ХҮҮХДИЙН ГЭДЭС ДҮҮРВЭЛ ЯАХ ВЭ?

ХҮҮХДИЙН ГЭДЭС ДҮҮРВЭЛ ЯАХ ВЭ?

7 сарын өмнө

Эхний нэг сарын хугацаанд ихэнх хүүхдэд гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрдэг. Гэдэс нь томорч, янцаглаж, нүүрлүүгээ дүлж, мөн баас нь хөөстэй гарах нь бий. Гэдэс хийгээр дүүрэх нь хүүхдэд их зовиуртай байдаг учраас хүүхэд тайван унтаж чадахгүй, ойр ойрхон тавгүйрхэж уйлдаг.

Тэгэхээр гэдэс дүүрэхээс сэргийлэхийн тулд хөхүүлснийхээ дараа 10–15 минут босоо барьж хэхрүүлж байх хэрэгтэй. Харин нэгэнт хийгээр дүүрсэн бол гэдсэнд нь массаж хийж өгөх хэрэгтэй. Массаж хийхдээ хамгийн түрүүнд хоёр алгаа халуун болтол нь үрж байгаад хүүхдийнхээ гэдсэн дээр дарж өгнө. Үүнийхээ дараа гараа шар тос, сүүлний тос эсвэл хүүхдийнхээ биеийн тосоор тосолж байгаад нар буруу тойруулж болон доош чиглэлд илж өгнө. Сайтар илснийхээ дараа хоёр хөлийг нь хүүхдийнхээ аясаар гэдэс рүү нь шахаж өгнө. Мөн шар тостой, бүлээн хар даавуугаар гэдсэнд нь жин тавьж болно.

Интернетэд массаж хийж буй олон янзын бичлэг байдаг тул тэндээс хараад хийж үзээрэй.

Ингээд хуурайлах бүрдээ массажилж, хөхүүлэхийнхээ өмнө хэсэг зуур доош харуулж хэвтүүлнэ. Доош харуулсан үедээ хөлийг нь бөгс рүү нь шахаж бөгсийг нь бага зэрэг ондойлгож хэвтүүлбэл гэдэсний хий хялбархан гадагшилна. Ингээд хөхүүлснийхээ дараа босоогоор нь тэвэрч хэхрүүлнэ.

Үүнээс гадна гэдэсний дүүрэнг гаргах wippi болон gas relief, боннисан, бониспаз гэх мэт янз бүрийн бэлдмэлүүд хэрэглэж болно.

Бид хоёр боннисан мөн өрхийн эмчийн зөвлөснөөр гэдэсний ашигтай бактеритай Provision Baby гээд D аминдэм хэрэглэдэг байсан.Ингээд босоо барьсан ч хэхэрч чаддаггүй, хийндээ тавгүйрхэж уйлдаг байсан хүүхэд маань өөрөө хэхэрч, унгадаг болсон.


Мөн гэдсийг нь хямраахгүйн тулд 2 – 3 цагийн зайтай хооллох хэрэгтэй. Энэ маш чухал шүү. Учир нь гэдэсний дүүрэнг тэгэсгээд намжтал хүүхэд маань ахиад л уйлагнаад эхэлсэн. Гэтэл ахиад л гэдэсний асуудал гарч ирэв.

Тухайн үед хүүхэд маань ойр ойрхон мөөм иддэг. Удалгүй гулигаад гаргачихдаг. Ямар нэгэн юм нь өвдөөд байгаа юм шиг маш зовиуртай байнга уйлдаг. Тайван ч унтаж чаддаггүй байлаа. Нойр нь хүрээд байгаа хирнээ л унтаж чадахгүй уйлдаг байв.

Ингээд Шинэ нялхас эмнэлэгт үзүүлснээр замбараагүй хооллолтоос болж гэдэс нь хямарч, хатгуулж өвдөхийн дээр гэдсэнд нь сүү нь удсанаас болж нүүрэн дээр нь загтнууртай юм гарсан гэдгийг нь мэдсэн. Хоолоо боловсруулж чадахгүй, боловсруулж дийлэхгүй байхад нь уйлах бүрд нь нэмж хөхүүлсээр байгаад ходоод нь тэлж хамаг дотор эрхтнээ шахсан байв.

Ингээд 3 цагийн зайтай хөхүүлж, бактери болон хоол боловсруулалтыг нь дэмжих эм өгч эхлэв. Хоёр дахь өдрөөсөө л зогсоо зайгүй уйлах нь багасаж, тайван унтдаг болсон доо.

Нярай хүүхдийн ходоод бүрэн хөгжөөгүй, ходоодонд нь өнгөр суугаагүй, ашигтай бактери нь үүсээгүй байдаг тул хоол боловсруулах тал дээрээ их эмзэг байдаг юм байна лээ шүү. Тиймээс хүүхдээ уйлах бүрд нь, мөөмөө идсэн хирнээ л мөөмөө хайх бүрт нь мөөм өгөх хэрэггүй. Хүүхэд өлсөхөөс гадна тайвшрах гэж мөөмөө хөхдөг. Тиймээс мөөм идэх гээд уйлаад байвал сооска өгч сургаарай.

Одоо хүүхэд маань 3 цаг тутамд 15-20 минут хөхдөг. Уйлахаа больж, тайван унтаж амарч байгаа.

Ээжүүд минь хүүхдийнхээ гэдсэнд сайн анхаараарай 😉

https://medium.com/@MomsCorner/newborn