ЖДҮХС-аас зээл авсан байж болзошгүй бусад улстөрчийг АН-ын бүлэг зарлалаа

ЖДҮХС-аас зээл авсан байж болзошгүй бусад улстөрчийг АН-ын бүлэг зарлалаа

7 сарын өмнө

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид тав хүртэл жилийн хугацаатай, 300 саяаас хоёр тэрбум хүртэлх төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог.

Гэтэл уг зээлийг УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа авсан талаарх нотолгоо бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дэлгэсээр байна.
Тухайлбал,
  1. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн зээл,
  2. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1.4 тэрбум төгрөгийн зээл,
  3. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,
  4. Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд цацагдсан.
Мөн дээрх албан тушаалтнуудаас гадна УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХКтус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас  хөнгөлөлттэй зээл авсан гэх мэдээлэл ч байна.

Тиймээс АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж дээрх албан тушаалтнуудын энэхүү үйлдлийг шалган шийдвэрлүүлэхийг хүсч байна" гэлээ.

Энэ тухай жиргээнүүд:

Zandaakhuu Enkhbold

@enkhboldz

МАН УИХ гишүүдийн ЖДҮХСангаас авсан зээл нь бүгд шахуу 950 сая байгааг анзаарав уу? 1 төсөл копидоод өгсөн юм биш биз. 45-ын гутал гэдэг шиг.

View image on TwitterView image on Twitter

🇲🇳Дондогдоржийн ЗОЛЖАРГАЛ@zoljargald

Жилийн 3% хүүтэй. Эхний 2 жил хүүгээс чөлөөлөгдөх зээл бол Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл. Нэн таатай зээл биз

АН-ын бүлгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандсан албан бичигтээ "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл олгосон, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаасан байж болзошгүй байна.

Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас:

  • 2016 онд 56.7 тэрбум төгрөг,
  • 2017 онд  50.6 тэрбум төгрөг,
  • 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд улсын төсвөөс төсөвлөж өгч байсан.

Гэтэл илтэд ашиг сонирхлын зөрчилтэй эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаагаас болж үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй байсны уршгаар 2019 оны улсын төсөвт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд суулгах төсвийг танаж багасгасан.

Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймд та бүхэн энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч, 2018 оны аравдугаар сарын 30-ны өдрийн дотор Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт хариу ирүүлэхийг шаардаж байна.

Дурдсан хугацаанд арга хэмжээ авч, хариу ирүүлэхгүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон бусад байнгын хороодод оролцохгүй болохыг анхааруулж байна" гэсэн байна.

ikon.mn