Миний Англи хэл сурсан түүх

Миний Англи хэл сурсан түүх

7 сарын өмнө

Та бүхэн магадгүй уншаад хичээж эхэлвэл л болох нь тэр...

Англи хэлийг бүрэн төгс заана, баталгаа нотологоо байна гэх мэтчилэн сургалтын төвүүдийн амалдаг зүйлсийг зөндөө сонссон ба дараа нь үнэндээ худлаа мэт санагдах болсон. Яагаад гэхээр хэл бол хэн нэгэн, аль нэгэн сургалтын төв бидний тархинд суулгачихдаг тийм амар зүйл биш юм. Монгол дахь сургалтын төвүүд өөрийн ашгийн төлөө, хүмүүсийг татахын тулд эдгээр амлалтыг өгч, хэлийг аль нэг сургалтын төвд хамааралтай л сурдаг зүйл юм байна гэдэг буруу ойлголтыг өгч, төөрөгдөлд оруулж, цаашлаад хүмүүсийн өөрийн бие дааж сурах сэтгэл зүрхийг үхүүлж байгаа нь харамсалтай. Мөн цаашлаад, маш олон шат дамжлага тавьж, болсон болоогүй юм зааж хүмүүсийн мөнгийг сааж байгаа нь үнэхээр харамсалтай.
Уг нь сургалтын төвүүд хамгийн шалгарсан хэл сурах аргачлалыг зааж, өөрийн бие даан сурах идвэхийг нь дээшлүүлэх, урам өгч, сурна гэсэн өөртөө итгэлтэй байдалд оруулах талаас нь анхаарвал бүгд л хэлтэй болох боломж байна. Зайлшгүй багшаар заалгах зүйлсийг зааж, цаашид хэрхэн хэлээ бие даан хөгжүүлэх, бүхий л шат дамжлагийг хэлж өгдөг болох хэрэгтэй байна.
Миний хувьд Монголд сурсан миний хэл магистерд сурахаар гадаадад ирсэн надад үнэхээр гологдсон. 6000 үгтэй эхний бие даах ажил буюу (Assignment) аа хийхийн тулд дор хаяж 20 - 30 эрдэм шинжилгээний ажил (Journal Article) уншиж ойлгох хэрэгтэй болсон. Эхний 10 хуудастай Journal Article -ийг нээгээд л миний мэддэг үг үүнд үнэхээр ховор байлаа. Дандаа мэргэжлийн хэллэг, урт урт өгүүлбэрүүд, энгийн нэг Англи хэлний хэллэгээр биш мэргэжлийн түвшинд боловсруулсан материалууд байлаа. Ингээд өөрийн гайгүй ярьдаг, энгийн тэкстийг ойлгоод уншдаг бас бичдэг байсан маань шууд гологдлоо. Монголоос ганцаараа сурж байгаа оюутан улсынхаа нэр нүүр, өөрийн нүүрээ бодсон ч тэр бусад оюутнуудаас хэлнээс болж хоцрох эрхгүй байсан тул хичээхээс өөр сонголт байсангүй. Ингээд мэдэхгүй үгнүүдээ өөр нэг цаасан дээр жагсааж бичээд нөгөө Article- аа ойлгохоор үзэж тарваа. Гэтэл нэг л бишээ, ер нь хэцүү санагдаад байлаа.
Ихэвчлэн хичээл 7 хоногийн 3 өдөр нь өглөө 8 – 12 цагийн хооронд ордог байсан ба бүх цагийг зөвхөн Англи хэлний орчин байлгах төлөвлөгөө зохиолоо. Өглөө 7 цагт босож PC ээ асаагаад шууд л хэн нэгний яриа, эсвэл илтгэлийг тавиад сонсонгоо хичээлд явахдаа бэлддэг байлаа. Хичээл дээр хамгийн урд суугаад багшийн ярьж хэлж байгаа бүх зүйлийг утсан дээрээ Audio хэлбэрээр хурааж авдаг байсан. Цайны цагаар хоолоо идэнгээ эргэж сонсоод хэрэгтэй чухал, зарим нэг сонсож амжаагүй, эсвэл ойлгоогүй зүйлээ дэвтэртээ нөхөж тэмдэглэж авдаг байсан. Мэдээж заримдаа ангийхантайгаа ярих боломж гарвал юуний ч хамаагүй сэдвээр ярьдаг байлаа. Мэдээж охидын тухай яриа нэлээд зонхилноо. Түүх, эдийн засаг, Чингис хаан, бусад сонирхолтой байж болох янз бүрийн л зүйл ярьдаг байлаа. Энэ нь миний ярианы чадварыг маань нэмэгдүүлэхэд тус болж байлаа. Үдээс хойш олон нийтийн клуб зэрэг янз бүрийн зүйлд явж аль болох олон зүйл мэдэж авах, сурахыг хичээдэг байсан. Ганцаараа байхдаа TED.com –ийн илтгэлүүдийг Subtitle – дээр тавьж байгаад үздэг байлаа. Youtube ээс олон сонирхолтой баримтат кино (Documentary movie) олж үзнэ, BBC, CNN, Bloomberg - ийн мэдээг үг нэг бүрчлэн уншина, мэдэхгүй үгээ тэр дор нь тэмдэглэж авна гэх мэтээр үзэж тарсандаа. Хамгийн том зүйл бол хэрхэн Assignment аа хийх байлаа. Хэрхэн Reference буюу Харвардын стандартаар ном зүйгээ хийхээ ч мэдэхгүй байсан. Энэ бүгдийг олж мэдэхэд Youtube хамгийн их хэрэг болсон. Ингээд эхний семестер дуусахад нэг л мэдэхэд Journal Article хэрхэн уншиж ойлгох, яг хаанаас нь хэрэгтэй мэдээллээ олж авах, ямар бүтэцтэй байдаг гэх мэт ойлгогддог болсон байсан. Дараа дараагийн семестерүүд нэх хэцүү байсангүй.
Хүн өөртөө зорилго тавиад, үүндээ өөрийгөө бүрэн зориулж чадвал хүн бүр амжилтанд хүрэх бүрэн боломжтой. Хамгийн гол айдас бол “Би чадахгүй байхаа” гэдэг бодол юм билээ. Би чаднаа гээд л зүтгэх юм бол та Англи хэлийг өөрийн болгох, цаашлаад сурсан хэлээ ашиглан ямар их зүйлсийг сурж мэдэж болно гэж санана... Бид өөрсдийн мэдлэгээ бусдын зөвхөн монгол хэлнээ орчуулагдсан зүйлсэд хязгаарлуулахгүйн тулд хичээгээд Англи хэлийг өөрийн болгоорой. Амжилт хүсэе. 

Image may contain: 1 person, smiling, standing and stripes
Khishqee's Khishigsuren page