УИХ-ын гишүүн бүрт НЭГ ТЭРБУМ амласан ЖДҮХС-гийн зээл илчлэгдэж эхэллээ

УИХ-ын гишүүн бүрт НЭГ ТЭРБУМ амласан ЖДҮХС-гийн зээл илчлэгдэж эхэллээ

7 сарын өмнө

-УИХ-ЫН ГИШҮҮН БҮРТ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОХ “АМАН ТОХИРОО”-

Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг зээл хэлбэрээр олгох зорилгоор Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сан /ЖДҮДС/-г 2009 онд хуучнаар Хөдөө аж ахуйн яамны харьяанд байгуулж байв. Өмнө нь Худалдаа үйлдвэрийн яамны харьяа хэлтсийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан билээ.

Тус санг бие даасан байдлаар байгуулснаар Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулиар үйл ажиллагааг нь зохицуулж буй юм. Уг хуулийн хүрээнд жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй борлуулалтын орлоготой ЖДҮ эрхлэгчдэд тав хүртэл жилийн хугацаатай, 300 саяас хоёр тэрбум хүртэлх төгрөгийг зээлээр олгодог. Улмаар эхний хоёр жил зээлийн үндсэн төлөлтөөс чөлөөлдөг билээ. Гэхдээ жил бүр зээлийн эх үүсвэрээс шалтгаалж, хүү нь 3-8 хувийн хооронд хэлбэлздэг аж.

Өнгөрсөн жил төсөвт суулгах замаар шууд Хөгжлийн банкнаас санхүүжилт хийгдсэн тул 3 хувийн хүүтэйгээр зээл нь олгогдсон байна. Арилжааны банкуудаар дамжаагүй учир шаардлага нь харьцангуй зөөлөрсөн. Дээрээс нь хүү нь ердөө ГУРВАН ХУВЬ байсан тул улс төрийн хүрээнийхэн ихээхэн сонирхсон аж.

Нөгөө талд эрх баригч намынхан Засгийн газраа унагаж, эргүүлээд 32/33-ын бүлгээсээ шинэ танхим бүрдүүлсэн эмзэг үе таарсан билээ. Тиймээс ч 2018 оны төсөвт ЖДҮДС дээр нийт 90 тэрбум төгрөг суулгаж, УИХ-ын гишүүн тус бүр 1 тэрбум төгрөгийн зээл авна гэсэн аман тохироо хийгдсэн гэх МАН дотор хийгдсэн байдаг.

Энэ дагуу өнгөрсөн тавдугаар сард төслийн сонгон шалгаруулалт зарлагдах үеэр УИХ-ын гишүүд өөрсдийн дэмжүүлэх төслүүдээ ХХААХҮЯ-нд хүргүүлсэн. Ингэхдээ зарим гишүүд шууд хувийн бизнестээ 1 тэрбум төгрөгөө оруулахыг чухалчилсан бол тойргийнхоо ААН-үүд зээл татсан гишүүд ч байсан аж.

-МАН-ЫН 64-ӨӨС 7 ГИШҮҮН НЬ ИЛЧЛЭГДЛЭЭ-

Эх сурвалжийн мэдээлснээр, “Өнгөрсөн хавар нийт 73 тэрбум төгрөгийн зээл олгогдсоноос бүгд УИХ-ын гишүүдийн гуйлт, захиасных байсан. Энгийн иргэний ямар ч зээл гараагүй. Төслийн хүлээн авалт дуусчихаад байхад УИХ-ын гишүүд өөрийнхөө албан баланк дээр дэмжихийг хүссэн бичиг хийж, төслүүд ирүүлсээр байсан” гэх мэдээлэл өгдөг билээ. Одоогоор олон нийтэд доорх УИХ-ын гишүүд аман тохироогоор авахаар болоод байсан НЭГ ТЭРБУМ төгрөгөө өөрсдийн хувийн бизнестээ шингээсэн нь ил болоод байна. Үүнд,

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД:

1. Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум,

2. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум,

3. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая,

4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая,

5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая,

6. УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” компани 950 сая

7.  УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын нэрс жагсаалтад байгаа юм.

БУСАД ӨНДӨР ТУШААЛТНУУД:

1. Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК,

2. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК

Эдгээр зээл авсан эрхмүүд мэдээллийг шууд байдлаар үгүйсгээгүй. Гэр бүлийн хүрээний өмч, бизнестээ оролцохоо байсан, ажлын байр үүсгэж байгаа сайн төсөл гэсэн утга бүхий тайлбарууд өгчээ.

Мөнхүү гишүүдийн ажлын албаныхан нь “Гүтгээд байгаа тул шүүхэд өгнө” гэчихсэн сууж байхтай ч таарлаа. УИХ-ын гишүүдийн ХОМ-тэй компаниудын нэрийг тулган харахад  нэр таарсан тохиолдол гарсангүй.

Ж.МЯДАГБАДАМ

medee.mn