Хүүхдийг усанд оруулах нь хүйнд муугаар нөлөөлөхгүй

Хүүхдийг усанд оруулах нь хүйнд муугаар нөлөөлөхгүй

12 сарын өмнө

-Та хүүхдээ өдөр бүр, эсвэл долоо хоногт хоёр удаа усанд оруулаарай-

Бидний ихэнх нь дөнгөж төрсөн нярайг хөхүүлэх, өлгийдөх, хуурайлах, усанд оруулах нь ээж бүрийн хийж чадах зүйл гэж боддог. Гэтэл бодит амьдрал дээр залуухан хосууд, мөн хоёр, гурван хүүхдээ өлгийдсөн аав, ээжүүдэд ч нярай хүүхдийн асаргаа, сувилгаа гэдэг үргэлж амаргүй ажлын нэг байсаар ирсэн.

Тиймээс туршлага муутай аав, ээжүүдэд дараах зөвлөгөөг хүргэж байна. Багачуудыг хэрхэн арчлах тухай ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн нярайн судлалын сувилагч А.Туяа зөвлөж байна.

УСНЫ ХАЛУУН ХҮЙТНИЙГ ТОХОЙГОО ДҮРЖ ШАЛГААРАЙ 

Хүүхдээ усанд оруулахаас өмнө хооллож болохгүй гэдгийг ээжүүдэд сануулж байна. Харин усанд оруулснаас хойш 30 минутын дараа хөхүүлж болно. Мөн хүүхдээ усанд оруулахаас өмнө усныхаа халуун хүйтэнг сайн тохируулаарай.

Учир нь нярай хүүхдийн арьс эмзэг, мэдрэмтгий байдаг болохоор таны гар, хуруугаа дүрж тааруулсан ус хэтэрхий халуун байж мэднэ. Тиймээс та гараа биш тохойгоо дүрж, усныхаа халуун бүлээнийг нь тааруулаарай.

ХҮҮХДЭЭ ХАР ЦАЙНД Ч БАС ОРУУЛЖ БОЛНО 

Нярай хүүхдийг усанд оруулахдаа чихэнд нь ус орохоос хамгаалж, толгойг нь тавьж буй гарынхаа хоёр хуруугаар чихнийх нь нүхийг дарж угаана. Харин нэлээд хэдэн сартай болсон үед нь хөвөнгөөр бөглөөд усанд оруулж болно. Боломжтой бол та хүүхдээ өдөр бүр усанд оруулах хэрэгтэй. Эсвэл долоо хоногт хоёр удаа оруулж байх ёстой. Хүүхдээ давстай хар цайнд ч бас оруулж болно. Усанд оруул гэхээр зарим ээж, аав хүүхдийнхээ хүйг норгочихно, гэмтээчихнэ гэж айдаг. Хүүхдийг усанд оруулах нь хүйнд муугаар нөлөөлөхгүй. Тиймээс долоо хоногт нэг удаа хүйг нь савандаж угааж болно. Энэ нь хүүхдийн хүй хурдан цөглөхөд тустай байдаг.

БЯЦХАН БАГАЧУУДАД ШИНГЭН САВАН ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ 

Дөнгөж төрсөн нярай хүүхэд юм бүхэнд мэдрэг байдаг. Тиймээс хүүхдийн бие угаах саванг хүртэл нарийн сонгох хэрэгтэй. Хатуу саванг бодвол шингэн саван хэрэглэх нь нярай хүүхдийн биед илүү тохиромжтой байдаг. Мөн хүүхдийн арьсанд тохирохгүй тос хэрэглэснээс арьсан дээр тууралт үүсэх тохиолдол гардаг. Энэ үед ямар нэгэн тос түрхэж болохгүй. Таарч, тохирохгүй тос түрхсэнээр тууралтыг улам даамжруулах талтай. Тиймээс хүүхдийнхээ арьсыг сайн ажиглаарай. Тууралттай үед марганцтай усанд оруулж болдог. Марганц нь аливаа зүйлийг хатаах үйлчилгээтэй.

Э.Бэрцэцэг

gogo.mn