Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна

Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна

1 жилийн өмнө

-ОСЛЫН ҮЕЭР УУРХАЙД БАЙСАН 821 ХҮНЭЭС ҮЛДСЭН 316 ХҮНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОХЫГ ШААРДЖЭЭ-

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших "Оюутолгой"-н гүний уурхайд энэ сарын 15-ны даваа гаригт дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжид гал гарсан. Одоогоор гүний уурхайн ажил зогсоод буйг Ханбогд сумын Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Ослын шалтгаан, хохирлын хэмжээг тодруулахаар Өмнөговь аймгийн онцгой байдлын газар болон мэргэжлийн хяналтынхан ажиллаж байгаа аж. Дүгнэлт гарахад 14 хоногийн хугацаа шаардлагатай юм байна.

Тус үйл явдалтай холбоотойгоор ажилчдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг “Оюу толгой” ХХК мэдэгдсэн юм. Ослын дараа буюу даваа гарагийн 21:00 цагийн байдлаар гүний уурхайд ажиллаж байсан 505 ажилтныг бүгдийг нь аюулгүй газарт гаргаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн болохыг Өмнөд бүсийн Онцгой байдлын газар мөн мэдээлсэн билээ. “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс “Оюу толгой”-н гүний уурхайд гарсан ослын талаар тодорхой мэдээлэл өгөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн байна. Тус шаардах албан бичигт “Энэ сарын 15-нд "Оюу толгой"-н гүний уурхайн нэгдүгээр босоо аманд дунд оврын JCB загварын дугуйт ачигч осолдсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ ослын үеэр уурхайд байсан 821 хүн өртсөнөөс 505 хүнийг ослын газраас гаргасан мэдээлэл байна. Үлдсэн 316 хүний мэдээллийг ил тодоор олон нийтэд хүргэхгүй байгаа нь монгол хүнийг үнэлэх үнэлэмж энэ уурхайд байхгүйн илрэл гэж ойлгож байна. Иймд осолд өртсөн иргэдийн биед ирээдүйд сөрөг үр дагавар гарах эсэхийг үнэн зөв тогтоож, нийтэд ил тодоор мэдээлэхийг шаардаж байна” хэмээжээ.

"Оюутолгой"-н далд уурхайгаас бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх хугацаа хойшилж магадгүй тухай “Rio tinto” мэдээлсэн гэж mining com-д тэмдэглэжээ. Хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалт газрын байдал зэрэг нь үүнд нөлөөлж буй гэнэ. Далд уурхайн тогтвортой үйлдвэрлэлийг 2021 оны нэгдүгээр улиралд эхлүүлэх төлөвтэй байсан ч гуравдугаар улирлын эцсээс эхлүүлэх төлөвтэй хэмээн Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Turquoise hill resources” мэдэгдсэн байна.

Тодруулбал, далд уурхайгаас анхны хүдрийн биетийг 2020 оны дунд үеэс олборлон, дараа жилээс нь тогтвортой үйлдвэрлэл эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан билээ. Гүний уурхайд оруулах хөрөнгө оруулах хөрөнгийн зардал хэвээр гэдгийг “Rio tinto” групп гуравдугаар урирлын тайландаа дурджээ. Далд уурхайд гал гарсан мэдээлэл цацагдсаны дараа Торонтогийн хөрөнгийн бирж дэх “Turquoise hill resources” компанийн хувьцааны ханш 2.52 доллар болж доошиллоо. Энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшин буюу 2008 оны арванхоёрдугаар сарын 06-нд 2.42 долларт хүрч байсантай тун ойролцоо юм.

П.УРНАА

medee.mn