Хүүхдийн амны салст гэмтэл өвчин ийм байдаг юм шүү

Хүүхдийн амны салст гэмтэл өвчин ийм байдаг юм шүү

1 жилийн өмнө
Танд хэрэгтэй мэдлэг мэдээллийг мэргэжлийн эмчээс тодруулснаа хүргэж байна. Хэдийгээр уулзаж ярилцсан, зөвөлгөө авсан эмчийн нэр хаяг, албан тушаал гээд тодорхой мэдээллийг таны өмнө дэлгээгүй ч гэсэн эх орны маань ирээдүй, олон аав ээжийн амин эрдэнийн сайн сайхны төлөө бэлтгэсэн мэдээ мэдээллийн маань үг бүр мэргэжлийн эмчийнх гэдэгт эргэлзэж болохгүйг санаарай.
Тиймээс энэхүү зөвөлгөөг итгэлтэйгээр хэрэгжүүлж болно. Хүүхдийн амны салстын өвчин олон янз байдаг.
Үүнээс бага насныханд амны гэмтэл болон мөөгөнцөрт өвчин илүүтэй тохиолддог байна.  Олон аав ээж мөөгөнцөрт өвчин амны гэмтэл хоёрыг нэг төрлийн эмгэг гэж ойлгодог. Дур мэдэн өөрсдөө эмчлэх нь элбэг.  Энэ нь өвчин хүндэрч ужиграх цаашлаад хүүхдийн амтлах чадварт ч сөргөөр нөлөөлдөг болохыг эмч хэлж байна. Тиймээс хүүхдийн тань амны салстад ямар нэгэн өөрчлөлт гарсан даруйд эмчид хандаж үнэн зөв оношлуулах нь тун чухал болохыг ч эмч хэлж анхаарууллаа.
Амны хөндийн мөөгөнцөрт өвчин үүсэхэд олон зүйл нөлөөлдөг. Хоол тэжээлийн дутагдал, хөгжлийн гажиг, төрөх үеийн гэмтэлээс гадна антибиотикийн төрлийн хүчтэй эмний тун хэмжээг хэтрүүлснээс хүүхдийн амны хөндий мөөгөнцөртдөг байна. Бас нэгэн зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй. Та хүүхдийнхээ аяга халбагыг тусд нь байлгадаггүй бол хүүхдийнхээ амны хөндийн салстыг анзаарч байх нь зүйтэй юм. Ялангуяа өвөө эмээгийнхээ аяга халбагаар хооллодог бол амны хөндийн салстыг нь тун сайн анхаараарай.
Учир нь эрүүл ахуйн дэглэм алдагдсанаас мөн хиймэл шүдтэй өндөр настай хүмүүс энэхүү өвчнөөр өвдөх нь элбэг байдаг байна. Үүнээс гадна хөхүүл хүүхэд удаан хугацаагаар өвдвөл ам нь мөөгөнцөрддөг. Учир нь бодисын солилцоо удааширснаар амны хөндийд хүчиллэг үүсч мөөгөнцөрдөх нөхцөл болдог байна. Мөөгөнцөрт өвчний эхэн үед хүүхдийн биед онц гойд зовиур илэрдэггүй юм байна. Тиймээс аав ээжүүд  ихэнхдээ хүүхдээ халдвар авсан эсэхийг анзааралгүй ужигруулдаг болохыг эмч хэлж байна.
Хүүхдийн хэлэн дээр мөн жавжны дотор гарсан цагаан цэгэн бөөгнөрөл хэлбэртэй өнгөрийг хусахад хурдан арилах ч 7 хоноод л дахин гардаг. Эмчилгээ хийлгэлгүй удах тусам өвчин улам хүндэрч хэл, тагнай, уруул жавжны дотор хэсгээр бүхэлдээ хальслаг өнгөр тогтдог улмаар жавж цуурч хэл үрэвсэж архагшиж ч болзошгүй юм. Тиймээс хүүхдийнхээ амны хөндийг тогтмол ажиглаж байнга угааж цэвэрлэхийг эмч зөвлөж байна. Хүүхдийн амыг төрсөн цагаас нь цэвэрлэх хэрэгтэй.
Ариутгасан хөвөн бэнт буцалсан усанд дүрж хүүхдийнхээ хэл амны хөндийг цэвэрлэхийг эмч зөвлөлөө. Харин дараа нь хүүхдийн шүд ургаж эхэлмэгц сойз хэрэглэж хэвшүүлэхийг хичээгээрэй. Шүдээ бүрэн гүйцэд угаахаас илүүтэй хэлний өнгөр амны хөндийг тогтмол угааж цэвэрлэдэг гэдгийг ойлгуулах нь л чухал юм . Энэ бүхэн хүүхдээ амны хөндийн салстын элдэв эмгэг тэр дундаа мөөгөнцөрт өвчнөөс сэргийлэхэд тустай гэдгийг та анхаараарай. Амны хөндийн мөөгөнцөр эмчлэхгүй удвал бүх биеийг хамарч архагшдаг гэж байна. Давсаг, бэлэг эрхтэн,  хумс, дотор эрхтэнд мөөгөнцөр халдварладаг юм байна.
Ийм үед зөвхөн амны хөндийн мөөгөнцөрийг эмчилээд үр дүнгүй гэдгийг мартаж болохгүй. Тиймээс хүүхдийн тань хэл амны дотор тал өнгөртсөн бол эмнэлэгт яаралтай хандаж зөв зүйтэй оношлуулж эмчийн зааврын дагуу тууштай эмчлээрэй.  Хүүхдийн амны салст өвчний тухай илүү ихийг мэдмээр байвал бидэнд хандаарай. Залуухан аав, ээж нартаа туслахад бэлэн байгаа шүү.
Нархан
mongoljingoo.mn