Хорхой хүргэм 250 тэрбум “ногоон” байна, цаана чинь

Хорхой хүргэм 250 тэрбум “ногоон” байна, цаана чинь

11 сарын өмнө

​Олон улсад ипотекийн зээлээр баталгаажсан ногоон бонд гаргаж, хямд мөнгө татаж болно

Нэгэн цагт “М-3” нэрээр (Монгол, Мозамбик, Мьянмар) бидэнтэй цуг олон улсын таваарын зах зээлийг шуугиулж явсан Мозамбик улс өнгөрсөн онд ногоон бонд босгож, 65 мянган хэрэглэгчээ эрчим хүчээр хангажээ. Африкийн Мозамбик улс гэлтгүй эдийн засгийн тэнхээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг Хятад, Япон, Индонез зэрэг олон орон ногоон бонд руу хошуурцгааж байна. Бага хүүтэй атлаа урт хугацаатай энэ өрийн бичгийг экологид ээлтэй ногоон өнгөөр нэрлэсэн нь учиртай. Учир нь энэ бондын санхүүжилтийг зөвхөн байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах журамтай юм. Өөрөөр хэлбэл, эх дэлхийгээ хайрласны тань төлөө хөрөнгө оруулагчид ч таныг хайрлаж, хямд мөнгөө өгч буй нь энэ. Тиймээс улс орнууд экологид ээлтэй, санхүүгийн үр ашигтай уг хөрөнгө оруулалтыг татаж, байгаль орчны болон эдийн засгийн асуудлаа шийдэн, нэг сумаар хоёр туулай буудсаар.

Олон улсаас татсан ногоон бондынхоо хэмжээгээр манай бүс нутаг дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Өнгөрсөн онд гэхэд азийн орнуудын ногоон бондын хэмжээ 40 тэрбум ам.долларыг давжээ. Энэ урсгалаас хамгийн их мөнгийг Хятад улс хүртсэн. Урд хөрш санхүүгийн энэ “шар тос”-ыг алдалгүй атгаж, толгойны өвчин болсон агаар, усны бохирдлоосоо салж байгаа аж. Хүн амаа орон сууцжуулах бодлогоор азид толгой цохидог Малайз улс л гэхэд өнгөрсөн онд 755 сая ам.долларын ногоон бонд босгож, нийгэм, эдийн засгийн амин чухал асуудлаа шийджээ. Арга ч үгүй. Ногоон бонд нь хэний ч хорхой хүрмээр санхүүгийн таатай нөхцөлтэй. Энэ бондын дундаж хүү нь гэхэд 0.7-1 хувь. Хэдхэн хоногийн өмнө манай улсын хөгжлийн банк 7.25 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бонд босгосон нь боломжийн өртөг хэмээн албаныхан мэдэгдэж буй.

Ногоон бондыг зөвхөн байгаль орчинд ээлтэй төсөлд зарцуулах журамтай

Тэгвэл үүнээс бараг 7-8 дахин бага хүүтэй санхүүжилт татах боломжийг ногоон бонд олгож байна. Тэгвэл амтат бал шиг ийм санхүүжилтийг бид олон улсаас хэдий хэмжээгээр татах боломжтой вэ. Сүүлийн жилүүдэд экологид ээлтэй санхүүжилтэд гар сунгах чинээлэг эрхмүүдийн тоо нэмэгдсээр буй бөгөөд дэлхийн хөрөнгө оруулагчид ногоон төслүүдэд нийт 250 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн тооцоог Moody’s агентлаг 2017 онд танилцуулжээ. Өөрөөр хэлбэл, экологийн дайснуудыг дарахад ийм хэмжээний мөнгө биднийг хүлээж байна. Монгол улс ч энэ мөнгөний урсгалаас татаж, санхүүжилтээр цангаж буй төслүүдээ урагшлуулах боломжтой. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах хамгийн таатай санхүүжилт нь ногоон бонд хэмээн НҮБ-ын Байгаль орчны ассамблейн дарга С.Оюун зөвлөж байжээ. Ялангуяа, утааг бууруулах дэлхийн тэргүүн туршлага болох орон сууцжуулах бодлогод хямд өртөгтэй, урт хугацаатай ногоон санхүүжилт хамгийн тохиромжтой гэж мэргэжлийнхэн хэлдэг. Үүнийг ч хувийн хэвшлийнхэн хүлээн зөвшөөрдөг.

Тухайлбал, Монголын ипотекийн корпорацын гүйцэтгэх захирал Б.Гантулга “Орон сууцны санхүүжилтийг шийдэхийн тулд Монгол улс дотоод нөөц бололцоогоо ашиглах боломжтой. Орон сууцжуулахдаа эко барилгыг дэмжиж хэрэгжүүлж чадвал үүнийг үнэт цаасжуулахад ногоон бонд болж, гадаадаас хөрөнгө татах боломж илүү нээгдэнэ” гэж байна. Хүн төрөлхтөн бараг XIII зуунаас агаарын бохирдолтой тэмцэж эхэлжээ. Айл өрхүүдийг нэгдсэн дулаанаар хангаж, хүн амаа орон сууцжуулах нь утааг өчиггүй дарсан шалгарсан арга байсныг утаатай тэмцсэн дэлхийн 700 жилийн түүх батална. Гэтэл хүн төрөлхтний тэргүүн туршлагаас төр гар татаж, ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүгийн ган нэрвээд байна. Ирэх оны төслийн төсөлд ипотекийн зээлийн хөтөлбөрт олгох Засгийн газрын санхүүжилтийг 115 тэрбум төгрөгөөр тооцсон нь олон айл өрхийн урмыг хугалсан. Гэтэл ипотекийн эрэлтийн хаана ч хүрэхгүй энэ мөнгийг УИХ дахин 15 тэрбум төгрөгөөр хэмлэхээр өчигдөрхөн дэмжиж, ирэх оны төсвийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлчихэв.

Уг нь ипотекийн хөтөлбөр сүүлийн хагас зуун жил өрнөсөн бүтээн байгуулалттай тэнцэх хэмжээний үр дүнг тав хүрэхгүй жилийн дотор Монгол улсад авчирсан. 2013 оноос хойш энэ хөтөлбөрийн хүрээнд 90 мянга орчим утаа гаргадаг янданг буулгасан юм. Гэтэл энэ хөтөлбөрийн хэрэгжилт саарч, санхүүжилт дутагдаж эхэллээ. Бидэнтэй адил агаарын бохирдолтой нүүр тулсан Хятад утаагаа бууруулна хэмээн олон улсаас ногоон санхүүжилт татаж, мэдэгдэхүйц үр дүнг авчирч байгаа аж. Тиймээс орон сууцжуулах бодлогыг урагшлуулахад олон улсад ипотекийн зээлээр баталгаажсан ногоон бонд гаргах нь үр ашигтай гэж энэ салбарынхан хэлдэг. Тэр бүү хэл, азид үлгэр жишээ болохуйц ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бий болгосон Малайзын үндэсний моргейжийн корпораци буюу Cagamas Berhad Malaysia-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Датук Чанг Леонг “Монгол улс Малайз шиг гадаад зах зээлд үнэт цаас гаргах боломжтой. Гол нь төр тууштай дэмжих нь чухал” хэмээн өнгөрсөн долдугаар сард болсон азийн тогтмол орлоготой үнэт цаасны тав дахь удаагийн чуулга уулзалтын үеэр хэлж байсан юм.

Мөн азийн орон орны төр засаг олон улсын зах зээлээс орон сууцны санхүүжилт татах боломж, зохицуулалтыг нь хувийн хэвшил болон бусад байгууллагад олгож, барилга үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ дэмжин, иргэдээ орон сууцаар хангадаг байна. Уг нь бид утаагүй зуух, ид шидтэй шүүлтүүр зэрэг ичмээр аргуудаас илүү бодитой, ажил хэрэгч шийдлүүдийг санал болговол олон улсын хөрөнгө оруулагчид Монгол улсад гар сунгахад бэлэн байна. Манай улсын санхүүгийн ойрын түнш азийн хөгжлийн банк гэхэд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд 2020 он хүртэл нийт зургаан тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо мэдэгдээд байна. Гэвч төр бодит ажил хэрэг болж, үр дүнгээ үзүүлэх ийм шийдэлд бус утаа “гаргадаггүй” бүрэн шаталттай ид шидийн зуух, шүлтүүр, сайжруулсан түлш зэрэг арга ядсан, тив дэлхийд элэг доог болохоор аргуудтай зууралдсаар өдий хүрлээ. Агаарын бохирдолтой тэмцсэн энэ олон жилийн хугацаанд Улаанбаатарын утаа өтгөрснөөс өөр өөрчлөлт үнэндээ гарсангүй. Хэрэв утааны эсрэг төсвийн мөнгө хүрэхгүй байгаа бол олон улсаас бэлэн санхүүжилт татах боломж биднийг хүлээж байна. Баян чинээлгээрээ дэлхийг тэргүүлдэг БНХАУ-аас эхлээд Африкийн орнууд хүртэл дэлхийгээр урсаж буй хямд мөнгийг алдалгүй атгаж, хүртэж, нийгэм, эдийн засгийн амин чухал асуудлаа шийдсээр байна. Гэтэл бид үүнийг анзаарч, сэхээрч байгаа ч юм алга.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН, news.mn