СУРВАЛЖЛАГА: Талийгаач “B1” давхраас 11 давхар руу ганцаараа явсан нь бичлэгт үлджээ

СУРВАЛЖЛАГА: Талийгаач “B1” давхраас 11 давхар руу ганцаараа явсан нь бичлэгт үлджээ

7 сарын өмнө

Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амь насаа алдсан тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа бичигдсээр байна.

Ч.Чамин-Эрдэнийг нас барсны дараа түүний оролцож байсан нэвтрүүлгийн зохион байгуулагч “Боловсрол суваг" телевизээс албан ёсны мэдэгдэл гаргаж, эмгэнэл илэрхийлсэн байдаг. Энэхүү эмгэнэлийн араас цахим орчинд олон талын мэдээлэл цацагдах болсон ба хэргийн ард нэр бүхий гишүүний хүүхэд бий гэх мэдээлэл тараад байгаатай холбогдуулан эх сурвалжтай, тэнцвэртэй мэдээллийг хүргэхээр ZINDAA.MN сайтын Хууль, эрхзүйн албанаас дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

-ТАЛИЙГААЧ ӨМНӨ НЬ ХОЁР Ч УДАА АМИА ХОРЛОХ ОРОЛДОГО ХИЙЖ БАЙЖЭЭ-

Талийгаач өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт буюу 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11-р давхраас унаж, нас баржээ. Дээрх хэргийн тухай дуудлагыг тус хорооллын үйлчилгээний ажилтан цагдаагийн 102 дугаарын утсанд мэдээлсэн байна.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай албаны алба хаагчид хэргийн газарт очих үед Баянгол дүүргийн харьяат, 1996 онд төрсөн, 22 настай Чимгээгийн Чаминцэцэг өндрөөс унаж, нас барсан байдалтай олдсон байна. Улмаар талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргүүлж, хэргийн газраас 47 кадр зураг, хохирогчийн хурууны хээг авч нотлох баримтад хавсаргажээ.

Дээрх хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  албанаас мэдээлэхдээ “Талийгаачийн үхэлд одоогоор гадны нөлөө орсон зүйл тогтоогдоогүй, анхан шатны дүгнэлтээр амиа хорлосон байж болзошгүй. Хэргийн мөрдөн шалгалт явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, талийгаач өмнө нь хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийж байсан гэх ба сэтгэлзүйн хямралд орсны улмаас эмчилгээ хийлгэж байсан гэлээ.

Харин талийгаачийн ар гэрийнхэн болон найз нөхдийн зүгээс түүнийг амиа хорлох хүн биш гэх мэдээллийг өгч байгаа ба энэ талаар түүний ээж Г.Чимгээ “Бидэнд охины цогцсыг харуулаагүй. Зургаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь эцсээ хүртэл том ангайсан, царай нь цонхийсон байсан. Их айж сандарсан гэмээр харагдаж байсан. Мөн хоёр өгзөгнийх нь арьс зулгарсан, футболкны баруун мөрөн дээр толбо болсон, цамцных нь зүүн тохойн хэсэг иртэй зүйлээр зүссэн мэт урагдсан гэж харсан. Охиныг маань чирсэн гэж бодож байна” гэсэн юм.

Энэхүү харамсалтай хэрэг гарахаас гурван долоо хоногийн өмнө буюу аравдугаар сарын 1-ний өдөр түүний оролцсон “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн зураг авалт дуусч, оролцогчид гэр гэртээ харьсан байсан ба финалын шалгаруулалтыг хүлээж байжээ.

Талийгаач хэрэг гардаг өдөр 16:00 цагийн орчимд хотхоны үүдээр орж, үүнээс цаг хүрэхгүй хугацааны дараа өөрийн амьдардаг орцны хажуугийн орцны 11 давхрын цонхноос унаж, амиа алдсан байна.

-ТАЛИЙГААЧИЙНХ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЯГААН ӨНГИЙН УРУУЛЫН БУДАГ
ЦОНХНЫ БАРИУЛД ҮЛДЖЭЭ-

Хэргийн газарт биднийг очих үед тус хорооллын харуул хамгаалалтын албаныхан тус хороолол руу нэвтэрч буй автомашинуудыг нэг бүрчлэн шалгаж байлаа.

Хэрэг болсон гэх орцны 11-р давхарт гарах үед талийгаачийн үсэрсэн гэх цонх ямар нэг түгжээгүй, саадгүй онгойж байсан юм. Энд сонирхол татсан нэг дүрс бол талийгаачийнх байж болзошгүй ягаан өнгийн уруулын будаг түүний унасан цонхны бариулд наалдаж үлдсэн байсан юм.

Талийгаачийн хамаатан Т гэгч “Чамин-Эрдэнэ яавч амиа хорлох хүн биш гэдгийг баттай хэлнэ. Амиа хорлоогүй гэдгийг хэлж чадна. Түүнийг амиа хорлосон гэж мэдэж бичсэн эх сурвалж маш сонин санагдаж байна. Алуурчин амьд яваа гэдгийг хэлье” хэмээжээ.

Ч.Чамин-Эрдэнэ нь амьд ахуйдаа “Сити” дээд сургуулийг төгссөн ба түүнийг хүмүүстэй харилцахдаа хөндий, дуу муутай нэгэн байсан хэмээн хамт суралцагч нар нь тодорхойлжээ. Түүнчлэн хамтран ажиллаж байсан урлаг соёлынхны зүгээс мөн л дуу муутай, бусадтай харилцахдаа тааруу нэгэн байсан гэх.

Ийнхүү цагдаагийн байгууллагын албаны эх сурвалж болон талийгаачийн ар гэрийнхний зүгээс дээрх хэргийн талаар хоёр өөр байр суурьтай байгаа ч шүүх эмнэлгийн дүгнэлтээс бүх зүйл шалтгаалах юм.

Харин баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийн газрын камерийн бичлэгт талийгаач “Кей-Эйч” апартментийн “B1” давхраас ганцаараа цахилгаан шатанд суун, улмаар 11 давхар руу гарч буй хяналтын камерийн бичлэг бий гэдгийг хэлэв.

Болсон процессын хувьд талийгаач хэргийн газар руу ганцаараа явсан байлаа ч түүнийг амиа хорлох хүртэл нөлөөлсөн этгээд, аль эсвэл шалтгаан, нөхцөл юу байв гэдгийг цагдаагийн байгууллага үнэн мөнөөр тогтоож, олон нийтэд мэдээлэх тэр хугацааг хүлээх л үлдлээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN