ТУГ ТАХИСАН САЙДЫНХАА ЗЭЭЛИЙГ НЬ ЗААВАЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЖ, ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭ

ТУГ ТАХИСАН САЙДЫНХАА ЗЭЭЛИЙГ НЬ ЗААВАЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЖ, ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭ

11 сарын өмнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим хоёр ч сайдаараа туг тахилаа. Гаргасан алдааных нь хариуцлага гэж харж байж болох юм. Гэхдээ хариуцлагагүй байж эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан Б.Батзоригийг сайдын суудлаас нь чөлөөлөөд орхих бишээ, авсан зээлийг нь заавал эргэн төлүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь ёстой.

Яагаад гэвэл авсан зээлээ зориулалтын бус зүйлд зарцуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байгаа талаар Ерөнхийлөгч хэлсэн юм.

МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргаж, өөрөө ч сайдын ажлаа өөрийнхөө хүсэлтээр өгч байна гэсэн ганцхан өгүүлбэртэй хэвлэлийн хурал хийсэн нь инээдмийн жүжиг.

Гэхдээ нэг сайдаараа туг тахиад өнгөрч болох амархан асуудал гэж арай эндүүрээгүй байх. Өмнө нь хүн амины хэрэгт мөн л нэг сайдаар асуудлыг хаацайлаад өнгөрсөн. Өнөөдрийг хүртэл хэрэг нь нэг мөр шийдэгдээгүй байна.

Тиймээс энэ удаад мөнгө өгсөн, олгосон нь бурууддаг бол түүнийг өөгшүүлсэн, мөнгийг авсан, гуйсан, хүчилсэн, хувааж идсэн нь зүгээр өнгөрөх ёсгүй. Тэд албан тушаалаа ашиглан өөрсдийнхөө эцэг, эхнэр, дүү гээд хамаарал бүхий компаниуддаа зээл авч өгсөн нь тогтоогдлоо.

Албан тушаалаасаа огцорч байна гээд тонгойж уучлалт гуйгаад өнгөрч болдог асуудал биш, ард түмэн, татвар төлөгчдийн мөнгийг хулгайлсан нь яах аргагүй гэмт хэрэг. Тэд бөхийж уучлалт гуйгаад яах юм бэ, ууж идэж хөрөнгөжсөн, хэдэн үеийн хөрөнгө мөнгөө хураасан улс. Харин ард нь ядарсан түмэн олон ядуу чигээрээ л байна.

Тэрбум тэрбумын хөрөнгөтөй, өөрсдийгөө тэнгэрийн амьтад гэж гайхуулан зарладаг атлаа хулгай хийхдээ гаршсан нөхдүүдийг ард түмэн уучлахгүй. Албан тушаалаа өгчихлөө, хариуцлага тооцчихлоо гэж ч бодох хэрэггүй юм. Нэг сайдаараа туг тахиж, нөгөө гишүүдийнх нь зээлийг эргэн төлүүлнэ гэсэн утгыг  МАН-ын бүлгээс мэдэгдсэн. Тэгэхээр Б.Батзориг сайдын суудлаасаа буугаад л болчих юм байна гэсэн ойлголт олон нийтийн дунд бий болж.

Энэ хүний авсан зээлийг нь заавал эргэн төлүүлээрэй. Ард түмэн мунхаг улс биш шүү. Ядуу ч гэсэн хүний амьдрал шүү гэж нэгэн кинонд хэлдэг шиг тэдэнд бас зүрх зориг, тархи гэж байдаг юм.  Ингэж дээрэлхэж болохгүй. Яагаад гэвэл зохион байгуулалттай гэмт хэрэг хийж улсын төсвөөс 50 тэрбум төгрөг завшсан асуудлыг зүгээр нэг албан тушаалтай нь яриад өнгөрөөж боломгүй санагдана.

Алдаа гаргаж, эсвэл авлигад “идэгдсэнийхээ” дараа нь баригдахаараа уучлалт гуйна. Уучлалт гуйснаар бүх зүйл дуусахгүй. Харин ч албан тушаал урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний мөнгө хулгайлсан хэргээр шалгах үндэслэлтэй юм.

О.Сайхан
Оллоо.mn