Б.АМАРХҮҮ, Б.ГАНДАВАА ХОЁРЫГ ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРЛАА

Б.АМАРХҮҮ, Б.ГАНДАВАА ХОЁРЫГ ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРЛАА

11 сарын өмнө

Дуучин Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болов.

Тодруулбал, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцлээ. Улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Б.Амархүү, Б.Гандаваа нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдааныг энэ сарын 12-ны өдрийн 15.00 цагт хийхээр товложээ.

Тэд өнгөрсөн өвөл сэтгүүлч, хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож биед нь гэмтэл учруулсан хэргээр ийнхүү шүүгдэх нь тодорхой болов.

Өчигдөр хурлыг сурвалжилж байсан сэтгүүлч, зураглаачдыг дуучин Б.Амархүүтэй хамт явж байсан нэгэн хүн “Шүүх хурал болоогүй байхад хэнийг ч буруутай гэж үзэхгүй. Та муусайн ажилгүй юмнууд” хэмээн доромжилжээ. Мөн тэрбээр “Хэвлэлийнхэн зураг дараад байна. Яах уу” гэж Б.Амархүүгээс асуухад хариуд нь дуучин залуу “яахав, яахав дарж л байг” гээд машиндаа суугаад явжээ.

О.Сайхан
Оллоо.mn