АГААРЫН БОХИРДОЛД НИЙТ 164,1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН Ч ҮР ДҮН ГАРААГҮЙ БАЙНА

АГААРЫН БОХИРДОЛД НИЙТ 164,1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН Ч ҮР ДҮН ГАРААГҮЙ БАЙНА

12 сарын өмнө
Үндэсний аудитын газраас Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн тайланг танилцууллаа.

ҮАГ-ын гүйцэтгэх аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Одгэрэлийн өгсөн мэдээллээр “Шалгалтаар 72 зөрчил илэрсний дийлэнх нь агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, чиг үүргийн зохион байгуулалт уялдаа холбоогүй, энэ чиглэлийн ажиллагааг хэрэгжүүлэгч, хяналт тавих байгууллагуудыг нэгдмэл удирдлагаар хангаагүй, хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, үр дүнг нэгтгэн дүгнээгүй, хөндлөнгийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ аваагүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

Мөн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг харвал Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуусан байна.

Үүнээс гадна гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдлуулагч эх үүсвэрүүдийг тодорхойлон, арга хэмжээний үр дүнг агаарын чанартай харьцуулсан үнэлгээ хийгээгүй байна.  Тиймээс Агаарын бохирдол дорвитой, илт мэдэгдэхүйц буураагүй байна” гэлээ.

Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 1995 оноос хойш гаргасан шийдвэрүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс бохирдлыг бууруулах үйл ажиллагааг оновчтой зохицуулж чадаагүй байна.

Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих Үндэсний хороог Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд хоёр, Ерөнхий сайдын дэргэд хоёр, Байгаль орчны сайдын дэргэд хоёр, Нийслэлийн засаг даргын дэргэд гурван удаа байгуулан ажилласнаар харьяалал бүтэц нь байнга солигдлож ирснээс шалтгаалан хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэн дүгнэж тайлбарлах, хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй нөхцөлд хүргэжээ. Эндээс харахад утааны эсрэг төрийн байгууллага ямар ажилласан нь илт тодорхой харагдаж байгаа юм.

Гадаад, дотоодын хөрөнгөөс агаарын бохирдолд зарцуулсан хэрнээ эргээд тайлагнадаггүй, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж байхгүй. Холбогдох удирдах албан тушаалтнуудад нь зөвлөмж хүргүүлэхээр хэрэгжүүлдэггүй таг чиг болдог байна. Ингэж л мөнгө угааж завшдаг бололтой. Өнгөрсөн хугацаанд гэрийн дулаалгыг хөнгөлттэй үнээр нийлүүлсэн үр дүн байхгүй. Улсын төсвөөс санхүүжүүлсэн “Төсөл” арга хэмжээний үр дүнд хяналт тавьж ажиллаагүй.

2008 оноос хойш олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч холбогдох газрууд нь дорвитой арга хэмжээ аваагүй, тоог зөрүүтэй гаргаж ирсэн байна. Мөн ДЦС-2-ыг түшиглэн 210 мянган тонн кокосжсон хагас нүүрс, шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулсан ч өнөөдрийг хүртэл ажиллаагүй байна. Сайжруулсан түлш нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлж чадаагүй байгаа юм.

Мөн хэд хэдэн аж ахуйн нэгжийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгчээ.

Агаарын бохирдлыг бууруулахад судалгаанд хөрөнгө зарцуулсан ч түүнийгээ цаашид авч хэрэгжүүлэх тал дээр анхааралгүй орхиж, үр дүнгүй ажил болгосон.

Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламж хэт бага. Гэр хорооллын айл өрохийн тоо 2018 онд 2016 оныхоос 1.4 дахин нэмэгдсэн. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын айл өрхүүдэд гэрийн дулаан алдагдалтыг бууруулах чиглээр гэрийн бүрээсийг шинэчлэх ажил хийсэн ч тэр нь зорилтот бүлэгтээ хүрээгүй, хэчнээн айл өрхөд хүрч, үр дүнгээ өгч байгаа атлаар бүртгэл, мэдээлэл байхгүй. Сайжруулсан зуухыг хэрэглээнд нэвтрүүлсэн ч технологийн дагуу ашиглаагүй, одоо эхнээсээ элэгдэл хорогдолд орж, энгийн зуухны адил ажиллах болсон.

Үндсэндээ уурын зуухнуудыг татан буулгаж төвлөрсөн дулаанд холбосноос өөрөөр үр дүнд хүрсэн ажил байхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Ийнхүү тодорхой хөрөнгө зарцуулсан ч ямар ч үр дүн байхгүй, түлш зуухыг нэвтрүүлэхдээ лобараторийн шинжилгээг тооцсноос айл өрхөд таарч тохирох эсэхэд ерөөсөө судалгаа хийгээгүй гэх мэт олон зөрчлүүдийг гаргасан байгаа юм.

Тиймээс аудитаар гарсан зөрчилүүдтэй холбогдуулан зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд болон НЗД-т зөвлөмж өгч, албан шаардлага хүргүүлэн зарим байгууллага дээр илэрсэн зөрчилтэй холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгааг мэдэгдэв.

О.Сайхан
Оллоо.mn