ЗАСГИЙН ГАЗРЫН БҮХ САНГ ШАЛГАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮХ САНГ ШАЛГАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ

7 сарын өмнө

ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал өндрөө аваад буй. Тэгвэл үүнтэй холбоогдуулан өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ж.Мөнхбат гишүүн “Засгийн газрын сангуудыг Төсвийн байнгын хорооноос шалгах боломж бий юу?” гэж асуув.

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа “Ерөнхий сайд Засгийн газрын бүх санг шалгах захирамж гаргаж, Сангийн яамнаас ажлын хэсэг гараад ажлаа эхлүүлж байна. Үндэсний аудитын газраас шалгалт хийж, Сангийн сайдад бичиг ирсэн. Энэ сангуудыг өөрийн орлогоор нь санхүүжүүлэх ёстой гэдэг саналыг ирүүлсэн байгаа. Ер нь сангуудыг цаашид зөв механизмаар, ил тод, олон нийтийн оролцоог хангаад явуулах шаардлагатай байгаа.” гэлээ.

Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилготой сан олон бий. Засгийн газрын тэдгээр Тусгай сангууд нь:

-Улсын төсвийн хөрөнгө ;

-Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;

-Гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл;

-Хууль, олон улсын гэрээнд заасны дагуу улсын төсвөөс олгох хөрөнгө;

-Гадаадын тусламжийн мөнгөн хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материал, бусад эд зүйл;

-Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;

-Тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого болон бусад эх үүсвэрээс санхүүждэг.

Тэгвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээс үүдэн Ерөнхий сайдын захирамжаар эхлүүлж буй шалгалтанд:

-Байгаль орчин, уур амьсгалын сан;
-Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
-Засгийн газрын нөөц сан;
-Мал хамгаалах сан;
-Нийгмийн даатгалын сан;
-Нийгмийн халамжийн сан;
-Соёл, урлагийг хөгжүүлэх сан;
-Боловсролын зээлийн сан;
-Тариаланг дэмжих сан;
-Улсын авто замын сан;
-Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
-Шинжлэх ухаан, технологийн сан;
-Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан.
-Ирээдүйн өв сан.
-Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
-Олон улсын хамтын ажиллагааны сан.
-Монгол судлалыг дэмжих сан.
-Эрүүл мэндийн даатгалын сан.
-Спортыг дэмжих сан;
-Эрүүл мэндийг дэмжих сан.
-Агаарын бохирдлын эсрэг сангууд хамрагдах байх.

Эдгээрээс тухайлбал 2018 онд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд 0,2 тэрбум төгрөг, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд 0,6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн боловч эдгээр сан нэрэндээ тохирсон үйл ажиллагаа явуулдаг уу, үгүй юу гэдэг ойлголт иргэдэд огт байдаггүй. Ийм нэртэй сан байдаг эсэхийг ч мэддэггүй гэж болно.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан гэдэг нэрийг ч сонсоогүй хүн олон. Жишээ нь энэ сан нь мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулдаг юм байна.

updown.mn