0-6 сартай хүүхдийн хооллолт

0-6 сартай хүүхдийн хооллолт

11 сарын өмнө

Нярай хүүхдэд хамгийн тохиромжтой хоол бол эхийн сүү юм!

Эхийн сүүгээр хооллосон хүүхдэд цус багадалт илрэхгүй, учир нь эхийн сүүний найрлагад цус багадалтын эсрэг хангалттай хэмжээний төмөр байдаг. 
Эхийн сүүнд хүүхдийн өсөлт бойжилтод шаардлагатай бүх амин дэмүүд агуулагддаг учраас хүүхдийг төрөнгүүт 24 цагийн дотор эхийн сүүгээр хооллох хэрэгтэй!

Эхийн сүүнд, ялангуяа төрсний дараах ангир уураг нь нярай хүүхдийг гэдэсний өвчин, ханиад томуу, бусад өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг. Ангир уураг бол хүүхдийн хамгийн анхны хоол тэжээл. Ангир уураг нь хэмжээний хувьд хэдийгээр маш бага ч гэлээ, хүүхдийн бүхий л хэрэгцээг хангаж чаддаг. Ангир уураг хөхөж байх үед нь хүүхдэд чихэртэй ус, хүүхдийн тэжээл, үнээний сүү зэргийг өгч болохгүй. Учир нь дөнгөж төрсөн нярай хүүхдэд ангир уургаас гадна ариутгаагүй хоол тэжээлийг өгснөөр хүүхдэд өвчин халдаах магадлалтай бөгөөд хүүхдийн уургаа хөхөх дур хүслийг бууруулна. Хүүхдийг 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хоолллох хэрэгтэй!

6 сар хүрсэн хүүхдийг нэмэлт тэжээлд оруулж, түүнд тохирсон хөнгөн чанарыг хоол хүнсийг бэлтгэж өгөх нь зүйтэй. Нэмэлт хоол тэжээл идсэн ч гэлээ хүүхдийг 1-1,5 нас хүртэл нв эхийн сүүгээр хооллосоор байх ёстой. Учир нь эхийн сүү бол хүүхдийн өсөлт бойжилтод шаардлагатай эрдэс бодисыг агуулдаг. Ялангуяа хүүхэд өвдсөн үед ойр ойрхон хөхүүлэх нь түүнийг тайвшруулж, хоол шингээлтийг сайжруулдаг байна. Гэдэс гүйлгэх, амьсгалын замын үрэвсэлт өвчний үед хүүхдийг сайн хөхүүлэхэд өвчин хурдан эдгэрдэг.

Эхийн сүү бол байнга шинэхэн, цэвэрхэн, бүлээхэн байдаг. Хүүхдийг бүх төрлийн өвчнөөс хамгаалдаг байгалийн цэвэр, гайхамшигтай хоол тэжээл билээ. Хүүхдийг хөхүүлэх нь тухайн хүүхдийг эрүү, шүдний эрүүл мэндэд нэн тустай.

Эхийн сүү шингэц сайтай. Эхийн сүүнд агуулагддаг липац хэмээх энзим нь үнээний сүү, эхийн сүү орлуулагчид байдаггүй. Тиймээс эхийн сүүгээр хооллодог хүүхдэд өтгөн хаталт, гэдэс дүүрэх зовиурууд бараг байдаггүй. Эхийн сүү шууд хөхнөөс хүүхдийн аманд ордог учраас нян микропгүй байдаг.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь эхийн хувьд ач тустай. Хүүхдээ эхийн сүүгээр хооллодог эмэгтэйчүүдэд төрсний дараах сав агшилт сайн явагдаж, шавхарга сайн гарна. Мөн хөхний хорт хавдарт өртөх нь бага бий.

Хэрвээ та хүүхдээ эхийн сүүгээр хоолодоггүй бол 4 сартайгаас нь эхлэн өндөгний шарыг идүүлж эхлэх хэрэгтэй. Чанасан өндөгний шарыг 8 хувааж нухаад өгнө. Хэмжээг өдөр өдрөөр бага багаар нэмнэ. 4 сартайгаас нь хүүхдэд бага багаар тараг өгч эхэлнэ.

5 сартайгаас нь; 4 сартайд нь өгч байсан хоолон дээр нэмээд ногоотой шөл өгч болно. Энэ шөлөнд 1-2 халбага будаа хийж арвижуулаад нухаж зутан хэлбэрээр өгнө. Хүүхдийг хоолонд оруулахдаа эхний удаад амны халбагаар өгч, бага багаар өдөр өдрөөр хэмжээг нь нэмж өгнө. Шинэхэн жимсний шүүсийг гахаж хүүхдэд уулгавал амин дэм сайтай. Мөн жимсийг жигнэж болгоод, зориулалтын машинаар нухаж нухаж хийж өгч болно.

6 сартайгаас нь; 4, 5 сартайд нь өгч байсан хоол хүнсний зэрэгцээ гэр бүлийн гишүүдийн хийж идэж буй элдэв амтлагчгүй шөлтэй хоолноос халбагадаж өгч болно.

Эх сурвалж: www.eejbolloo.mn