С.ЭРДЭНЭБОЛД: БОЛОМЖИЙГ ИРГЭДЭЭСЭЭ ДЭЭРЭМДСЭН БҮХ ГИШҮҮН ОГЦРОХ ЁСТОЙ

С.ЭРДЭНЭБОЛД: БОЛОМЖИЙГ ИРГЭДЭЭСЭЭ ДЭЭРЭМДСЭН БҮХ ГИШҮҮН ОГЦРОХ ЁСТОЙ

11 сарын өмнө

АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэнг халз ярилцлагад урилаа. Тодруулбал, С.Эрдэнэболд өөрийн цахим хуудаснаа

“Монгол Ардын Намын Залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн Танаа,

Монгол Улс засаглалын доройтолд ороод байна. Гол шалтгаан нь үнэт зүйлсийн хямрал, манлайллын хомсдол. Дарга ангийн хязгааргүй шунал, төсвөө дээрэмдсэн, иргэдийн боломжийг хулгайлсан эх оронч бус харалган үйлдлүүд.

Та бид залуу үеийн хоёр чухал байгууллагыг толгойлж байна. Нүдэн дээр шударга ёс уланд гишгэгдэж, нийгэмд хар бараан үйл явдлууд шил шилээ дарсан ийм үед чимээгүй хараад суух эрх хэн хэнд маань байхгүй.

Тиймээс шинэчлэлийн зарчим дээр залуус тууштай зогсох ёстой. Бурангуй алдаа, гэмт үйлдлүүдийг таслан зогсоохын тулд залуусаа манлайлан та бид түлхүү ажиллах хэрэгтэй байна. Жижиг дундын зээлийн "боломжийг иргэдээсээ дээрэмдсэн" УИХ-ын бүх гишүүд болон бусад дарга нар нам харгалзахгүй огцрох ёстой. Хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

Би таныг хүндэтгэлтэйгээр халз ярилцлагад урьж байна. Телевизээр байх нь зөв болов уу. Шийдэл ярья, эрүүл жишиг тогтооё.

Маргааш эхлэх долоо хоногт цаг тохирч уулзъя. Халз ярилцлага болохоос 24 цагийн өмнө хаана, хэзээ гэдгээ нарийн тогтъё!

Маргааш албан бичгээр дээрх саналаа хүргүүлэх болно. Хариуг шуурхай ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн,

Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд

(Жич: энэ бол шинэ соёл авчрах, цэвэр ажил хэрэгч урилга бөгөөд хүмүүс улс төржүүлж хэн нэгний нэр төр, алдар хүндэд зүй бусаар халдахгүй байхыг хүсье)” хэмээн нийтэлсэн юм.

С.Эрдэнэболд нь 1983 оны хоёрдугаар сарын 2-нд Дархан-Уул аймаг мэндэлсэн. Тэрбээр 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохиогдсон Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын 7000 гаруй төлөөлөгчөөс 4438 хүний санал авч 63.4 хувийн санал авч АЗХ-ны ерөнхийлөгч болсон юм. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.

Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь 2015 оны зургадугаар сарын 22-нд НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тухайн үед тэрбээр Уул уурхайн дэд сайд байсан юм. Тэрбээр тус холбооны ерөнхийлөгчөөр болохоосоо өмнө буюу дөрөвдүгээр сард болсон НАМЗХ-ны бага хурлаар ерөнхий нарийн бичгээр томилогдож байв. Түүний өрсөлдөгчөөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ гишүүн нар байсан юм. Г.Тэмүүлэн 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр, 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр зэрэг хамгаалжээ.

Харин иргэдийн зүгээс дэмжиж буйгаа цахим хуудсаар илэрхийлсэн байгаа. тодруулбал “Дэмжиж байна. Нам харгалзахгүйгээр залуучууд үзэл бодлоо солилцож, нийгэм дахь шударга бус, бурангуй зүйлийг таслан зогсоох хэрэгтэй”, “Цаг үеэ олсон, зөв шийдэмгий санал гаргажээ. Мэтгэлцээний урилгыг хүлээн авбал амжилт” хэмээн сэтгэгдлээ үлдээсэн хүмүүс олон байна. Одоо Г.Тэмүүлэн С.Эрэдэболдын саналд хэрхэн хариу өгөхийг харах л үлдлээ.

Р.Хишигжаргал

24tsag.mn