НОЦТОЙ БАРИМТ №1: С.Зоригийг хөнөөсөн гэх Амгаланбаатарын мессежүүдийг тагнуулын ажилтнууд бичдэг байжээ

НОЦТОЙ БАРИМТ №1: С.Зоригийг хөнөөсөн гэх Амгаланбаатарын мессежүүдийг тагнуулын ажилтнууд бичдэг байжээ

11 сарын өмнө

Олон улсын парламентын холбооноос Монголын хууль, хяналт, шүүхийн байгууллагыг эрс буруушаасан мэдээллийг дэлгээд байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаарх тус байгууллагаас гаргасан дүгнэлт нь тун ноцтой баримтуудыг дотроо агуулжээ. Тиймд С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн үйл ажиллагаа, баримтуудаас хамгийн анхаарал татах дүн шинжилгээ, эргэлзээ сэлтийг цувралаар уншигчдадаа задлан хүргэе.

Тагнуулын байгууллага яллагдагч гурван этгээдийг гүтгэн, дарамт шахалт үзүүлсний улмаас тэд хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай гэх дүгнэлт юун түрүүнд анхаарал татсан билээ.

“Хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт, зүй бус арга ашигласан нь” гэх бүлэг дүгнэлтийг олон улсын байгууллагаас шууд онцолсон нь Монголын тагнуул, хууль хүчний байгууллагад өгч буй үнэлгээ гэж үзэх ёстой. С.Зоригийн хэрэгт ял сонссон гурван хүн хуурамчаар хэрэг хүлээсэн гэдгийг ямар үндэслэлээр тэд дүгнэсэн бэ?

Аллага болох үед тухайн гурван этгээд бүгд маш залуу байсан бөгөөд Эрдэнэт хотын гэр хороололд амьдардаг байжээ. Тухайн үед тэдний боловсролын түвшин багаас гадна улс төрийн мэдлэг, оролцоо огт байгаагүй. Мөн тэд Улаанбаатар хотод очиж үзээгүй байсан. Амгаланбаатараас бусад нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.

  • Аллага болох үед Амгаланбаатар 16 настай байсан. Тэрээр түүнийг үрчилж авсан гэр бүлтэйгээ амьдарч байсан бөгөөд сургуулиа хаясан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байв. Амгаланбаатар нь Содномдаржаагийн хөрш, Чимгээгийн хамаатан байжээ.
  • Содномдаржаа нь хэдэн насаар ахмад байсан бөгөөд хөдөө малчин байжээ. Тэрээр Амгаланбаатарын хөрш байсан ба тэд бие биенээ олон жилийн турш

мэддэг байжээ.

  • Чимгээ нь тогоочийн ажил эрхэлдэг байсан ба бага насны хүүхдүүдээ гэртээ

асарч байв.

Содномдаржаа, Чимгээ нарын нэр хэдийд нь мөрдөн шалгах ажиллагаанд гарч ирсэн нь тодорхой бус байна. Гэвч үйл явдлын дараалал дараах байдлаар өрнөсөн нь харагдаж байна. Үүнд: Амгаланбаатар нь таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн хэргээр баривчлагдан, гэм буруутай нь тогтоогдож, цаазын ял авсан байсан. Амгаланбаатар 8 гаруй жил хоригдсоны дараа гэнэт тагнуулын байгууллагын ажилтнуудад бусадтай нийлж, Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн мэдүүлэг өгчээ. Улмаар түүнд оногдуулсан байсан ял 25 жилийн хорих ял болон хөнгөлөгдсөн. Тэрээр өөр бусад олон хэрэг дээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, бусад хүмүүсийг бас давхар нэрлэсэн ижил төстэй мэдүүлгүүдийг удаа дараа өгч байжээ. Хууль сахиулахын ажилтнууд түүнийг бусдыг гэмт хэрэгт буруутгахад ашигладаг нь нэгэнт ил байсан. Тэрээр ялаа бууруулж, шоронгоос гарахын тулд юуг ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн байжээ. Түүний буруутайгаа хүлээсэн бусад гэмт хэргүүдийн талаар өгч байсан мэдүүлгүүд нь үнэн зөв, итгэл үнэмшилтэйд тооцогдож байгаагүй нь сонирхолтой. Зоригийн хэрэг дээр энэ нь эхэндээ мөн л ялгаагүй байв. Учир нь Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн Содномдаржаа, Чимгээ нарыг 2015 онд баривчилж, байдал гэнэт өөрөөр эргэх хүртэл түүнийг тухайн үед Зоригийн аллагад буруутгаагүй байжээ.

Гэтэл тэр гурвыг яллахад ашигласан нотлох баримтуудын ихэнх нь эргээд Амгаланбаатарын анхын мэдүүлэг бүхий нууц баримт нотолгоонуудтай холбогдож байгааг төлөөлөгчид ойлгосон. Гэвч үүнийг баталж чадаагүй.

Амгаланбаатарын худал мэдүүлэгт үндэслэн тагнуулын байгууллага Содномдаржаа, Чимгээ нарыг үндэслэлгүйгээр буруутгасан бөгөөд ямар ч утгагүй нөхцөл байдал, таарч тохирохгүй олон зүйлүүд байгааг төлөөлөгчид мэдсэн. Эдгээр 2 хүний хувийн хэргийг харахад тэднийг уг хэрэгт оролцсон болохыг батлах ямар ч сэдэл, үндэслэлийг төлөөлөгчид тогтоож чадсангүй.

Хэргийг мөрдөж шалгаж, хянан шийдвэрлэх үеэр хариулт авч чадаагүй, маш олон асуулт, асуудал дагуулсан мэдээллийн дотор:

-        Нэг хэсэг үеэс Амгаланбаатар нь Содномдаржаа, Чимгээ нарт шоронгоос зурвас

(текст мессэж илгээж эхэлсэн байна. Эхэндээ Амгаланбаатар өөрийг нь эргэж ирэх болон мөнгө авчирч өгөхийг хүсдэг байжээ. Улмаар тэрээр тэднийг болон гэр бүлийнх нь гишүүдийг сүрдүүлж эхэлсэн бөгөөд Зориг агсны аллагын хэргийг байнга дурдах болжээ. Энэ тухай гомдол ирүүлсээр атал энэхүү үйлдлийг зогсоох болон шалгах чиглэлээр юу ч хийгдээгүй байна. Амгаланбаатар нь уншиж, бичиж бараг чаддаггүй байсныг бодоход түүний утсыг тагнуулын ажилтнууд ашиглаж, утасны цаанаас сүрдүүлэг явуулдаг байсан гэж үзэхээр байна. Мөн хамаатнууд нь утасны байршлыг тогтоох оролдлогуудыг хэд хэдэн удаа хийхэд байршлыг нь шоронд биш, Эрдэнэт хотод зааж байжээ.

-        Содномдаржаа, Чимгээ нарыг баривчлахаас өмнө хэд хэдэн хачин жигтэй үйл явдлууд болжээ. Магадгүй эдгээр нь өөр бусад шалтгаанаар тэдэнд зохиомол хэрэг тохох гэсэн оролдлогууд байсан байж болзошгүй. Тухайлбал, 2015 оны эхээр нэгэн дэлгүүрт тагнуулын нууц ажилтан Содномдаржааг өдөж, зодоон эхлүүлсэн; Чимгээг эмнэлэгт байхад нь түүний гэрийн гадаа цогцос авчирч хаясан гэх мэт. Аллага болсноос 8 жилийн дараа Содномдаржаа, Чимгээ нарын хөрш айл түймэрт шатаж, ослын шалтгааныг цахилгааны доголдлоос үүдэлтэй гэсэн дүгнэлтийг албаны хүмүүс гаргасан байхад тэднийг уг гал түймрээр далимдуулан аллагын хэргийн ул мөрөө устгасан хэмээн мөн буруутгасан. Эрдэнэт хотын Цагдаагийн газар олигарх бүлэглэлийн хяналтад, хараат байдгаараа алдартай гэсэн мэдээллийг төлөөлөгчид мөн олж авчээ.

-        2015 оны 8 дугаар сард Содномдаржаа, Чимгээ нарыг ямар нэгэн анхааруулга, урьдчилж мэдэгдсэн зүйлгүйгээр маск зүүсэн тагнуулын ажилтнууд хүч хэрэглэн баривчилжээ. Тэдний гэр орныг бүрэн нэгжин онгичсон мөртлөө гэр бүлийнхэнд нь баривчилсан тухай ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Гэр бүлийнхэн нь тэднийг олон өдрийн турш эрж хайсан байдаг ба цагдан хоригдож байх эхний үед нь уулзахыг хүссэн ч чаддаггүй байжээ.

-        Хэргийн хариуцлагыг үүрэхийг хүлээн зөвшөөрүүлж, мэдүүлэгт гарын үсэг зуруулахын тулд тагнуулын ажилтнууд Содномдаржаа, Чимгээ нарт асар их дарамт шахалт үзүүлжээ.

  • Содномдаржааг баривчлагдах үед түүнд зориулж тусгай камер бэлдсэн байжээ. Тагнуулын ажилтан түүний хоригдож байсан камерт байн байн ирж, түүнд хэргээ хүлээ, эс бөгөөс хүүхдүүдээ дахин харахгүй шүү гэж хэлдэг байв. Мөн тагнуулын ажилтан Амгаланбаатарыг түүний камерт оруулж, удаа дараа зодуулсан байна. Байцаалтын үеэр Содномдаржаад хэд хэдэн удаа мансууруулах бодис өгсөн ба улмаар түүний эрүүл мэнд доройтсон байна. Нэгэн удаа тагнуулын ажилтан Содномдаржааг Улаанбаатар хотын нэгэн орон сууцанд авчирч, түүнийгээ Зориг агсны гэр гэж хэлэн, байрыг дүрслэхийг түүнээс шаарджээ.
  • Чимгээг мөн адил хэрэг хүлээхийг шаардан, байнгын дарамтад байлгаж байжээ. Амгаланбаатар Чимгээгийн хоригдож байсан камерт шөнийн цагаар орж ирэн, түүнийг хэл амаар доромжилдог байв. Түүний гэр бүлийн гишүүд тэдэнд учруулсан болон учруулсаар байгаа заналхийлэл, айлган сүрдүүлэлт, дарамт шахалтын маш олон жишээг төлөөлөгчдөд ярьсан. Чимгээгийн охин 2016 оны 8 дугаар сард сэжиг бүхий машины ослоор нас баржээ. Хэдийгээр нотлох баримт байхгүй ч гэр бүлийнхэн нь үүнийг зүгээр нэг тохиолдол байсан гэдэгт итгэдэггүй. (Машин замаасаа гарсан. Өөр машин байгаагүй. Жолоо барьж байсан хүн амьд гарсан боловч, Чимгээгийн охин нас барсан. Жолооч ослыг санаатайгаар үйлдсэн, учир нь 2 тэр ослоос хойш тэрбээр ор сураггүй алга болсон гэж Чимгээгийн гэр бүлийнхэн үзэж байв. Жолоочийн цагдаад мэдүүлснээр охин дугуйн доогуур орж, өөрөө осол гаргасан ажээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээгүй байна). Тагнуулын ажилтнууд гэр бүлээс нь урьтаж, охиных нь үхлийн талаар Чимгээд мэдэгдсэн бөгөөд хэрэг хүлээсэн мэдүүлэгт гарын үсэг зурчихсан бол ийм зүйл болохгүй байсан гэж түүнд хэлснийг гэр бүлийн гишүүд нь төлөөлөгчдөд мэдээлсэн. Чимгээг охиныхоо оршуулгад оролцох зөвшөөрөл хүсэхэд түүнийг мөн л хэрэг хүлээхийг шаардан, дарамталсан байх магадлалтай.

-        Содномдаржаа аллагыг хэрхэн үйлдсэн талаараа тайлбарлаж буй дүрс бичлэг бүхий зарим нэгэн нотлох баримтууд үндэсний телевизээр цацагдсан. Тэрхүү дүрс бичлэгт гар утас (1998 онд ашиглагддаггүй байсан) ашигласнаа дурдсан нь үнэмшилгүй бөгөөд тухайн үеийн байдалтай тохирохгүй өөр зүйлүүд олон байсныг төлөөлөгчид мэджээ. Түүнийг албан шахалтаар уг бичлэгийг хийлгэсэн гэдэгт гэр бүлийнхэн нь итгэлтэй байсан. Чимгээгийн хувьд хатуу, хэрцгий дарамт шахалтыг үл хайхран хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон гэдгийг өөрийн зүгээс үргэлж үгүйсгэн, няцааж иржээ.

Дээрх нөхцөл байдлаас харахад, нууц баримт нотолгоо гэж нэрлэгдэж байгаа зүйлүүдийн ихэнхийг тагнуулын албаныхан олон жилийн туршид санаанаасаа зохион хуурамчаар үйлдсэн байх магадлал өндөр байна. Тагнуулын байгууллага шүүхийн өмнө юуг ил болгож, юуг нууцлах тухай шийдвэр гаргах онцгой эрхийг дангаараа эдэлдэг.

Хавтаст хэргийг бүхэлд нь нууцлалаас гаргахаас нааш эрх мэдэл, албан тушаалаа ноцтойгоор урвуулан ашигласан байж болзошгүй тагнуул, хууль сахиулах байгууллагын ажилтнууд үүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүйгээр үг барам, Монголын ард иргэдийн үндсэн эрхийг зөрчсөн дээрх үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байх болно гэдгийг Олон улсын байгууллагаас онцлон сануулжээ.

Ийм тохиолдолд Зоригийн аллагын талаарх үнэн хэзээ ч илрэхгүй. Өнөөдөр Монголд "Зоригийн хэрэг шиг юм болов оо" гэх мэт хэллэгүүд ихээхэн хэрэглэгдэх болсныг төлөөлөгчид онцолжээ. Эдгээр нь "чи алга болно, хэн ч үүнийг хэзээ ч мэдэхгүй" гэсэн утгатай аж. Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид Зориг агсны хэргийг алдаа мадагтай шийдвэрлэсэн нь Монголын ирээдүйд аюултай жишиг тогтоож буй  гэж үзсэн байна.

 

Б.Хурцболд

zindaa.mn