Монгол биеэ үнэлэгчдээр үйлчлүүлсэн командлагч ял сонсов

Монгол биеэ үнэлэгчдээр үйлчлүүлсэн командлагч ял сонсов

8 сарын өмнө

АНУ-ын тэнгисийн цэргийн командлагч асан 50 настай Трой Амундсонд гэх эрд Баасан гаригт /2018.10.19/Калифорни мужийн өмнөд тойргийн шүүхээс таван жил шоронд хоригдох, 250 мянган ам.долларын нөхөн төлбөр төлөх зэрэг ял шийтгэл оноожээ.

Түүнийг Номхон далайн флотод алба хааж байх хугацаандаа Сингапурт байрлалтай Glenn Defence Marine Asia (GDMA) компаниас авлига авч хариуд нь армид эд материал нийлүүлэх олон саяын дүнтэй гэрээ байгуулсан гэдгийг олж тогтоосон байна. Амундсон арав орчим жилийн хугацаанд тус компаниас зөвхөн мөнгө аваад зогсохгүй тансаглал, зугаа цэнгээний зардлаа даалгаж, биеэ үнэлэгчдээр үйлчлүүлдэг байсан нь тогтоогджээ. Тухайлбал, Амундсон өөрийн болон бусад офицеруудынхаа үнэтэй дарс, зоог, унаа, үдэшлэг, аялал зугаалга, биеэ үнэлэгчдийн зардлыг GDMA компаниар төлүүлснийхээ хариуд армийн бэлтгэн нийлүүлэлттэй холбоотой нууц мэдээ материалыг дамжуулдаг байсан юм.

Өчигдөр АНУ-ын хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлд GDMA компанийн захирал Леонард Глэн Франсист илгээсэн Амундсоны нэгэн цахим шууданг дэлгэжээ. Тус шууданг илгээснийхээ дараа Амундсон Монголоос ирсэн хэд хэдэн биеэ үнэлэгчдээр үйлчлүүлж байсныг тус мэдэгдэлд өгүүлсэн байна. Амундсоны буруутайг 2015 онд тогтоож, өнгөрсөн хугацаанд уг хэрэгт холбогдолтой 33 хүнийг шалгаж, зохих шийтгэлийг оноожээ.

Эх сурвалж: justice.gov, news.mn