53 настай хүнийг “БҮТЭН ӨНЧИН” хэмээн 50 саяын орон сууц үнэгүй өгчээ

53 настай хүнийг “БҮТЭН ӨНЧИН” хэмээн 50 саяын орон сууц үнэгүй өгчээ

1 жилийн өмнө

Энэ хэрэгт мөн л нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, “ТОСК” –ийн ерөнхий захирал асан Н.Гантулга нар холбогдсон. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2008 оны 30-р тогтоолоор “Нийслэлийн орон сууцны фонд бүрдүүлэх журам”-ыг баталжээ. Гэсэн ч 2014 онд уг журмын холбогдох заалтуудыг хүчингүй болгожээ. Гэтэл 2015-2016 онд нийслэлийн ЗДТГ болон “ТОСК” нь хүчингүй болсон заалтыг үндэслэн “Үүрэг гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж А.Гантулгын 2016 оны А/49, А/70 дугаар тушаалаар “Буянт-Ухаа 1” хорооллоос нийт  880.6 сая төгрөгийн өртөгтэй 17, “Буянт-Ухаа 2” хорооллоос нийт 1,069.8 сая төгрөгийн өртөгтэй 15 зэрэг нийт 32 орон сууцыг Нийслэлийн орон сууцны фондод шилжүүлсэн. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн 2015 оны А/927, 2016 оны А/533 дугаар захирамжаар орон сууцанд хамрагдах иргэдийн нэрсийг “ТОСК”-д хүргүүлж, жагсаалтад багтсан хүмүүс дээрхи орон сууцанд орсон. Засаг даргын захирамжинд  иргэдийг төрийн албан хаагч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон группт байгаа иргэн, бүтэн өнчин, залуу гэр бүл гэж ангилж явуулжээ. Харин “ТОСК”  дээрх иргэд журамд заасан нөхцөл, шалгуурыг хангасан эсэхийг  нягтлан шалгаагүйгээс 53 настай иргэнийг бүтэн өнчин ангилалд хамааруулан 50.5 сая төгрөгийн өртөгтэй орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлжээ. Иймэрхүү явдал гарсан нь нийгмийн зорилтот бүлэгт орон сууц үнэ төлбөргүй өгөх гэсэн чиглэлийг завхруулжээ. Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар бүтэн өнчинд эцэг эхгүй 18 нас хүртэлхи хүүхдийг хамааруулдаг.  Одоогийн байдлаар нийслэлийн фондод шилжүүлсэн дээрх орон сууцнаас “Буянт-Ухаа 1” хорооллын 42.32 мкв бүхий 54.2 сая төгрөгийн 1 орон сууц, “Буянт-Ухаа 2” хорооллын нийт 206.4 мкв бүхий 278.6 сая төгрөгийн өртөгтэй 4 орон сууцыг “ТОСК” ТӨҮГ-ын өмнөх удирдлагууд албан тушаалын эрх мэдлээ урвуулан авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа тул эдгээр таван орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарлажээ. Мөн НЗДТГ, НИТХ –ын 30 гаруй албан хаагч орон сууцанд орсон нь тогтоогдсон гэнэ.

NUUTS.mn