24.3 тэрбум ам.долларын өрийг МАН-ын засгийн үед тавьсан гэв

24.3 тэрбум ам.долларын өрийг МАН-ын засгийн үед тавьсан гэв

1 жилийн өмнө

УИХ дахь АН-ын бүлэг 2018.10.08-ны өдрийн хуралдааныхаа үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонссон тухай бид мэдээлсэн билээ. Уг сонсголын талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Гадаад зах зээлд манай гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох алт, зэс, нүүрс гээд газрын ховор элементүүдийн үнэ өссөн хэвээр байна. Мөн гадаад, дотоодын хүмүүнлэгийн байгууллагуудын зээл тусламж буураагүй байна. Шулуухан хэлэхэд, өнөөгийн Засгийн газар маш их мөнгөтэй, баян байна. Харамсалтай нь, энэ Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байна. Үүнээс болоод нийгэмд сөрөг үр дүнгүүд гарч байна. Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа байхгүйгээс инфляци бараг 9 хувьд хүрлээ. Дээр нь бензин шатахууны үнэ ганц шөнийн дотор 60 төгрөгөөр өсч байна. Хүнсний үнийн индекс 30 хувь руу дөхлөө. Монгол Улсын гадаад өр 27.7 тэрбум ам.доллар буюу 2016 онтой харьцуулахад 3.5 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна. Монголбанк, Засгийн газрын үнэт цааснуудыг авч үзвэл 4 их наяд 554 тэрбум төгрөг болж өссөн байна.

2019 оны төсвийг 1.8 тэрбум төгрөгийн алдагдалтай оруулж ирж байна. Төсвийн алдагдал гэдэг бол өр. Засгийн газрын болон Монголбанк үнэт цаасаар дамжуулан өр үйлдвэрлэж байна. Ийм их өртэй байж Сангийн сайд өргүй болсон гэж худал мэдээлэл цацсан. Тэр хүн АН-ын үед тавьсан өрийг дарсан гэж хэлж байгаа юм. Яг ямар өрийг дарсан бэ гэхээр хариулж чадахгүй сууж байна. Ингэж хий хоосон улстөрждөг Сангийн сайд байж болохгүй. Тиймээс бид Сангийн сайдтай хариуцлага тооцохыг шаардах болно. Үнэхээр 2012-2016 онд АН-ын үед тавьсан хоёр өр л бий. Нэг нь 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд. Хугацаа нь болоогүй. Нөгөөх нь 600 сая ам.долларын “Самуурай” бонд. Дээр нь МАН-ын Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар ажиллаж байхдаа тавьсан 300 сая ам.долларын өр байдаг. Нийлээд 2.4 тэрбум ам.доллар. Үүнийг 27.7 тэрбум ам.долларын өрөөс хасаад үзэх юм бол 24.3 тэрбум ам.долларын өрийг МАН-ын засгийн үед тавьсан байдаг. Өрөөр шоудах гэсэн оролдлого их гарч байна. Хоёрхон жилийн дотор 3.5 тэрбум ам.долларааргадаад өрийг нэмэгдүүлчихээд үүгээр юу хийснээ тайлбарлаж чадахгүй сууж байна. Саяхан 5.7 их наяд төгрөгийн өр дарсан, оны эцэст 6.6 их наяд төгрөгийн өр дарж дуусна гэсэн мэдээллийг Сангийн сайд өгөхөд нь би “Энэ өрийн хэдийг нь аль засгийн үед тавьсан бэ” гэхэд хэлж мэдэхгүй байсан. Сангийн яамны сэтэртэнтуурайтан бүгд хариулж чадаагүй. Ийм хариуцлагагүй. Тиймээс бид өртэй холбоотой асуудлыг цаашид нарийн тодруулах болно” гэсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn