Хүүхдийн халууныг буулгахад хэрэглэх эмүүд

Хүүхдийн халууныг буулгахад хэрэглэх эмүүд

1 жилийн өмнө

Халууралт (халуун гэж бас нэрлэж болно) бол ямар нэг өвчний шинж байдаг үчир юуны өмнө үүний шалтгааныг олох нь чухал байдаг.
Ихэнхи эцэг эхчүүд хүүхдээ халуурсан үед түүнийг эмчид үзүүлэхээсээ өмнө халуун буулгах эмчилгээ гэрээр хийж эхэлдэг. Учир нь тэд халууралтыг хүүхдэд аюултай хэмээн бодож, юунаас болж халуурч байгаа шалтгааныг олохын оронд хурдан буулгах л шаардлагатай гэж боддог байна. Иймд хүүхдээ халуурсан тохиолдолд та доорхи зүйлсийг мэддэг байх ёстой. Үүнд:
-Халууралт бол ямар нэгэн өвчинд үзүүлж буй физиологийн хариу үйлдэл юм.
-Архаг суурь өвчингүй эрүүл хүүхдүүдийн хувьд халууралтын шалтгааныг нь олж, алдагдаж байгаа шингэнийг нь нөхсөн тохиолдолд ихэнхидээ халууралт нь ямар нэгэн хор нөлөөгүй, өөрөө аяндаа зүгээр болдог. Халууралт нь тархийг гэмтээдэггүй. Хэрэв хүүхэд тань халуурахаас гадна хүнд өвчтэй шинжтэй харагдаж байвал та хүүхдийн эмчид заавал үзүүлж, зөвөлгөө авах шаардлагатай.
-Халууралт нь хүүхдийн өвчнийг улам хүндрүүлдэг гэсэн нотолгоо байхгүй.
-Хүүхдийн халууныг буулгах эхний арга хэмжээ бол шингэн илүү ихээр уулгаж, хүүхдийн хөдөлгөөнийг багасгах юм.
-Хүүхэд халуурснаасаа болоод бие нь тавгүй байвал халуун буулгах эмүүд өгч болно.
-Халууны эм ууж байгаа хүүхдийг унтаж байхад нь албаар сэрээж, халууны эмийн дараагийн тунг өгөх шаардлагагүй.
-Халууны эм ууж байгаа хүүхдэд ханиалга болон ханиадны эмийг зэрэг өгч болохгүй. Учир нь ханиалга болон ханиадны эмүүд нь найрлагандаа халууралтын эсрэг эмүүдийг ихэнхидээ агуулсан байдаг тул халууны эмтэй аль нэгийг нь зэрэг уулгавал халууны эмийн тун шаардлагатай хэмжээнээс ихсэж, эмийн хордлого болох аюултай.
Халууны эмүүдийн тунг хүүхдийн наснаас илүүтэйгээр биеийн жинд нь тулгуурлан, тооцоолж өгнө.
Парацетамол (ацетаминофен, тайленол) – Хүүхдийн халууралтыг буулгахад эмч нарын зөвөлдөг хамгийн сайн эм юм. Учир нь энэ эмийг зөв тунгаар хүүхдэд зохистой хэрэглэх нь аюулгүй болохыг удаан хугацааны судалгаагаар тогтоосон байна. Парацетамол нь амаар уух хэлбэрээс гадна лаа хэлбэртэй мөн зарагддаг. Хэрэв хүүхэд бөөлжөөд амаараа эм ууж чадахгүй байгаа эсвэл эм уух дургүй байгаа тохиолдлуудад л энэ лааг хэрэглэвэл зохистой.
Хүүхдийн эмчид үзүүлээгүй бол Парацетамолыг ерөнхийдөө гурван сараас доош сартай нялхаст өгөхийг зөвлөдөггүй, яагаад вэ гэвэл халууралт нь энэ насны нялхсын дунд тохиолдох ямар нэгэн хүнд өвчний цорын ганц шинж тэмдэг ч байж болно.
Парацетамолын нэг удаа уух тунг хүүхдийн жинг ашиглан, 10-15мг/кг гэж тооцоолон (жнь: 6 кг жинтэй хүүхдэд өгөх нэг удаагийн тун нь 6кг х 10мг = 60мг) 4-6 цаг тутам (24 цагийн дотор 5-аас олон удаа уулгаж болохгүй) өгнө. Парацетамол эм нь хүүхдэд уулгасны дараа 30-60 минутын дараа үйлчилж эхлэх бөгөөд 3-4 цагийн дараа үйлчилгээнийхээ оргилд хүрдэг байна. Энэ эмийн үйлчлэлийн хугацаа нь 4-6 цаг байдаг.
Зөв тунгаар уулгаж байгаа үед парацетамол нь гаж нөлөө үзүүлдэггүй эм ажээ. Гэхдээ энэ эмийг уулгаж байх хугацаанд хүүхдийн тань арьсаар тууралт гарч, шархалбал парацетамол уухыг зогсоож, яаралтай эмчид үзүүлэх ёстой.
Парацетамолын тун хэтэрвэл хүүхдийг үхэлд хүргэж болно. Хэрэв энэ эмийг ханиалга болон ханиадны эмтэй зэрэг өгсөн, хараа хяналт сул байснаас хүүхэд өөрөө аваад уучихсан, эсвэл хэрхэн уулгах, ямар тунг өгөх талаар тодорхой зөвөлгөө аваагүй байсан гэх мэт шалтгаануудын улмаас парацетамолын тун хэтэрдэг байна.
Ибупрофен (Нурофен, Мотрин) – Ерөнхийдөө зургаан сараас доош сартай нялхаст өгөхийг зөвлөдөггүй. Зургаан сараас доош сартай нялхсын бөөрний үйл ажиллагаа харьцангуй хязгаарлагдмал байдаг тул энэ эмийг хэрэглэх үед бөөрний үйл ажиллагааны дутмагшлийн улмаас эмийн хордлого үүсэх эрсдэл өндөр байдаг.
Ибупрофен эмийн гаж нөлөөнд ходоодны үрэвсэл болон ходоод-гэдэсний цус алдалт багтдаг. Иймээс ибупрофенийг бөөлжиж байгаа хүүхдэд өгч болохгүй. Мөн салхин цэцэг өвчний улмаас халуурч байгаа хүүхдэд өгч болохгүй, учир нь энэ эмийг ууснаар хүүхдэд арьсны нянгийн халдвар үүсэх эрсдэлтэй болдог. Эдгээрээс бусад тохиолдолд ибупрофенийг зөв тунгаар хоол идэх үедээ зохистой ууж байгаа бол гаж нөлөө тохиолдохгүй. Ибупрофен эмийг парацетамол эмийн адил ханиалга болон ханиадны эмтэй зэрэг өгсөн, хараа хяналт сул байснаас хүүхэд өөрөө аваад уучихсан, эсвэл хэрхэн уулгах, ямар тунг өгөх талаар тодорхой зөвөлгөө аваагүй байсан зэргээс шатгаалан, тун нь хэтэрч болно.
Парацетамол ба Ибупрофен эмийг солбиж өгөх – Энэ хоёр эмийг солбиж өгөхөд хүүхдийн (ялангуяа шингэний дутагдалд орсон хүүхдийн ) элэг, бөөр гэмтэж болзошгүй байдаг тул аль нэгийг нь дангаар нь л өгөхийг Америкийн Хүүхдийн Эмч Нарын Нийгэмлэгээс зөвлөж байна. Гэхдээ энэ хоёр эмийн аль нэгийг уулгаснаас хойш 3-4 цагийн дараа хүүхдийн байдал дээрдэхгүй, халуурсаар байвал нөгөө эмийг сольж өгч болно гэж зарим судлаачид үздэг (Жнь: Хэрэв парацетамол өгч байсан бол ибупрофен өгөх, ибупрофен өгч байсан бол парацетамол өгөх гэсэн үг юм.).
Эдгээр халууны эмүүдийг хэр удаан өгөх вэ? – Халууны эмийг хэд хоног уулгах нь хүүхдийн эмэнд хэр хариу үзүүлж буйгаас хамаарна. Хүүхдийн бие нь зовиургүй болно гэдэг эдгээр эмийг зогсоож болно гэсэн дохио юм. Хүүхдүүдийн халууралтын ихэнхи шалтгаан нь өөрөө аяндаа эдгэдэг вирусын гаралтай халдварууд байдаг тул халууны эмүүдийг олон хоногоор уулгах шаардлагага гардаггүй байна.
Хүүхдийн биеийг хүйтэн бүлээн усаар арчиж, халууныг буулгах- Архаг суурь өвчингүй урьд нь эрүүл байсан хүүхдүүд халууралттай өвчнөөр өвдсөн тохиолдолд тэдний халууныг буулгахдаа биеийг хүйтэн бүлээн усаар арчиж, гадна талаас нь хөргөх аргыг хүүхэд бүрт нэг бүрчлэн хэрэглэхийг Америкийн Хүүхдийн Эмч Нарын Нийгэмлэгээс зөвлөдөггүй. Энэ аргын үйлчлэх хугацаа богинохон бөгөөд хүүхдийн биеийг ийнхүү хүйтэн бүлээн усаар норгож үрэх нь халуурч байгаа хүүхдийн тавгүйдлийг улам ихэсгэдэг байна.
Доорхи эмгэгүүдийн үед хүүхдэд халуун буулгах эм өгөхийн зэрэгцээ биеийг нь хүйтэн бүлээн усаар арчиж, халууралтыг нь үтэр түргэн, их хэмжээтэй буулгах хэрэгтэй:
-Хүүхдийн биеийн температур яагаад ихэссэн шалтгаан нь тодорхойгүй үед (ямар нэгэн өвчнөөс болж халуурч байгаа юмуу эсвэл хэт халууцаж, нарны хордлого болсон уу гэдгийг ялгах боломжгүй нөхцөлд)
-Халуурч байгаа хүүхдийг хэт их дулаалж ороосон байх, халуурч байгаа хүүхэд юм уухгүй, шингэний дутагдалд орсон байх
Хүүхдийн биеийг гаднаас нь хөргөж, халууныг нь буулгахдаа ойролцоогоор 30С градустай хүйтэн бүлээн усаар биеийг нь арчина.
Харин хүүхдийн халууныг буулгахдаа спиртээр биеийг нь арчиж болохгүй. Хүүхдийг халуурсан үед биеийг нь спиртээр арчихад хүүхдийн арьс маш хурдан хөрч, халуун нь буудаг. Гэхдээ ийнхүү арьс хурдан хөрсний улмаас хүүхэд чичирч эхэлдэг. Энэ чичрэлт нь эсрэгээрээ хүүхдийн бие организмд биеийн температурыг нэмэх шаардлагатай байна гэсэн сигнал өгч, хүүхэд дахин ихээр халуурахад хүргэдэг. Мөн спирт нь хүүхдийн арьсаар нэвчих замаар болон амьсгалахад нь уушгиар дамжин бие организм руу нь нэвтрэн орж, спиртийн хордлого улмаар хүнд хэлбэрийн комад оруулах аюултай.

Эх сурвалж:

https://www.facebook.com/%D0%A5%D2%AF%D2%AF%D1%85%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%AD%D0%BC%D1%87-320303634835882/