Д.Цогтбаатар: Монгол Улс Ким-Трампын хоёр дахь уулзалтыг зохион байгуулах боломжтой

Д.Цогтбаатар: Монгол Улс Ким-Трампын хоёр дахь уулзалтыг зохион байгуулах боломжтой

8 сарын өмнө

Mонгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах боломжтой гэж ОХУ-ын Спутник мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. АНУ, Умард Солонгосын түүхэн уулзалтыг анхлан зохион байгуулахад Улаанбаатар хотын нэр хүчтэй яригдаж байсан ч эцсийн дүндээ Сингапурт зохион байгуулагдсан юм.

“Бидний хувьд дээд хэмжээний энэ чухал уулзалтыг зохион байгуулах бүрэн боломжтой. Үүд хаалга нээлттэй. Гэхдээ миний хэлэхийг хүсч буй зүйл гэвэл энэ уулзалт Монголд  болох эсэхээс үл хамааран АНУ, Умард Солонгосын яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм” гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ярьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ долоо хоногийн эхээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун-ыг айлчлахыг урьсан нь олон улсын анхаарлыг татаад байна. Өнгөрсөн зургадугаар сарын 12-ны өдөр Трамп-Кимийн уулзалт Сингапур улсад болж, Умард Солонгосын цөмийн зэвсэг туршихгүй, зэвсэглэлээр хөөцөлдөхгүй, Умард болон Өмнөд Солонгосын энхийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурах зэрэг олон чухал асуудлыг хөндөн ярилцсан юм. Анхны уулзалт болохын өмнө Шведийн нийслэл Стокгольм, Монголын нийслэл Улаанбаатар, Сингапур зэрэг хотуудад зохион байгуулагдахаар ярилцаж байсан билээ.

Дашрамд дурдахад Монгол болон Умард Солонгосын хооронд 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож байсан юм. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэгш ой тохиож байгаа бөгөөд 1951 онд Элчин сайдын яамаа харилцан нээж байсан билээ.

Б.Азаа

zindaa.mn