Б.Дэлгэрсайхан: Би оффшорчдын нэг

Б.Дэлгэрсайхан: Би оффшорчдын нэг

12 сарын өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдээллийг сонслоо. Тэрбээр нэр бүхий гишүүдийн хүсэлт, УИХ-ын даргын шийдвэрээр байнгын хорооны гишүүдэд Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм. Үүний дараа УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд: -С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг байна. Олон нийтэд ч хариулт хүлээсэн асуулт олон байна. Тусгай хяналтын дэд хорооноос Ажлын хэсэг гарсан. Хэрэг нь захиалагчийг илрүүлэхээр шилжсэн. Үүнийг Ерөнхий прокурор та яаж харж, ямар гаргалгаа хайж байна вэ. Энэ чигээрээ дахиад 20 жил явах уу. Энэ хэрэгт ямар тайлбар, мэдээлэл өгөх вэ" гэв.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: -Энэ хэрэгт төр засаг анхаарлаа хандуулж, тал бүрийн дэмжлэг үзүүлж ирсэн. Үүнд Л.Болд гишүүн идэвхтэй оролцдог. С.Зориг агсны хэрэгт холбогдуулан гурван хүнийг ялласан. Шүүхийн эцсийн шийдвэр гарчихсан учир энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Олон улсын парламентын холбооноос ажлын хэсэг ирж ажиллаад С.Зориг агсны хэрэгт үнэлэлт, дүгнэлт өгсөн. Тус холбооноос С.Зориг агсныхаа хэргийг илрүүлж байна уу гэдэгт анхаарал хандуулсан. Хуулийн байгууллагынхны нөр их хөдөлмөрийн үр дүнд энэ хэргийн буруутнууд илэрсэн. Буруутай этгээдүүд илрээд ялаа эдэлж байгаа учраас энэ хэргийг хаасан. Тэдний ар гэрийнхнийх нь гаргасан гомдол, хүсэлт нь шинээр үүссэн гэмт хэргийн шинжгүй учир татгалзсан хариу өгсөн. Б.Булганы гаргасан саналаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна" хэмээн хариуллаа.

Л.Болд: -С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх түр хороо байгуулмаар байна.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: -Оффшорын хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хэдэн төгрөг Монгол улсад орж ирсэн бэ. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос хулгайлагдсан хэргийг хаасан талаараа тайлбар хийнэ үү.

М.Энх-Амгалан: -Оффшороос мөнгө орж ирээгүй. Оффшорт данстай хүмүүс тодорхой хөрөнгийг битүүмжлэхээр гадаадын хууль хяналтын байгууллагууд руу хүсэлт явуулчихаад байж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: -Оффшор гэж улс төрждөг гишүүд олон бий. Оффшор гэж ярьснаас болж хөрөнгө оруулалт багассан. Үүнийг бүгд мэдэж байгаа. Би бол оффшорчдын нэг ээ, шалгуулж ч байна.  Уг нь, би Хонконгод данстай. Гэтэл Засгийн газрын хуралдаан оффшор бүс болгон зарласан. Энэ тохиолдолд яах вэ, би хууль зөрчих үү.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: -Оффшор бол бизнесийнхээ хувьд байх ёстой. Бид татвар төлөхгүй мөнгөө л нууж байгаа асуудлыг ярьдаг. Түүнээс оффшор бүсэд данс нээгээд наашаа, цаашаа хөрөнгө оруулалт оруулж ирж байгаа бол асуудал болохгүй. Энэ бол байх ёстой зүйл.

Т.ХУЛАН

medee.mn