Хүүхдийг шөнийн турш бүтэн нойртой хонуулах 10 арга

Хүүхдийг шөнийн турш бүтэн нойртой хонуулах 10 арга

8 сарын өмнө

Шинэхэн эцэг эхчүүд минь наашаа суугаарай. Ээжүүд нь өдөртөө хүүхдээ харж ядраад, аав нар ажилдаа түүртээд шөнө унтаж амрах гэтэл хүүхэд тань уйлаад байна уу? Тэгвэл та бидний бэлтгэсэн мэдээг заавал уншаарай. Бид хүүхдээ бүтэн шөнийн турш нам унтуулах аргыг танд зааж өгье.

1Чимээ

Гэрлийн унтраалга дарах, хаалга онгойх зэрэг бяцхан чимээ хүүхдийг тань сэрээгээд байвал цагаан чимээ буюу “White noise” ашиглаарай. Энэ нь хүүхэд гэдсэн дотроо сонсож байсантай төстэй, давтамжтай чимээ бөгөөд хүүхэд үүнийг сонсоод хэдхэн минутын дотор нам унтах юм. Үүгээр ч зогсохгүй шөнө сэрэхгүй. Ийм чимээг та гар утсан дээрээ татаж авч болох ажээ.

2Хоол

Хүүхдийг зөв хооллох нь сайн унтахтай шууд холбоотой. Сайн хоолловол хүүхэд өлссөнөөсөө болж, нойрноосоо сэрэхгүй юм. Гэхдээ хүүхдээ унтахаас нь 30 минутын өмнө хооллох хэрэгтэй. Хүүхэд 6 сар хүрээгүй бол унтахаас нь өмнө заавал гулгиулаарай. Тэгэхгүй бол гэдсэнд хий хуримтлагдсанаас болж хүүхэд тавгүйтэн, уйлагнан сэрж мэднэ. Өдөр хооллохдоо чимээ ихтэй, идэвхитэйгээр хооллоод орой нам гүмд, аядуухан хоолловол хүүхэд өдөр, шөнийн ялгааг мэддэг болох юм.

3Дасал

Хүүхдэд унтах цаг болсныг зааж өгөх тун амархан. Унтахын өмнө ямар нэг зүйл тогтмол хийж, дадал болговол хүүхэд унтах цаг болсныг мэддэг. Үүний тулд та хүүхэддээ иллэг хийж, усанд оруулж, живхийг нь сольж болно. Эсвэл хөгжим сонсгож, бүүвэйлсэн ч болох юм. Ингээд удахгүй хүүхэд эдгээр үйлдлийг хийх үед унтах цаг болсныг ойлгодог болох ажээ.

4Гэрэл

Хүмүүс гэрэлтэй өрөөнд унтаж чаддаггүй шиг хүүхэд ч мөн харанхуйд унтах дуртай. Хурц гэрэл хүүхдэд садаатай байдаг ажээ. Өглөө хүүхдийнхээ өрөөг гэрэлтэй байлгаж, өдрийн унтлагын цагаар гэрлийг нь унтрааж, харин шөнө харанхуй байлгах хэрэгтэй. Ингэснээр гэрэлгүй болох үед хүүхэд өдөр, шөнийн ялгааг мэддэг болно. Мөн шөнө босч, живхийг нь солихдоо ч аль болох бүдэг гэрэлтэйд хийж заншаарай.

5Хэм

Хүмүүс хэт халуун, эсвэл хүйтэн байхад унтаж чаддаггүй. Хүүхэд ч мөн адил. Харин хүүхдэд хамгийн тохирсон хэм бол 21 градус юм. Хүүхэд халууцаж, хөлөрвөл хучлагыг нь нимгэлж, даарвал хөнжил нэмээрэй. Хүүхдийг хүйтэн оронд хэвтүүлж болохгүй. Температурын өөрчлөлт хүүхдийн уурыг хүргэдэг юм.

6Нойр

Олон эцэг эхчүүд хүүхдээ бүүвэйлж унтуулчихаад чимээгүйхэн оронд нь тавьдаг. Энэ нь маш буруу юм. Учир нь хүүхэд шөнө сэрсэн тохиолдолд эргэж унтах аргаа олдоггүй. Харин үүний оронд та нойр нь хүрсэн хүүхдээ хүчээр унтуулалгүй, оронд нь хэвтүүлээрэй. Байж боломгүй санагдаж байж болох ч, ингэснээр хүүхэд өөрөө унтаж сурдаг. Нойрмог хүүхэд байн байн нүдээ цавчлан, эвшээж, тайван байдаг бөгөөд хүүхдээ оронд нь хэвтүүлэхэд хэсэг зуур нойр нь сэргэж мэдэх ч, удахгүй унтаад өгөх юм. Мөн хүүхдийг үргэлж дээш нь харуулж хэвтүүлэх бөгөөд дээрээс нь хөнжил юм уу, өлгийгөөр хучиж өгөөрэй.

Өдөр, шөнө

Өдрийн цагаар идэвхитэй байх хэрэгтэй. Хүүхэд сэрүүн байх үед тоглож, ярьж, дуу дуулж байгаарай. Үүний дүнд хүүхэд шөнө бөх унтдаг. Гэхдээ үдэш болох үед хүүхдийг хэт ядрааж болохгүй. Ингэснээр хүүхэд тайвширч, тогтож өгдөггүй бөгөөд унтаж чадахгүй болдог. Дээрээс нь хүүхдийг өдөрт 20-30 минутын хугацаатайгаар 2-3 удаа унтуулж байгаарай. Дөнгөж төрсөн хүүхэд биш л бол өдөрт гурваас олон цаг унтах хэрэггүй.

Ор

Хүүхэдтэйгээ хамт унтаад байхаар хүүхэд өөрөө унтаж чадахгүй болдог. Мөн ээжүүд хэвтэж байхдаа хүүхдээ хөхөөрөө хооллож болохгүй. Үүний оронд нэг өрөөнд унтаж байх нь зүйтэй. Өрөөндөө хүүхдийнхээ орыг тавьчихвал эх, хүүхэд хоёуланд нь амар бөгөөд эцэг эхчүүд өөрсдөө ч сайн унтаж чадах юм.

Соосго

Хүүхдээ байнга бүүвэйлэхийн оронд соосго өгөөд үзээрэй. Ингэснээр хүүхэд хурдан тайвширдаг. Унтаж байхдаа соосго хөхөх нь хүүхдэд сайн нөлөө үзүүлдэг. Гэхдээ соосгыг хүүхдээ нэг сар хүрснээс нь хойш өгөөрэй. Нойрондоо соосгоо унагачихаад унтаж байгаа хүүхдэд заавал буцааж өгөх шаардлага байхгүй. Хүүхэд удахгүй соосгогүй унтаж сурах юм. Мөн соосгыг өдөр болгон ариутгаж, цэвэрлэж байх ёстойгоос гадна ойр ойрхон сольж байх хэрэгтэйг эцэг эхчүүд анхаараарай.

10 Унтах цаг

Хүүхдийг тогтмол цагт унтуулж, тогтмол цагт босгож байх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ижил цагт унтах нь зүйтэй. Гэхдээ ингэхийн тулд хүүхдийнхээ унтах цагийг өөрсөддөө тааруулж өөрчилбөл хүүхэд тавгүйрхэж, дааврын ялгарал нь өөрчлөгддөг. Өглөө их унтуулахын тулд орой унтуулахгүй байж болохгүй. Ингэвэл хүүхэд ядрахаас гадна, тайвширдаггүй. Тогтмол цагт унтсанаар хүүхдийн биед “сэрүүлэг” ажиллаж эхэлдэг бөгөөд унтах цаг болмогц хүүхэд өөрөө нойрмоглож эхэлдэг билээ.

Үүнээс гадна дараах зүйлсийг санаад аваарай.

  • Хүүхэд болгон өөр, тиймээс том хүүхэд дээрээ хэрэглэж байсан аргаа бага хүүхэддээ тулгах хэрэггүй.
  • Хүүхдийн унтах цагийг өөрчлөхөд 3-14 хоног шаардагдана.
  • Хүүхэд шөнө уйлбал, яаран гүйж очих хэрэггүй. Олон хүүхэд шөнө сэрчихээд, өөрөө буцаад унтчихдаг.
  • Хүүхдийнхээ унтах, сэрэх цагийг хүндэтгэж, түүнд нь тааруулж төлөвлөгөө гаргаарай.
  • Хүүхэддээ дэр, чихмэл тоглоом гэх мэт зөөлөн эд зүйл авч өгч байгаарай.
  • Хүүхдийг матрас, дэр, эсвэл хэтэрхий зөөлөн зүйл дээр унтуулж болохгүй.
  • Хүүхдийн ор л биш бол диван, өргөн ор зэрэг нь хүүхдэд аюултай.
  • Хүүхдээ тамхины утаанаас хол байлгаарай.
  • Хүүхдээ унтаж байхад нь толгой, чихийг нь битүүлж хэрхэвч болохгүй.\

khulangoo.mn