Дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь тамхи татахаас ч хортой

Дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь тамхи татахаас ч хортой

1 жилийн өмнө

Дасгал хөдөлгөөн хийх нь хүний биеийг эрүүл байлгаж, урт наслахад нөлөөлдгийг хүн бүр мэднэ. Харин саяхан хийгдсэн нэгэн судалгаа энэхүү ойлголтыг нэг алхам урагшлуулж, дасгал хөдөлгөөн огт хийгүй байх нь тамхи татахаас ч илүү хортой болохыг тогтоожээ. АНУ-ын Клийвланд анагаахын судалгаа шинжилгээний институтийн зүрхний эмч доктор  Жаэл Жабэрээр ахлуулсан баг уг судалгааг хийж, санаанд оромгүй үр дүнг саяхан олон нийтэд танилцуулсан байна.

Тэд 1991.01.01-ээс 2014.12.31 хүртэл 122’007 хүнийг дасгалын ачааллын тестэд оруулж судалгаа хийсэн байна. Дасгалын ачааллын тест гэдэг нь дасгал хөдөлгөөн хийх үед хүний зүрх ямар хариу үйлдэл үзүүлэхийг харж, хэмжих туршилт бөгөөд туршилтад орж байгаа хүмүүсийг ихэвчлэн гүйлтийн зам дээр гүйлгэж, хэмжилт хийдэг. Судалгааны үр дүнг өнгөрсөн баасан гарагт /2018.10.19/ JAMA network сэтгүүлд нийтэлжээ. Үр дүнд хэд хэдэн сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна.

“ХЭТ ИХ ДАСГАЛ ХИЙХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД МУУ” ХЭМЭЭХ ОЙЛГОЛТЫГ НЯЦААСАН

“Зүрх судасны өвчин болон чихрийн шижин өвчин нь АНУ-ын хамгийн их зардалтай өвчнүүд юм. Бид жилд 200 тэрбум ам.долларыг эдгээр өвчнийг анагаахад зарцуулдаг. Өвчнийг эдгээхэд ийм их мөнгө зарцуулахын оронд хүмүүсийг идэвхтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийхийг уриалах хэрэгтэй” хэмээн “Дасгалаар анагаах нь” номын зохиолч, судалгааны багийн гишүүн, спортын анагаах ухааны эмч доктор Жордан Метцл хэлжээ. Мөн тэрээр “Хэт их дасгал хийх нь эрүүл мэнд тэр дундаа зүрх судасны үйл ажиллагаанд муу гэх ойлголтыг бид энэхүү судалгаагаараа няцааж чадсан. Их дасгал хөдөлгөөн хийхэд таны эрүүл мэндэд ямар ч өвчин заналхийлэхгүй гэдгийг бид туршилтаар нотоллоо” гэжээ.

ДАСГАЛ ХҮН БҮРД АДИЛХАН НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ

Тэдний явуулсан туршилт буюу дасгалын ачааллын тестийн үр дүнгээс үзвэл дасгал хийх нь хүнд эрэгтэй, эмэгтэй хөгшин, залуу гэдгээс нь үл хамааран адилхан давуу талтай. Өөрөөр хэлбэл, та дөчин настай, наян настай ч бай дасгал хөдөлгөөн биед тань адилхан эерэг үр дүнг авчирна.

ДАСГАЛ ХИЙХГҮЙ БАЙХ НЬ ТАМХИ ТАТАХААС Ч ХОРТОЙ

JAMA network сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны үр дүнгээс харвал дасгал хөдөлгөөн хийхээс хойш суух нь тамхи татдаг байхаас ч муу үр дагавартай ажээ. Тухайлбал, огт дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийг спортоор идэвхтэй хичээллэдэг хүмүүстэй харьцуулахад нас барах эрсдэл 500 хувиар илүү, харин тогтмол дасгал хийдэг хүмүүстэй харьцуулахад 390 хувиар илүү байсан нь тамхи татдаг хүмүүстэй харьцуулахад  өндөр үзүүлэлт байгаа юм.

Дасгалын ачааллын тестэд муу үр дүн үзүүлсэн буюу идэвхтэй дасгал хийдэггүй хүмүүсийн хувьд юун түрүүнд бөөрний өвчлөлд нэрвэгдэх өндөр магадлалтай байдгийг харуулсан. Энэ нь ялангуяа оффисын, суугаа ажил хийдэг хүмүүст маш их хамаатай юм.

Түүнчлэн өдрийн ихэнх цагийг зурагтынхаа урд өнгөрүүлж, түргэн хоолны газруудаар хооллодог хүмүүс таргалалт, зүрх судасны өвчин тусах өндөр магадлалтай байдаг. Үүнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх хамгийн гол эм бол дасгал хөдөлгөөн юм. Судлаачдын хэлснээр, дасгал хөдөлгөөн хийхгүй байгаа байдлыг өвчинтэй адилтган авч үзэх хэрэгтэй бөгөөд эмийн жорын оронд “дасгал хий” хэмээн томоос том бичих хэрэгтэй” ажээ.

Эх сурвалж: CNN

Ө.ПҮРЭВХҮҮ

news.mn