Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд ямар заалтууд шинээр оров

Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд ямар заалтууд шинээр оров

11 сарын өмнө

УИХ-ын чуулганы пүрэв  гарагийн нэгдсэн хуралдаан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталлаа.

Тэтгэвэр, тэтгэмж хүн бүрд хамааралтай тогтолцоо бөгөөд  ялангуяа  өндөр настай иргэдийн нийгмийн хамгааллын уг сурвалж юм.

Улсын хэмжээгээр 300 мянга шахам иргэн тэтгэвэр авдаг гэх мэдээ бий.  Монгол улс 2015 оны зургадугаар сард Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогоо баталж байв.  Мөн  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр. тэтгэмж олгох тухай хуульд хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.

Энэ өөрчлөлтийн нэг нь тэтгэврийн насыг уртасгаж цааш нь сунгасан явдал. Энэ дагуу одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаөа хуулиар 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 65 нас хүрсэн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нээгдэж байгаа.  Гэхдээ  хуулийн энэ заалт нэлээд уян хатан талдаа. Тухайлбал, тухайн хүн өөрөө хүсвэл 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох юм.

Харин УИХ энэ долоо хоногт дээрхи хуульд зарим нэг өөрчлөлт оруулж баталлаа.  Хуульд орсон нэмэлт заалтуудыг  Та бүхэнд толилуулж байна.

-Өндөр насны тэтгэвэр авах эрхийг нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй боллоо.

-Харин эмэгтэйчүүдийн хувьд 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жилд нь дээрх хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн  бол өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгон авч болно.

-Мөн 25-ын 1 дэх хэсэгт 7, 8, 9 гэсэн гурван заалт нэмж орууллаа. 7-д зааснаар тэтгэвэр тэтгэмж тогтоолгохдоо ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагааг бүрдүүлнэ.

-Мөн 8-д нь иргэний үнэмлэхний хуулбар, эсхүл лавлагаа авчрахаар тусгалаа. Харин 9-д нь энэ хуулийн 4.7-д заасан болзлоор тэтгэвэр тогтоолгох бол энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3,7,8-д заасан баримт бичгийг болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтэр, тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах /гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ/, 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл лавлагааг бүрдүүлнэ гэж заажээ.

-Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг дэх “Газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд…” гэж эхэлсэн өгүүлбэрийг “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд…” гэж үг нэмж оруулан өөрчилсөн байна.

М.Нэргүй

zaluu.com