Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ

Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ

1 жилийн өмнө

-ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ЦАГДААГ СЭТГЭЛ САНААНЫ
ХЯМРАЛД ОРОХОД НӨЛӨӨЛСӨН ҮҮ-

Энэ сарын 13-14 шилжих шөнө нэг цагийн орчим Булган аймгийн Бугат сумын нутаг "Бяцхан хөтөл" гэх газар аймгийн төвөөс хойш 20 км-т асфальтан замд Prado маркийн автомашин онхолдож, жолооч 28 настай М-н амь нас хохирсон хэрэг гарсан байна.

Дээрх онхолдсон машины жолооч нь тус аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч ахмад М байсан аж. Осолдох үедээ ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг албаныхан онцолж байгаа юм. Амь насаа алдсан цагдаагийн алба хаагч нас барахынхаа өмнө малын хулгайн хэргээр мөрдөн байцаах ажиллагаа явуулж байсан байдаг. Гэтэл тус хэргээр сэжиглэн саатуулсан этгээдийг өмгөөлөхөөр Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч, тус цагдаагийн алба хаагчтай уулзсан байна. Уулзахдаа цагдаагийн алба хаагч руу дайрч, хэл амаар доромжилж, бичлэг хийж сайтад нийтэлжээ. Мэдээ нийтлэгдсэнээс болж хэсгийн төлөөлөгч амиа алдахынхаа өмнө багагүй сэтгэл санааны хямралтай байсан талаар эх сурвалж мэдээлэв.

Энэхүү хэрэг явдлын дараа хэсгийн төлөөлөгч амь насаа алдсан нь иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчийг нөлөөлсөн хэмээн цахим орчинд тараад буй. Уг хэргийг шалгахаар Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэг Булган аймгийн Гурванбулаг суманд ажиллаж байна. Учир нь цагдаагийн алба хаагчийн ажил үүргийн эрх чөлөөнд халдсан эсэх болон осол болсон шалтгаан гадны нөлөөлтэй эсэхийг нарийвчлан шалгах аж.

Амь насаа алдсан цагдаагийн алба хаагчтай уулзаж, маргалдсан гэх Иргэний нийгмийн төлөөлөгчтэй бид холбогдож тодруулга авахад: Тэрээр хэсгийн төлөөлөгч амиа алдсанд харамсаж байна. Гэхдээ би тэр хүнийг амиа алдахад хүргээгүй. Би түүнтэй уулзаж шаардлага тавьсан нь үнэн. Тэр цагдаа харин уучлалт гуйж чаддаг шударга хүн байсан гэв.

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn