С.Эрдэнэ: МАН-ын 40, 50 гишүүн зээл авсан байж болзошгүй

С.Эрдэнэ: МАН-ын 40, 50 гишүүн зээл авсан байж болзошгүй

11 сарын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ:

-ЖДҮ-ийг дэмжих сангийн хуваарилалт ямар ч шалгуургүйгээр эрх мэдэлтэйд нь олгох байдал хавтгайрсан. Үүний тод жишээ бол олон нийтэд цацагдаж байгаа мэдээлэл юм. Тиймээс нэн даруй таслан зогсоох шаардлага үүсээд байна. Ялангуяа ашиг сонирхлын зөрчил гарч байгаа ЖДҮ зорилгоосоо гажуудсан үйл ажиллагаа явуулсан гэдэг нь харагдаж байна. Хуулийн дагуу, арилжааны банкны шалгуурыг хангасан ЖДҮ-т зээл олгох байтал сайдын тушаалаар зээлүүдийг олгосон. МАН-ын нэр бүхий олон гишүүн энэ асуудалд холбогдож байгаа. МАН-ын нэг гишүүн  дунджаар 950 сая төгрөгийн зээлийг авсан байна.

Ардчилсан намын дарга,УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭ:

-Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаад байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Сүүлийн үед ноцтой зөрчил хэвийн үзэгдэл болох тийшээ хандаж байна. Өнөөдөр хэн дуртай нь шатахууны үнийг нэмж, ам.долларын ханш улам бүр гаарч байна. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаас дөнгөж 30 хувийг хийсэн. Тиймээс Ардчилсан нам улс төрийн сөрөг хүчний хувьд идэвхтэй үйл ажиллагаанд шилжих шаардлага үүссэн гэж үзсэн. Эрх баригчид валютын ханш, шатахууны үнийг тогтвортой байлгахын төлөө юу хийснийг бид тодруулах болно. Ханшийн өсөлтийн нөлөөгөөр хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Цалин тэтгэвэр нэмж байгаа мэт харагдаж байвч бодит орлого буурсан. Өнөөдөр дундаж цалин 100 гаруй ам.доллараар буурчээ. Улс орны эдийн засгийн бодлого уналтад орлоо. Бид тэвчиж, дуугүй суух боломжгүй боллоо. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан хэдэн гишүүний нэр ил гарч байгаа ч,  МАН-ын 40, 50 гишүүн зээл авсан байж магадгүй байна. Төсвөөс янз бүрийн хэлбэрээр зээл авдаг, тендер завшдаг, гүйцэтгэл байхгүй мөнгө угаасан хэргүүдийг бид ил гаргах болно. Цагдаа тагнуулд өгөх болно. Аудитын байгууллага сул ажиллаж байна. Ерөнхий аудитор өөрөө олон зуун сая төгрөгийн зээл авсан байх жишээтэй. Ийм байхад мөнгө санхүүгийн асуудалд хэн хяналт тавих вэ.

Бид хэдэн хүний мууг үзэх гээд байгаа юм биш. ЖДҮ-ийг дэмжих сангийн бүх орлого, зарлагыг  ил гаргах ёстой. Энэ санд олгосон 200 тэрбум төгрөг бол татвар төлөгчдийн мөнгө юм.


Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-ЖДҮ-ийг дэмжих сангаас Ардчилсан намынхан ч зээл авсан гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Бид нотлох баримттай ярина. Ардчилсан намынхнаас хэн, хэн хэдэн төгрөгийн зээл авч байсныг гаргаад ир. Хуулийн дагуу, зохих шалгуурыг нь хангаад, иргэн хүнийхээ хувьд авсан уу эсвэл эрх мэдэл албан тушаалаар далайлгаж авсан уу гэдэг нь чухал. Жирийн иргэн энэ сангаас зээл авах гэж хэдэн жил хөөцөлдөж байна. ЖДҮ-ийг дэмжих сан бол хэн нэгэн эрх мэдэлтнийг баяжуулдаг сан биш. МАН-ынхан олон жил Ардчилсан намыг мууллаа. Одоо болно шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр нэг ч төгрөгөөр буураагүй Ардчилсан нам засаглаж байхад гадаад өрийн хэмжээ 24 тэрбум ам.доллар байсан бол одоо 27 тэрбум ам.доллар болсон. Бидний үед Засгийн газрын өр дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр долоон тэрбум ам.доллар болсон. Дээр нь төсвийн өр нийлбэр дүнгээр долоон их наяд төгрөг болоод байна. Дотоод өр дарагдсан гэж байгаа ч төсвийн алдагдал нэрээр хэдэн их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байна.


УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн шаардлага бүрэн эхээр:

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕГОМБЫН ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ НАРТ

Шаардлага хүргүүлэх тухай

Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид тав хүртэл жилийн хугацаатай 300 саяаас хоёр тэрбум хүртэлх төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог.

Гэтэл уг зээлийг УИХ-ын гишүүд, таны тэргүүлж буй Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа авсан талаарх нотолгоо бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дэлгэж байна. Тодруулбал,

  1. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1,2 тэрбум төгрөгийн зээл,
  2. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1,4 тэрбум төгрөгийн зээл,
  3. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,
  4. Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөг,
  5. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК тус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл олгосон, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаасан байж болзошгүй байна.

Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлэлттэй нөхцөл бүхий зээл олгож дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд  50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд улсын төсвөөс төсөвлөж өгч байсан. Гэтэл илтэд ашиг сонирхлыг зөрчилтэй эрх мэдэлтэнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгаагаас болж үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй байсны уршигаар 2019 оны улсын төсөвт жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд суулгах төсвийг танаж багасгасан.

Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдэлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймд та бүхэн энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт хариу ирүүлэхийг шаардаж байна.

Дурдсан хугацаанд арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон бусад байнгын хороодод оролцлохгүй болохыг анхааруулж байна.

news.mn