Өнөөдөр Торонтод бүртгүүлж буй “Xanadu Mines” шинэчилсэн НӨӨЦ-өө зарлана

Өнөөдөр Торонтод бүртгүүлж буй “Xanadu Mines” шинэчилсэн НӨӨЦ-өө зарлана

8 сарын өмнө

"Хармагтай” ордыг хайгуулаас олборлолтын шат руу шилжүүлэхээр төслийг урагшлуулж буй “Xanadu Mines” компани Торонтогийн хөрөнгийн биржид өнөөдөр бүртгүүлж байна. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй  тус компани  нөөц нь өсөх боломжтой гэгддэг “Хармагтай”зэс, алтны ордод энэ жил хайгуулаа улам эрчимжүүлсэн. Өндөр эрдэсжилт бүхий талбай олж илрүүлснээ Зараа гэж нэрлээд буйгаа  мэдэгдсэн.

“Хармагтай” ордыг анх манай монгол компани олж илрүүлсэн байдаг. Харин манайхнаас “Туркойз Хилл Ресурс” компани худалдаж аваад байсныг нь “Xanadu Mines”, “Монгол металлс” компани хамтран худалдан авсан гэх мэдээлэл бий.

“Xanadu Mines”компанийн тухайд ганц Хармагтай орд бус Улаан уулын алт зэсийн орд, Шар уулын зэсийн ордуудын төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй.

“Хармагтай” төслийн тухайд 76.5 хувийг нь эзэмшдэг. Хармагтай орд нь Оюутолгой ордоос хойд зүгт 120 километрт, Улаанбаатараас 440 километрт оршдог. 680 мянган тонн зэс, 70 тонн алтны нөөц илэрсэн. Цаашид нөөцөөрөө “Оюутолгой”-той эн зэрэгцэнэ гэх мэдээлэл байдаг ч, мэргэжилтнүүд тэгж яарч дүгнэхэд эрт байна гэж хэлдэг.

Уул уурхайн ассоциацийн тэргүүн Н.Алгаа хэлэхдээ “Оюутолгой ордын одоогийн нөөцийг Улаанбаатараас Москва орох дайны 10 өрөмдлөгийг долоон жилийн турш хийж байж илрүүлсэн. “Xanadu Mines”компани энэ орд дээр өрмөө зоох гэж өчнөөн хүлээсэн шүү дээ. Тиймээс үр дүнг нь шууд түрүүлж харах боломжгүй. Ийм хэмжээний нөөц байж тун магадгүй гэж л үзэж байгаа юм” гэж байсан юм.

Тус компани энэ улирлын төгсгөлд эдийн засгийн урьдчилсан судалгаагаа танилцуулна. Тэр үед нөөцийн шинэчилсэн мэдээллээ ил болгох аж.

Э.Болор

www.zindaa.mn