“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийг Европын орнууд руу нэвтрэхийг хоригложээ

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийг Европын орнууд руу нэвтрэхийг хоригложээ

7 сарын өмнө

Стандарт банкны хэрэгтэй холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд болон ТУЗ-ийн гишүүдийг Европын холбооны улсууд руу нэвтэрвэл баривчлах шийдвэрийг Английн арбитрын шүүхээс гаргаад удаж байна. Тус үйлдвэрийн 51 болон 49 хувийн талын төлөөлөл болон ТУЗ-ийн гишүүд нийлсэн 50 орчим хүнд энэхүү шийдвэр үйлчлэх ажээ.

Уг шийдвэрээс болж Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Англи болон Европын орнууд руу зорчиж чадахгүй байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 109 сая ам.доллар зээлсэн байдаг. Гэвч зээлээ төлж чадахгүйд хүрснээр хүү нь нэмэгдэж, 140 сая ам.доллар болон Засгийн газраас нэхэгдэж буй.

Өнгөрсөн жил өрийн нэхэмжлэх Арбитрын шүүхийн шийдвэрийн хамт манай Засгийн газарт ирсэн гэдэг. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн зарим хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэх мэдээлэл ч мөн гарч эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-аас “Стандарт” банкнаас зээл авсан асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, энэ асуудлаар өмнө нь сонсож, дуулаагүй нууц гэх материалуудыг ил болгож байсан юм.

Дээрх банк Засгийн газраас Ш.Батхүүгийн тавьсан өрийг нэхэмжлэх болсон шалтгаан нь хэрэв банкинд тавьсан зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүрвэл миний өмнөөс “Эрдэнэт” үйлдвэр төлнө” хэмээн гэрээ байгуулсантай холбоотой гэдэг. Батлан даагчаар “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн захирал Ч.Ганзориг гарын үсэг зурсан байдаг. Тийм ч учраас Ч.Ганзоригийг уг хэрэгт холбогдуулан АТГ-аас саатуулан хориод буй юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас “Стандарт” банкинд төлөх ёстой өрийн асуудлаар тус банкныхантай удаа дараа уулзалт хийжээ. Манай талаас хүү, алдангиа багасгаж өгөхийг хүссэн ч “Стандарт” банкныхан боломжгүй гэсэн хариулт өгсөн байна. Энэ хугацаанд хүү өссөөр буй юм.

“Стандарт” банкны нэхэмжлэлийн дагуу болсон Арбитрын шүүх хурлын шийдвэр манай улсад ирээгүй гэх тайлбарыг өдий хүртэл хийж ирсэн ч аль долдугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн гэх мэдээлэл байна. Шүүхийн дүгнэлт, нэхэмжлэлийн хамтаар ирснээс хойш манай Засгийн газраас “Стандарт” банктай хэд хэдэн удаа хэлэлцээ хийх гэж оролдсон ч амжилт олоогүй байна.

Т.ХУЛАН

medee.mnSet featured image