“195 сая төгрөгөөр тавьсан замыг СҮЙТГЭЖ байхад цагдаа хүчнийхэн хөдөлдөггүй юм байна”

“195 сая төгрөгөөр тавьсан замыг СҮЙТГЭЖ байхад цагдаа хүчнийхэн хөдөлдөггүй юм байна”

12 сарын өмнө

-МАНАЙ КОМПАНИ “ОЮУНЛАГ” СУРГУУЛИЙН ТАВЬСАН ЗАМЫГ СҮЙТГЭЭГҮЙ-

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн ойр орчим, “Хос өргөө хотхон”, 13 дугаар хорооллын “Шинэ” сонголт дэлгүүрийн уулзвар хүртэлх зам эвдэрч тоосжилт ихтэй болсон тул автомашин байтугай явган хүн ч зорчиход хүндрэлтэй болжээ. Иймээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ч.Гантулга нар дэмжлэг үзүүлэн хөрөнгийг нь тус сургуулиас гаргуулан замыг нь засуулсан байна.

“Оюунлаг” сургуулийнхан энхэл донхолтой 150 метр авто болон явган хүний замыг өөрсдийн хөрөнгө 195 сая төгрөгөөр цементлэн хатуу хучилттай болгожээ. Гэтэл ажлаа дуусаад гурав ч хоноогүй байхад нь шөнө дөлөөр хэсэг бүлэг этгээдүүд дайрч шинээр тавьсан замыг нь эвдэж сүйтгэсэн байна. Тухайн хэрэг энэ сарын 19-ны шөнө болсон бөгөөд “Суман гүн” ХХК-ийнхан “Энэ чинь манай газар” хэмээн Булган аймгийн уугуул, аймгийн арслан А.Отгонбаатар тэргүүтэй 30 гаруй эрчүүдийг дайчлан 195 сая төгрөгийн замын эвдэж сүйтгэсэн гэх мэдээлэл байна.

Энэ үеэр хоёр хүний биед хүндэвтэр гэмтэл учирч оршин суугчид хууль хяналтын байгууллагад хандахад хүлээж аваагүй гэх гомдлыг иргэд хэлж байгаа юм. Мөн гэмтлийн эмнэлэгт очиход нь “Наад хүмүүсээ нэгдүгээр эмнэлэг рүү аваад яв. Дотуур гэмтэлтэй байж магадгүй” гээд толгойн хэсэгт нь оёдол тавьж өгөөд явуулсан байна. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага цаашид хэрхэн шийдэхийг эргэн мэдээлэх болно.

Бид мэдээллийн тэнцвэртэй хүргэх үүднээс хоёр талын байр суурийг авсан юм. Уг асуудлаар “Суман гүн” ХХК-ийн захиралтай утсаар холбогдоход дараах тайлбарыг өгөв. Тодруулбал, “Оюунлаг” сургуулийн тавьсан замыг манай компанийг сүйтгэсэн гэх мэдээлэл цацагдсан байна. Ийм мэдээлэл тархсанд үнэхээр гайхаж байна.

Манайх нарийн боов үйлдвэрлэдэг л компани шүү дээ. Бидэнд XIII хороололд газар ч байхгүй. Манай компанийн нэрийг оролцуулан ийм худал мэдээлэл тараасныг мэдэхгүй байна. Бид нэр төрөө сэргээлгэхээр хууль хяналтын байгууллагад хандаж байгаа. Зөрчлийн тухай хуулийн дагуу энэ асуудал шийдэгдэх байлгүй дээ” гэсэн тайлбар өгсөн юм.

“Оюунлаг” сургуулийн захирал н.Батсайхан хэлэхдээ “Бидний өөрсдийн хөрөнгөөр хийсэн замыг нийслэлийн комисс хүлээн авч, өөрийн өмчдөө бүртгээсэй л гэж хүсч байна. Бид ийм зам хийчихлээ гэж дуугарсангүй, харин хийсэн ажлыг маань эвдээд сүйтгээд эхлэхээр л аргагүйн эрхэнд олон нийтэд мэдээлэл цацаж байна. Юм хийснийхээ төлөө дарамтад орж, сүрдүүлэгт өртөж байна. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн оройноос бидний хийсэн замыг сүйтгэж эхэлсэн. Өнөө шөнө ч гэсэн дахин эвдлэж магадгүй байна. Ийм асуудалд цагдаа хүчнийхэн ч хөдөлдөггүй юм байна” гэв.

М.АМАРЖАРГАЛ

medee.mn