руу оруулсан байх боломжтой гэж харж байна уу?

-Сүүлийн хоёр долоо хоногийн хамгийн халуун сэдэв ЖДҮХС-гийн зээлийн асуудал байна. Хоёр асуудлын сэжүүр олон нийтэд ил боллоо. Нэгд, дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид очих ёстой хөнгөлөлттэй эх үүсвэрийг том дарга, сайд нар, УИХ-ын гишүүд дээгүүрээ хулгайлаад авдаг нь ил боллоо. Энэ бол том асуудал. Гэтэл үүний хажуугаар зорилтот бүлэгтээ очих байсан бага хүүтэй эх үүсвэр нь ББСБ, ломбардаар дамжиж, мөнгө угаасан байж болзошгүй асуудал гарч ирж байна. Жилийн гурван хувиар зээл авах ёстой байсан иргэд жилийн 30, 40, 50 хувийн хүүтэй зээл авч, эрх баригчид нь иргэдээ ядууруулж, хүүлсэн асуудал яригдаж байна. Миний хувьд хөрөнгийн зах зээлийн шинжээч учраас ямар УИХ-ын гишүүн зээлсэн эх үүсвэрээ ББСБ руу оруулж, хэдэн төгрөг угаасныг нь мэдэхгүй. Үүнийг тогтоох байгууллага нь төр өөрөө. Хууль, хяналтын байгууллагууд шалгаж байгаа гэдэгт итгэж байна. Харин надад хардлага бол байгаа.

-Танай сошиал хаягаараа дамжуулан ББСБ-уудын хөрөнгө гэнэт өссөн байна. Үүний цаана ЖДҮ-ийн зээлийн эх үүсвэр ББСБ руу орсон байхыг үгүйсгэхгүй гэсэн утгатай зүйл бичсэн байсан.  Дэлгэрүүлж тайлбарлаж болох уу?

-Ямар ч салбарт эдийн засгийн орчин нөхцөлөөс хамаарч бизнес нь өсч, буурч байдаг. Гэхдээ ББСБ-ын зах зээлийг харахаар сүүлийн хоёр жил нийт хөрөнгө нь гэнэт 40-50 хувиар огцом өссөн байна. ББСБ хөгжиж, хувьцаа эзэмшигчид дүрмийн сангаа нэмж болно. Харин нэмлээ гэхэд хоёрхон жилийн дотор өмнөх өсөлтөө 2-3 дахин давсан байгааг хараад нөгөө гулгуулсан хөнгөлөлттэй эх үүсвэр ББСБ руу орж, өндөр хүүтэй зээл болж угаагдсан байх гэсэн хардлага байна. Гэхдээ би ганцаараа ингэж хардаагүй юм байна гэдгийг үйл явдлууд нотолж байгаа. Надад бодитой баримт байхгүй учраас тэнцвэргүй мэдээлж магадгүй. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо гурван УИХ-ын гишүүн нэг, нэг тэрбум төгрөгөө нийлүүлж байгаад ББСБ байгуулж, мөнгө угаасан байна гэж ярьсан. Монгол Улсын Ерөнхийлөгчид хууль хяналтын байгууллагаас мэдээлэл очиж байгаа  учраас миний харыг тодорхой хэмжээнд нотолсон. Мөн өнгөрсөн лхагва гаригт Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үед Улсын Ерөнхий  прокурор М.Энх-Амгаланаас сэтгүүлчид “УИХ-ын дөрвөн гишүүн ЖДҮХС-гаас авсан зээлээрээ ББСБ байгуулж, мөнгө угаасан гэдэг үнэн үү” гэхэд “Энэ асуудлыг шалгаж байна” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, "худлаа" гэж хэлээгүй. Тэгэхээр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор нь ийм зүйл ярьж байгаа учраас мөнгө угаасан гэж үзэх үндэслэлтэй. Ийм баримтууд байгаа учраас жирийн иргэд, хөндлөнгийн шинжээчдэд жилийн гурван хувийн хүүтэй эх үүсвэр нь ББСБ, ломбард руу орж, эргээд 50, 60 хувийн хүүтэй, ломбард руу орсон бол 200-300 хувийн хүүгээр иргэд, аж ахуйн нэгжийг хүүлсэн асуудал болж хувирна. Энэ бол шууд гэмт хэрэг.  Өөрийн мөнгөө хүүлсэн бол өөр асуудал. Харин төсвөөс хуваарилдаг татвар төлөгч, олон нийтийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж,  дээр нь иргэд олон нийтээс хүү хүүлсэн бол 5-8 жилийн ялтай гэж сонссон. Энэ асуудал  дээр хууль хяналтын байгууллагууд эцсийн бодитой дүгнэлтийг хийх болов уу.

-Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ руу зориулалтын зээлийн эх үүсвэр болон бусад бохир мөнгө орох боломжгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ үнэндээ СЗХ нь ББСБ руу цэвэр мөнгө орж байна уу, бохир мөнгө орж байна уу гэдгийг шалгах боломжтой юу?

-СЗХ бол хууль хүчний байгууллага биш, иргэний зохицуулалтын байгууллага. Тайлан мэдээ авч, зөрүүтэй тоон мэдээлэл дээр ажилладаг. Мөнгөний эх үүсвэрийг шалгах эрх байхгүй. Дээр нь, гурван жилийн өмнө гаргасан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар ямар ч хүн компанийн дүрмийн сангаа нэмэх, шинээр хөрөнгө оруулахдаа эх үүсвэрээ тайлбарлах шаардлагагүй болгосон. Тухайн нэг хүн ББСБ-ын эх үүсвэрээ 2 тэрбумаар нэмэхэд СЗХ-оос ямар эх үүсвэрээр нэмэгдүүлснийг асуухад урдаас нь хуулиа харуулаад орлогоо тайлагнах албагүй гэдэг. СЗХ энэ хуульд захирагдаж, ийм л тайлбарыг авна. Ер нь тоон үзүүлэлтүүдийг нь л харахад  ЖДҮ-ийн сангаас гулгуулсан мөнгө ББСБ руу орсон гэх хангалттай үндэслэл байгаа. Жишээ нь, 2016 онд ББСБ-ын дүрмийн сан 600 тэрбум байсан. Өнөөдөр ББСБ-уудын дүрмийн сан 1.2 их наяд төгрөг буюу хоёр дахин нэмэгдсэн. ББСБ үйл ажиллагаа явуулаад 10-аад жил болж байхад дүрмийн сан алгуурхан, жигд өсөлттэй буюу 0-600 тэрбум болж өсч байгаад гэнэт жилийн хоёр жилд 1.2 их наяд болно гэдгийн цаана ямарваа нэгэн гоц үйл явдал болоод байна л гэсэн үг. Үүнийг эдийн засгийн ямар нэгэн суурь хүчин зүйлээр тайлбарлах боломжгүй. Эдийн засаг 5 хувиар өссөн бол зээлийн эдийн засаг таван хувиар л өснө.  Гэтэл  ББСБ-ын хөрөнгө 100 дахин өссөн байна.  

-Иргэд, эдийн засагчид ЖДҮХС-гаас гишүүд, сайд нарт олгосон зээлийг “Алдагдсан боломж” нэрлэж байна. Хэрвээ зорилтод хэсэгтээ хүрсэн бол олон мянган иргэн ажилтай, бизнес нь өргөжих байсан гэж тайлбарлаж байна. Таны хувьд ямар тооцоолол хийв. Жишээ нь, ЖДҮ-ийн гишүүдийн авсан зээлийг танай салбарынханд олгосон бол юу бүтээж, хийж болох байсан бэ?

-Миний бие Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гээд 2015 оноос компани байгуулан ажиллаж байгаа. Ний нуугүй хэлэхэд, энэ бизнес маань ажилчдынхаа цалинг ч нэмэх хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байна. Ажилчдынхаа цалинг тавьж, үр ашигтай ажиллахын тулд давхар “Новел лизинг” гээд компани байгуулж, зээлийн зах зээл рүү орж ажиллалаа. Автомашин, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгодог. Манай дээр ирж зээл авч хүмүүсийг харахаар нөгөө л жилийн гурван хувийн зээлд хамрагдах ёстой иргэн, аж ахуйн нэгжүүд байна. 10, 20 саяын эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх, бизнесээ өргөжүүлэх, тоног төхөөрөмж худалдан авах, гаалиас бараа татах хэрэгтэй байна манайхаас зээл авах гээд ирж байна. Өнөөдөр ББСБ бичил санхүүгийн зээл нь сарын 5-6 хувийн хүү буюу жилийн 60-70 хувийн хүүтэй. Уг нь жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс сарын 5, 6 хувийн хүүтэй биш, жилийн гурван хувийн хүүтэй зээл авах байсан шүү дээ. Хэрвээ зорилтод бүлэг нь жилийн гурван хувийн хүүтэй зээлээ авсан бол санхүүгийн зах зээл дээр жинхэнэ өрсөлдөөн явах байсан. ББСБ, ломбардууд эх үүсвэр гарахгүй болохоор хүүгээ бууруулах боломж гарах байсан. Хамгийн харамсалтай нь, ихэнх том ББСБ, ломбард, хадгаламж зээлийн хоршооны ард ихэвчлэн манай УИХ-ын гишүүд өөрсдөө байдаг. Хамгийн том хүүлэгч УИХ-ын гишүүд өөрсдөө болж хувирсан. Учир нь дандаа хүүлэлтийн бизнес эрхэлдэг. Энэ талаас нь харвал жижиг аж ахуйн нэгжид очих ЖДҮ-ийг дэмжих зээл нь УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь бизнесийг ашиггүй болгох гээд байсан. Аж ахуйн нэгжүүд гурван хувийн хүүтэй зээл авчих учраас 50, 60 хувийн хүүтэй зээлийг нь авахгүй шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө өндөр хүүтэй бизнесийг хамгаалах гэсэн оролдлого хийж, жижиг аж ахуйн нэгжүүдэд очих зээлийг хулгайлсан гэж харж байгаа.

Хэрвээ Монгол Улсад хууль, ёс зүй зөвөөр хэрэгждэг байсан бол ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон УИХ-ын гишүүдийг бүгдийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж, шүүхээр асуудлыг нь шийдэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг басамжилж байна. Уучлалт гуйхгүй байна, зээл авснаа зөвтгөж байна, зарим нь нэг өдрийн дотор төлчихөж байна. Нэг өдрийн дотор төлчих чадвартай юм бол анхнаасаа зээл авах шаардлагагүй л иргэн, аж ахуйн нэгж гэсэн үг. Гэтэл өнөөдөр 20, 30 бүр таван сая төгрөгийг зээл авч чадахгүй ББСБ-аас жилийн 50, өдрийн 3 хувийн хүүтэй зээл авч байгаа иргэд олон байна шүү дээ. Тиймээс Монголын ард түмэн эрх мэдлээ ашиглаж зээл авсан гишүүд, сайд дарга нарыг уучилж болохгүй, хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Энэ асуудал нь зөвхөн урдуур ороод зээл аваад буцааж төлж байгаадаа бус, олон мянган иргэн, аж ахуйн нэгжийн боломжийг хаасанд бухимдаж байна.

-ЖДҮ-ийн зээлийг банкаар дамжуулаагүйгээс зорилтод хүндээ хүрсэнгүй гэх. Гэхдээ өмнө нь банкаар дамжуулж байсан. Мөн л танил тал, мэдээлэлд ойр байдаг хүмүүс авдаг байсан байх талтай. Ер нь тусгай сангуудын зээлийг хаагуур дамжуулж олгох нь хамгийн оновчтой вэ?

-Банкаар, төрөөр дамжуулах хооронд зарчмын ялгаа байхгүй. Төрөөр дамжуулж олгож болно. Хамгийн гол нь зорилтод хүндээ очих дүрэм нь тодорхой байх ёстой. Банкаар олговол сайн гэж туйлшраад байна. Хуучин төр банкинд эх үүсвэрээ гурван хувийн хүүтэй шилжүүлчихдэг байсан. Гэтэл банк зорилтод хүнд зээл гаргахгүй, тухай, эх үүсвэрийг хувьдаа ашиглах тохиолдол байсан. Нөгөө талд банкинд ажилладаг хүмүүс буюу мэдээлэлд ойрхон хэсэг нь өөрсдөө авчихдаг. Үүнийг нь засах гэж төр өөртөө шилжүүлсэн чинь улам замхарчихлаа л даа. Төр мэдэлдээ байлгаад, хамгийн гол нь засаглал болон олон нийтийн хяналтыг сайжруулж, дүрэм, журмаа тодорхой болгох ёстой. Жижиг дунд  гэдэг зах зээлээ тодорхой болгох хэрэгтэй. Гэтэл Монголын хамгийн том компанийн захирлууд, баян тансаг амьдралтай сайд дарга нь энэ зээлийг тэрбум, тэрбумаар нь авсан байна. Жижиг дунд аж ахуйн нэгжид нэг тэрбум хэрэггүй ш дээ. Шингээж ч чадахгүй. 20, 30, 50, 60 саяар л зээл хүсдэг. Энэ л дүрмээ тодорхой болгож, хяналтаа сайжруулчихвал төрд байхад асуудалгүй шүү дээ.

-ЖДҮ-тэй холбоотой асуудлаар нийгмийн бухимдал гүнзгийрсээр байгаа. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр шийдээсэй гэж хүлээж, шаардаж ч байна. Тэгэхээр хоёулаа энэ сэдвийг хаагаад өөр сэдэв рүү орье. 

-Тэгье ээ. Хууль хяналтынхан энэ асуудалд шударга хандаж, шийдээсэй гэж хүсч байна.

Дэлхий дээр гаднын банк оруулдаггүй улс бол Хойд Солонгос, Монгол хоёр л байна

-Таны хувьд арилжааны банк, ББСБ-ын зээлийн хүүг бууруулах ёстой гэж ярьдаг. Өнөөдрийн эрх баригч МАН хүртэл зээлийн хүүг бууруулах амлалт гарч ирсэн. Гэтэл УИХ зээлийн хүүг бууруулах хоёр ч хуулийн төсөл хэлэлцсэн ч дэмжигдсэнгүй. Улс төрийн сонгуулиас хойш бараг гурван жил болоход зээлийн хүү хэдэн хувиар буурав?

-Зээлийн хүү буурахгүй байгаа шалтгаан нь тодорхой юм байна лээ. Манай УИХ-ын гишүүд өөрсдөө хүүлэгч болсон. Хүүлэлтээсээ салахыг хүсэхгүй байна. Жилийн өмнө УИХ арилжааны банк болон ББСБ-ын зээлийн хүүд дээд хязгаар тогтоох хуулийн төслийг хэлэлцсэн. Уг төслийг маш олон УИХ-ын гишүүн эсэргүүцсэн. Зээлийн хүүг төрөөс захиргаадаж буулгаж болохгүй, тэгэхийн бол ард иргэдэд зээл олдохгүй, жинхэнэ хямрал болно гэж ярьж байсан. Гаднаас нь сонсоход эрүүл тайлбарууд хэлж байсан. Гэтэл яг тэгж ярьж байсан УИХ-ын гишүүд  ЖДҮХС-гаас тэрбумаар л зээл авсан байна. Нөгөө талд гишүүдийн ХОМ-ийг харахаар  ихэнх нь  ББСБ, ломбардтай байна. Энэ нь манай УИХ-ын гишүүдийн дүр эсгэсэн, хуурамч байдлыг харуулж байна.

-Гэхдээ зах зээлд зээлийн хүүг бууруулах орчин бүрдсэн үү. Зээлийн хүүд хязгаар тогтоох нь зах зээлийг “боомилно” гээд банкныхан эсэргүүцээд байгаа шүү дээ?

-Бүрдсэн. Зээл бол бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаар тогтох ёстой. Хүүлэлтийн эсрэг хууль гэдэг чинь зээлийн хүүг тогтоох гэсэн агуулгатай биш. Иргэн Дорж, Дулмаад заавал 8 хувиар зээл олго гэж тогтоох гээд байгаа зүйл огт биш. Зээлийн хүүгийн хамгийн дээд хязгаарыг зааж өгч байгаа. Хуулийн төсөлд тусгасан 18 хувийн дээд хязгаар бол хангалттай өндөр тоо. Монголбанкныхан, Банкны холбоотойгоо нийлээд энэ хуулийг их эсэргүүцэж, хоёр судалгаа ярьдаг. Нэг нь Дэлхийн банкны судалгаагаар зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоовол санхүүгийн зах зээл хүндрэлд орно  гэдэг.  Тодорхой хэмжээгээр зөв, би тэр судалгааг нь үзсэн. Гэхдээ тэр судалгаанд зээлийг хүүг жилийн 5, 6, 8 хувь гэж тогтоовол Монголбанкны дарга нарын яриад байгаа шиг асуудал үүснэ. Гэтэл Хүүлэлтийн тухай хуульд жилийн 5, 8-аар тогтоох биш, 18 гээд олон улсын дунджаас хоёр дахин өндөр заасан. Монголбанкныхан ийм хуурамч мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж болохгүй шүү дээ. Хоёрт нь, Монголбанкныхан Кенийн туршлагыг ярьдаг. Кени улс зээлийн хүүд хязгаар тогтоосноос жижиг дунд аж ахуйн нэгжүүд нь зээл авч чадахгүй дампуурсан гэдэг. Бас үнэний ортой. Гэхдээ Кени улс 12 хувиар тогтоочихсон. Монголд 12 хувиар тогтоовол ийм асуудал үүсч болохыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ эрсдэлийг тооцож, хангалттай төвшинд 18 гэсэн өндөр хязгаар тавьсан. Миний харж байгаагаар энэ хуулийг батлахаас өөр аргагүй болсон. Хэрвээ энэ хуулийг УИХ батлахгүй бол ард иргэд тэмцэнэ. Учир нь, өөрсдөө өндөр хүүтэй ББСБ, ломбард ажиллуулж ард иргэдийг хүүлчихээд ард иргэдийн авч байгаа зээлийн хүүг гурав биш, 18 хувиар хязгаарлаад өгөөч гэж байгаа ш дээ. Энэ бол харилцагчийг хэт өндөр хүүлэлтээс хамгаалж байгаа арга шүү дээ.

Эдийн засагч Д.Ангар

-Нөгөө талд зээлийн хүүг бууруулахын тулд өрсөлдөөн үүсгэх ёстой гэдэг. Гэхдээ манай зах зээлийг сонирхох банк, санхүүгийн байгууллага байхгүй байна уу, эсвэл манайхан өрсөлдөгч оруулах хүсэлгүй байна уу?

-Өрсөлдөөнийг дэмжихгүй, боломжийг нээхгүй байна. Манай банкууд гаднын банк орж ирвэл Үндэсний аюулгүй байдал алдагдаж, Монголын бүх иргэд өнгөтэй, өөдтэйгөө хураалгана гэж ярьдаг.  Гэтэл гаднын банк оруулдаггүй улс  Хойд Солонгос, Монгол хоёр байна. Бусад улсад гаднын банк үйл ажиллагаа явуулснаараа эдийн засаг нь дампуурч, ҮАБ нь алдагдаж, аж ахуйн нэгж нь өрөнд орсон юм алга. Харин ч гаднын банк орж ирснээр зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болгодог. Зээлийн хүүг яаж буулгах вэ гэвэл өрсөлдөөнөөр л бууруулна. Тиймээс санхүүгийн бусад арга механизмыг төрийн бодлогоор дэмжих ёстой. Ядаж л дотооддоо компанийн бонд арилжаалах нөхцөлийг төр нээж өгөх ёстой. Бонд гаргасан компаниудаа тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт өгдөг болчих. Хөрөнгө оруулалтын сан болон бондын арилжаа Монголд хөгжихгүй байгаа шалтгаан татвар болон бусад эдийн засгийн хөшүүрэг байхгүйтэй холбоотой. Татвар бол хөгжлийн бодлогын том хэрэгсэл. Татвараар дамжуулан аль зах зээлээ  илүү дэмжиж, хурдан хөгжүүлэх вэ гэдгийг шийддэг.

-Эцэст нь, хөрөнгийн зах зээлийн шинжээчийн хувьд Тавантолгой IPO гаргах асуудлыг хэрхэн харж байгаа вэ. Дотоод болон гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах бэлтгэл ажлууд ид өрнөж байгаа шүү дээ?

-Үнэнийг хэлэхэд, өнөөгийн нөхцөлд "Эрдэнэс-Тавантолгой" IPO гаргах боломжгүйгэж харж байгаа. Учир нь ямар ч засаглалгүй, зах зээл нь, борлуулалт нь тодорхойгүй байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Гэтэл бид өнөөдөр саваа бэлдээгүй л сууна. Саалиа л яриад байна. IPO хийж, хөрөнгө оруулалт татаж, гурван сая иргэндээ ногдол ашиг тараана гээд яриад байгаа. Гэтэл бодит байдал дээр бид өөрсдөө бэлэн биш байна. Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сайд 2018 онд багтааж IPO гаргана гэсэн. Харамсалтай нь, энэ онд багтаах ямар ч боломжгүй. Ирэх онд ч хүндрэлтэй. Хөрөнгө оруулагчид засаглалгүй, ил тод байдалгүй компанийн хувьцааг худалдан авна гэдэгт илтгэл муутай байна. Магадгүй Хятадын төрийн бодлогоор төрийн өмчит компаниуд л сонирхох болов уу.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

itoim.mn