Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн найдвар болж байна

Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн найдвар болж байна

7 сарын өмнө

"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн мэдээлэл сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байна. Бүсгүйн золгүй үхлийн талаар янз бүрийн таамаг, мэдээлэл хөвөрсөөр. Бид энэ хэргийг тэнцвэртэй, бодитой мэдээлэх үүднээс болсон хэрэг явдлын талаар сурвалжиллаа.

Талийгаач өнгөрсөн Пүрэв гаригт /2018.10.24/ өндөр барилгаас унаж, амиа алдсан байдалтайгаар олджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “KH апартмент” хотхоноос хүн унасан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд аравдугаар сарын 24-ний 17.26 цагт ирсэн аж. Дуудлагыг байрны жижүүр өгсөн бөгөөд талийгаач уг хотхоны "В1" буюу хамгийн захын орцны цонхоор унасан гэж таамаглаж болохоор байжээ.

Талийгаач “Боловсрол” суваг телевизээс хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Mongolia’s next top model” шоуны оролцогч байсан. Хэдийгээр хэрэг Пүрэв гаригт гарсан ч "Боловсрол" суваг телевиз Бямба гаригт Ч.Чамин-Эрдэнийг зуурдаар нас барсанд эмгэнэл илэрхийлж буй мэдээллийг сошиал хаягаараа цацсанаар олон нийтэд ил болсон.

ХЭРГИЙН ГАЗРААС ПИВОНЫ ШИЛ, ТАМХИНЫ ИШ ОЛДЖЭЭ

Хэргийн газрын үзлэгээр талийгаачийн дагзны ар хэсэг 3х1 хэмжээтэй бяцарсан, нуруу их зулгарсан байжээ. Хэргийн газраас 47 кадр зураг, гарын дардас нэг ширхгийг, эд мөрийн баримтаар тамхины гурван иш, нэг ширхэг түлхүүр, I Phone-6 гар утас нэг ширхэг, Winston нэртэй тамхины хайрцаг нэг ширхэг, Kaltenberg нэртэй пивоны шилийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Тухайн өдөр хэргийн газрын үзлэгт цагдаа, шүүх шинжилгээний байгууллагын дөрвөн хүн оролцож улмаар цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд /ШШҮХ/-д хүлээлгэн өгсөн байна.

"МИНИЙ ОХИН ЯАВЧ АМИА ХОРЛОХ ХҮН БИШ"

Цагдаагийн байгууллагаас талийгаачийг гаднын нөлөөтэй амиа алдсан нөхцөл байдал тогтоогдоогүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн анхны дүгнэлтийг гаргаад байна. Ингэхдээ тус хотхоны В1-ийн 11 давхраас унасан гэж үзсэн. Харин талийгаачийн гэр бүлийнхэн дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд ялангуяа эмээ нь түүнийг бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй учраас шаардлагатай бүх шинжилгээг хийлгэнэ гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Талийгаач эмээтэй хамт амьдардаг байсан юм. Ээж Г.Чимгээ нь “Бидэнд охины маань цогцсыг харуулаагүй. Зургаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь том ангайсан, царай нь цонхийсон байсан. Их айсан гэмээр харагдаж байсан. Мөн хоёр өгзөгнийх нь арьс зулгарсан, футболкны баруун мөрөн дээр толбо болсон, цамцных нь зүүн тохойн хэсэг иртэй зүйлээр зүссэн мэт урагдсан гэж харсан. Охиныг маань чирсэн гэж бодож байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Түүнчлэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа талийгаачтай салах ёс гүйцэтгэнэ гэдгээ мэдэгджээ.

Талийгаач “Хурд” группийн барьсан “KH апартмент” байранд эмээгийн хамтаар оршин суудаг байсан. Биднийг тус хотхоны үүдээр ороход харуул хамгаалалт гарчихсан дотогш орсон машин бүрийг шалгаж, хэвлэл мэдээллийнхнийг дотогш оруулахгүйг анхааруулав. Хэсэг хүлээсний эцэст талийгаачийн гэрт орохоор боллоо. Биднийг гэрт ороход ээжтэй нь хамт гурван хүн байсан юм. Хүүхдээ алдаж, нөхөж баршгүй гарз тохиосон үед ярилцах хүнд байлаа. Талийгаачийн ээжээс болсон хэрэг явдлын талаар асуухад хэсэг санаашран “Шүүх эмнэлгийн дүгнэлт гартал яриа өгөхгүй, бидэнд тун хэцүү байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар эргэн холбогдох болно. Миний охин яав ч амиа хорлох хүн биш.  Хэргийн шалтгаан тодорхой болох хүртэл биднийг тайван байлгана уу” хэмээн хоолой зангируулан хэллээ.

Талийгаачийн найз залуу гэгдэх н.Нэмэхбаяр луу утас цохин тухайн өдөр юу болсныг асуувал тэрбээр “Би мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагаас бүх зүйлийг шалгаж байгаа. Тэр болтол юу ч хэлж болохгүй гэсэн. Ямар нэгэн юм ярьж чадахгүй байна, уучлаарай” хэмээн сөөнгөтсөн хоолойгоор хариулаад утсаа салгав.

ХЯНАЛТЫН КАМЕРТ 11 ДАВХРЫН ЛИФТНЭЭС ГАНЦААРАА ГАРЧ  БУЙ БИЧЛЭГ ҮЛДЖЭЭ

Бид талийгаачийн гэрээс гарсан даруйдаа доош буун тус байрны үүдний хамгаалалтын ажилтантай хэсэг хором ярилцлаа. 50 орчим настай хамгаалалтын ажилтны мэдээлснээр талийгаачийг хэдэн цагийн үед гэрээсээ гарсан, аль орц руу орсон бэ гэх бүх бичлэгийг цагдаагийнханд өгсөн гэнэ. Тухайн бичлэгт талийгаач тус байрны захын  “B1” давхраас гаражаар дамжиж гараад ганцаараа цахилгаан шатанд суун,  11 давхрын цахилгаан шатнаас гарч буй нь хяналтын камерт үлджээ. Мөн талийгаачийн үхлийг гаднын нөлөөтэй гэж бодохгүй байгаа, цаад талын орцны 11 давхраас унаж, “МАК” ХХК-ийн хашаанд унасан хэмээн тайлбарлалаа. Харин талийгаачийн амиа алдсан давхрын цонх одоог хүртэл онгорхой байгаа бөгөөд орцны үйлчлэгч нь дээшээ гарч чадахгүй айдастай байгааг мөн хэлэв. Биднийг очиход дээш оруулаагүй боловч доош унасан талбайг харуулж биднйи яриа өндөрлөлөө.

Ч.ЧАМИН-ЭРДЭНЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХОЁР УДАА ШАЛГАГДАЖ БАЙЖЭЭ

Ч.Чамин-Эрдэнэ 1996 онд төрсөн, “Сити” дээд сургуульд сурч байсан аж. “Говь” болон бусад компанийн брэндийн нүүр царай болж, “Монгол Модель” агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байжээ. Мөн “Mongolia’s next top model 2018” тэмцээнд оролцож, үзэгчдээс ихээхэн дэмжлэг авч байв. Түүнийг тэмцээний шилдэг таван оролцогчийн тоонд орж, сүүлийн шалгаруулалтдаа бэлтгэж, сэтгэл догдлон хүлээж байсан гэдгийг түүний дотнын найзууд, эгч нь цахим хуудсандаа бичжээ. Харин хүмүүстэй харилцахдаа хөндий, дуу муутай нэгэн байсан хэмээн хамт суралцагч нар нь тодорхойлсон байдаг. Үүгээр зогсохгүй хамтран ажиллаж байсан найз нөхдийнх нь зүгээс мөн л дуу муутай, нээлттэй бус зан характертай охин байсан гэх.

Хачирхалтай нь талийгаач цагдаагийн байгууллагад хоёр удаа шалгагдаж байжээ. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж бидэнд дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Талийгаач Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хоёр удаа шалгагдаж байсан. Эхний удаад хувцас хунараа шатааж, орон байранд танхайрсан гэх зөрчлийн хэргээр, хоёр дахь нь эхнэртэй эртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байж болзошгүй хэргээр цагдаад дуудагдаж байсан” гэлээ.

ЦЕГ ХЭРГИЙГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА

Бид энэхүү мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс мэдээлэл авсан юм. Тэрбээр “2018 оны аравдугаар сарын 24-ны өдрийн 17.26 цагт цагдаагийн байгууллагад хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн I хэлтэс, тус дүүргийн XV-р хорооны байрны гадаа өндрөөс хүн унаж, нас барсан хэрэгт үзлэг, шалгалт явуулсан. Улмаар цагдаагийн байгууллагаас цогцост шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний хүрээлэн рүү шилжүүлсэн. Задлан шинжилгээний хариу эцэслэж гараагүй байгаа тул үхлийн шалтгааныг нарийн тодорхойлох боломжгүй. Цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар албан ёсоор олон нийтэд мэдээлэл хүргүүлээгүй. Гэтэл цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн баталгаагүй таамаг мэдээлэл цацаж байна. Тиймээс олон нийтийг буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Нарийн шалгалтын явц, шинжилгээний хариу гарсны дараа уг хэргийн талаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд олон нийтэд мэдээлэл өгнө” гэлээ.

ТАЛИЙГААЧ "MNTM" НЭВТРҮҮЛЭГИЙН ШИЛДЭГ ТАВД БАГТСАН БАЙЖЭЭ

Талийгаачийн үхэлд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд холбоотой учраас хэргийг хав дарах гэж байна, “MNTM” шоу нэвтрүүлгийн охид шагналын мөнгөний төлөө нэгнийхээ аминд хүрлээ гэх яриа олон нийтийн дунд байна. Энэ асуудалд бид хариулт авахаар “Боловсрол” суваг телевизийг зорьсон юм. Тус телевизийн захирал албан бус байдлаар “Гэнэтийн харамсалтай зүйл боллоо. Нэвтрүүлэг түр завсарлаад оролцогч нар маань гэртээ харьсан энэ үед ийм харамсалтай явдал боллоо. Өнгөрөгч Бямба гаригт /2018.10.27/ “MNTM” Ч.Чамин-Эрдэнийг нас барсан гэх мэдээллийг ар гэрээс нь бидэнд өгсөн. Ямар ч байсан хуулийн байгууллагад уг хэрэг шалгагдаж дуустал бид нэвтрүүлгээ цацахгүй гэж ярилцаж байна. Нэвтрүүлэг үргэлжлэх эсэх нь тийм ч сонирхолтой асуудал биш. Бид өнгөрөгч амралтын өдрүүдэд талийгаачид эмгэнэл илэрхийлээд нэвтрүүлгээ цацаагүй. Тиймээс манай баг хамт олон хоорондоо ярилцаж байгаад, цаашид нэвтрүүлгээ эфирт гаргах эсэхээ шийднэ. Хамгийн гол нь буруу ташаа мэдээлэл битгий олон нийтэд түгээгээч гэж бид хүсч байна” гэлээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр талийгаач бүсгүй нэвтрүүлэгт оролцсоны дараахан сэтгэл зүйчид хандаж эмчилгээ хийлгэж байжээ. Гэхдээ түүнийг амиа хорлосон уу эсвэл, гаднын нөлөөтэйгөөр амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм.

news.mn