Хүүхдийн өтгөн хатахад юуг анхаарах вэ?

Хүүхдийн өтгөн хатахад юуг анхаарах вэ?

7 сарын өмнө
Юуны өмнө нярай, хөхүүл хүүхэд бүрийн баах давтамж өөр өөр байдгийг ойлгох хэрэгтэй.

Хүүхдийн өтгөн хатахад юуг анхаарах вэ?Зарим хүүхэд хөхөө эсвэл угжаа хөхсөний дараа баадаг байхад зарим нь 2-3 хонож баах нь хэвийн. Баах давтамж, баасны өнгө, тогтоц нь хүүхдийн хооллолт, хэр хөдөлгөөнтэй, хоолоо ямар хугацаанд боловсруулдаг онцлогтой зэргээс хамаардаг тул ийнхүү өөр өөр байдаг.

Эцэг эхчүүд хүүхдээ төрсний эхний хэдэн сард бааж буй хэвийн давтамжийг мэддэг. Энэхүү хэвийн давтамжаасаа хол баахыг өтгөн хаталт гэж ойлгож болно. Ерөнхийдөө 3 ба түүнээс олон хоног баахгүй бол өтгөн хаталт гэнэ. Ингэж хэд хоногоор баахгүй байснаар баас хатуурч түүнийгээ дүлж гаргахад хэцүү болдог.

Түүнчлэн өдөр бүр баах хэрнээ хатуу баас гаргахыг мөн өтгөн хаталт гэнэ. Харин нярай, хөхүүл хүүхдийн хэвлийн булчин хөгжөөгүй байдаг тул баахдаа нүүрээ улайтал дүлэх, уйлах нь хэвийн үзэгдэл юм.

Доорх шалтгааны улмаас өтгөн хатна. Үүнд:

  1. Эслэг агуулсан хоол хүнс идэхгүй байх: Жишээлбэл эхчүүд цагаан будааны кашыг анхны нэмэгдэл хоол болгон өгөх тохиолдолд баас бага зэрэг хатдаг нь элбэг тохиолддог.
  2. Хоолондоо цадахгүй байх, шингэн дутагдах: Жишээлбэл хүүхэд ямар нэг өвчин эмгэгийн улмаас хэд хоног хоолондоо муудах, халуурах зэрэг нь өтгөн хатах шалтгаан болдог.
  3. Өвчин эмгэгүүд: Жишээлбэл бамбай булчирхайн төрөлхийн дутагдал, хоол хүнсний харшил, бүдүүн гэдэс, хошного, нуруу нугасны төрөлхийн гаж хөгжил гэх мэт.

Хүүхэд чинь баахгүй 3 хоновол хэвлийд нь зөөлөн иллэг хийх, түнх, өвдөгний үеэр нь хөлийг нь нугалах-тэнийлгэх дасгал хийх, угждаг бол сүүг нь солих, бага зэрэг цэвэр ус уулгах зэрэг арга хэмжээ авч болно.

Эмчийн зөвөлгөөгүйгээр туулгах эм уулгах, бургуй тавихаас зайлсхийх нь зүйтэй. Дээрх энгийн арга хэмжээ тус болохгүй байх, хүүхэд тайван биш цочромтгой болох, бөөлжих, цустай эсвэл хар баах, цагаан баах, жингээ сайн нэмэхгүй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл хүүхдийн эмч, хүүхдийн мэс заслын эмчид хандаарай!

zint.mn