САЙД Н.ЦЭРЭНБАТЫН КОМПАНИ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ

САЙД Н.ЦЭРЭНБАТЫН КОМПАНИ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ

11 сарын өмнө

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгө бол ард түмний мөнгө юм. Яагаад гэвэл ажилгүй иргэдийг орлоготой, ажилтай болгох, эдийн засгаа дэмжих солонгоруулах эх үүсвэртэй сан гэдгийг эрх баригчид мэдэхгүй байна.

Эрх мэдэл албан тушаалаа урвуулан өөртөө давуу байдал тогтоон дээрх сангаас 950 саяас 3 тэрбум хүртэлх төгрөг авсан гишүүд, сайд нарын нэрс ар араасаа тодорсоор байгаа юм. ЖДҮХС-аас зээл авсан арван гишүүн байгаа тэдний наймынх нь нэр тодорсон бол хоёр сайдын нэр ч ил болж,  нэг нь албан үүргээсээ чөлөөлөгдлөө.

Тэгвэл хоёр сайдын араас УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын нэр цойлж гарч иржээ. Түүний 100 хувь эзэмшдэг “Хархираан хөгжил” ХХК дээрх сангаас зээл авчээ.

Тодруулбал, Н.Цэрэнбатын “Хархираан хөгжил” ХХК нь  өнгөрсөн оны есдүгээр сард ЖДҮХС-аас нэг тэрбум төгрөгийн зээл авсан баримт байна. Энэ компани нь түүний ХОМ-т бичигдсэн байна. Мөн “Хархираан хөгжил” компани нь ХХААХҮ-ийн сайдын Малын тэжээлийн хангамжийг сайжруулах тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн А149 тушаалаар 2018 оны наймдугаар сар хүртэл хүүгүй гэрээ байгуулж 600 сая төгрөгийн зээл авсан байгаа аж.

Ийнхүү бас нэг сайдын асуудал хөндөгдөж эхэллээ. МАН-ын бүлгээс зээл авсан гишүүдийг зээлээ яаралтай эргэн төлж, ард түмнээс уучлалт гуйхыг шаардаж байгаа талаараа мэдээлсэн. Сайд Н.Цэрэнбатын хувьд ямар тайлбар хийхийг, зээлээ төлөх эсэхийг цаг хугацаа харуулах бизээ.

О.Сайхан
Оллоо.mn