Түлэнхийн төвийн шинэ барилгад шарил хадгалах байр барих газрыг заржээ

Түлэнхийн төвийн шинэ барилгад шарил хадгалах байр барих газрыг заржээ

11 сарын өмнө

-ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН БАРИЛГЫГ ШИНЭЧЛЭХ АСУУДАЛ 18 ЖИЛИЙН
ТУРШ ЯРИГДАЖ БАЙНА-

Түлэнхий төвийн шинэ барилгын ажлын талаар яриа эхлээд хорин он болох гэж байна. Аль 2000 оноос эхлэн тус төвийн барилгыг шинэчлэх асуудал яригдаж эхэлсэн байдаг. Улмаар 2005 оноос барилга цуурч нурж эхэлснийг үндэслэн 2009 онд хуучин барилгыг буулгасан. Үүнээс хойш буюу 2006 оноос эхлэн түлэнхийн төв Мөнгөнгүүр эмнэлэгт өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан ч түрээсийн төлбөр өндөр байснаас Гэмтэл Согог судлалын үндэсний төвд үйл ажиллагаа явуулах болсоор өдий хүрлээ.

tulenhii2015 онд Түлэнхийн төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлсэн боловч хөрөнгө санхүүгийн асуудлаас болж хоёр жил гаруй хугацаанд зогссон. 2017 онд Кувейтийн Засгийн газрын найман сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болж, барилгын ажил үргэлжлэх боломж бүрдсэн.

Тэр цагаас хойш Кувейтийн засгийн газрын санхүүжилтээр энэ төвийн барилгыг барьж байгаа учраас барилгын ажил хэвийн үргэлжилж байгааг салбарынхан хэлдэг. Одоо хуучин барилгын суурин дээр гурван хэсгээс бүрдэх долоон давхар өндөртэй шинэ эмнэлэг сүндэрлэн босохоор барилгын ажил явагдаж байна.

Тус барилгын А блок нь таван давхар бөгөөд амбулатори байрлах юм байна. Тус хэсгийн барилгын ажлыг “Цаст” констракшин гүйцэтгэж байгаа бөгөөд 70 хувийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна. Б блок буюу эмнэлгийн барилга нь долоон давхар бөгөөд “Нутгийн зам” групп гүйцэтгэж байгаа аж.

Тус барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Харин С блок буюу шарил хадгалах барилгын хэсэг нь баригдаж эхлээгүй байгаа аж. Өнгөрөгч долдугаар сард салбарын сайд Д.Сарангэрэл “Түлэнхий төв есдүгээр сарын 30 гэхэд ашиглалатад орох тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яриад зогсч байсан билээ. Гэтэл өнөөдөр тал барилгаа яагаад барьж чадахгүй болоод гацаанд орчхов гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг дахин татаж эхлэв.

Эл мэдээллийн мөрөөр бид “Түлэнхийн төв”-ийн шинэ барилга хэзээ ашиглалтад орох тухай тодруулахыг зорилоо. Тус эмнэлгийн С блокын байр баригдах газарт 16 давхар орон сууц, таван давхар худалдааны төв баригдаж эхэлсэн мэдээлэл байна. Тухайн орон сууцны захиалагч нь “Хамтын шийдэл” ТББ гэдгийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дурджээ.

Түүнчлэн “Эрүүл мэндийн яам, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар “Хамтын шийдэл” ТББ зөвшилцсөний үндсэн дээр газраа хуваасан” сураг ч дуулдав.  Үндсэндээ бол хэн нэгэн том толгойт дарга эмнэлгийн газраас дур мэдэн хумслан хувааж ТББ-д зарснаас болоод ийнхүү бүхэл бүтэн эмнэлэг ашиглалтад орлоо гэхэд шарил хадгалах газаргүйгээр үйл ажиллагаагаа явуулах хүндхэн нөхцөл байдал үүсчээ.

tulenhii

tulenhii

-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР ЭМНЭЛГИЙН ГАЗРААС
ДУР МЭДЭН ХУВААЖ ЗАРЖЭЭ-

Бидний олсон бас нэг мэдээллээр Нийслэлийн засаг даргын захирамжаар “Түлэнхийн төв”-ийн газрын хэсэгхэнээс тасалж “хэн нэгэн” байгууллагад олгочихсон байжээ. Өөрөөр хэлбэл, анх тус эмнэлгийн барилгын зургийг гаргахдаа ийнхүү газрыг хасч төлөвлөсөн байсан аж. Үүний дагуу Эрүүл мэндийн яамнаас Нийслэлийн ЗДТГ-т “Энэ манай Түлэнхийн төв барих газар” гэх утга бүхий албан хүсэлтийг хоёр ч удаа явуулсан байдаг аж. Гэвч хариуд нь “Танай газар биш. “Хамтын шийдэл” ТББ-ын хууль ёсны газар мөн байна” гэх хариулт ирсэн байна.

Энэ тухай Эрүүл мэндийн яамны холбогдох ажилтан “Шинэ Түлэнхийн төвийн барилгын ажил 80 хувьтай явагдаж байна. Газрын маргаанаас болоод шарил хадгалах газаргүй, мөн барилгын ажил удаан хугацаагаар царцсан. Эмнэлгийн газраас хэн нэгэнд олгосныг ЭМЯ мэдээгүй. Одоо барилгын ажил саадгүй явж байгаа учраас, энэ хэвээр үргэлжилбэл яамны зүгээс төлөвлөснөөр 2019 он хоёрдугаар улиралд ашиглалтад оруулах, улсад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа” тухай ярьсан юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Барилгын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Төлөвлөсөн хугацаандаа буюу ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох” тухай товч бөгөөд тодорхой хариултаас өөр мэдээлэл өгсөнгүй.

Нийслэлийн газрын албаны, Сүхбаатар дүүргийн газрын албатай холбогдож тодруулах гэсэн боловч “Ямар ч газрын маргааны асуудал байхгүй. Аль хэдийн шийдэгдсэн асуудал. Хаанаас ямар мэдээлэл авсныг чинь мэдэхгүй юм” гэх хариултаас өөр мэдээлэл өгсөнгүй.

tulenhii

-ОДООГООС ГУРВАН САРЫН ӨМНӨ Д.САРАНГЭРЭЛ САЙД ТҮЛЭНХИЙН ТӨВИЙГ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ТУХАЙ МЭДЭГДЭЖ БАЙВ-

Түлэнхийн төвийн шинэ барилгыг 2018 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрөгч долдугаар сард хэлж байсан үгэндээ “Түлэнхийн төвийн асуудал 2010 оноос улбаатай. Анх 2010 онд түлэнхийн төвийн барилгын ажлыг барьж байгуулъя гэдэг асуудал эхэлж байсан. Харамсалтай нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан ч санхүүгийн асуудал шийдэгдэхгүй явсаар 2005 оныг хүрсэн. Ингээд 2005 оноос барилга нурж эхэлснээр хаахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ үеэс Түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” хувийн эмнэлгийн хажууд байр түрээслэж ажлуулсан байдаг. Гэвч түрээсийн төлбөр өндөр байсан учир Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэг хэсэг болгон ажлуулж байгаа юм.

Ажиллах нөхцөл ачаалал өндөр байгааг нуухгүй. Би өнгөрсөн дөрвөн жил парламентад ажиллаж байхдаа эмэгтэй гишүүдлийн хамтаар Кувейтийн засгийн газрын буцалтгүй тусламжаар төрийн ордон барих 12 сая ам доллараар “Түлэнхийн төв” барих санал гаргаж байсан. Үүний үндсэн дээр 2016 онд Эрдэнэбатын засгийн газар “Түлэнхийн төв” барих шийдвэрийг гаргасан юм. Өнөөдөр Кувейтийн засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Түлэнхийн төв”-ийн барилга амжилттай баригдаж байна. Иймд 2018 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад орно. Санхүүжилтийн асуудал сая хэсэгхэн хугацаанд шийдэгдэлгүй гацсан тал бий. Гэхдээ Сангийн яам шийдэж өгсөн” гэж байв.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

tulenhii

tulenhii

tulenhii

tulenhii

tulenhii

tulenhii

medee.mn