Германд сурдаг монгол оюутан цахимаар Монголд амьдардаг иргэний банкны дансанд халдаж, 8.7 сая төгрөг авчээ

Германд сурдаг монгол оюутан цахимаар Монголд амьдардаг иргэний банкны дансанд халдаж, 8.7 сая төгрөг авчээ

1 жилийн өмнө

-ГЭМТ ЭТГЭЭДИЙН ХАМСААТАН ХОЁР ЗАЛУУГ БАРИВЧЛАН СААТУУЛСАН БАЙНА-

Энэ сарын эхээр гадаадад сурдаг монгол оюутан цахимаар Монголд оршин суудаг нэгэн иргэний банкны дансанд халдаж, улмаар найман сая долоон зуун мянган төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарчээ.

Эл хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгаж буй аж. Мөн дээрх гэмт этгээдтэй хамтарсан, Дархан-Уул аймагт оршин суудаг хоёр залууг баривчлан саатуулсан байна.

Бид иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ хэргийн талаар хохирогчийн найзаас тодруулснаа хүргье. Хэн нэгэн этгээд хохирогчийн фэйсбүүк, мэйл хаягт халдаж, бүх зураг болон мэдээллүүдийг нь устгажээ.

Гэв гэнэт фэйсбүүктээ орж болохгүй болмогц хохирогч дүүдээ энэ талаар хэлсэн байна. Дүү нь “Таны фэйсбүүк хаягийг өөр хүн ашиглаж байна” гэжээ. Иймд хохирогч дахин нууц үгээ оруулж, фэйсбүүк хаягтаа нэвтрэхэд хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүний зурагтай нээгдсэн байна. Мөн түүний хаягаар уул уурхайн лиценз зарна гэх мэт зар цахимаар цацсан байжээ.

Хэд хоногийн дараа шөнө унтаж байхад нь утсанд нь “Таны данснаас 8.7 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ”гэсэн мессэж ирсэн байна. Энэ дагуу хохирогч Хаан банкинд очиж, холбогдох хүмүүстэй уулзан, улмаар Эрүүгийн цагдаагийн газарт ханджээ.

Хохирогчийн гомдлын дагуу тус албаныхан шалгалт явуулахад гадаадад сурдаг монгол оюутан эл хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Мөн Дархан-Уул аймгийн гаралтай хүүхэд бөгөөд түүнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн Дарханы хоёр залууг баривчлан саатуулжээ. Саатуулагдсан хоёр залуугийн хувьд боломжийн амьдралтай айлын хүүхдүүд бөгөөд “Одоо хохирлыг нь барагдуулаад өгчихье” хэмээн мэдүүлсэн аж.

Гадаадад сурдаг оюутны хувьд хохирогчийн банкны данснаас авсан мөнгөө өөр данс руу шилжүүлж, буцаагаад Дарханд байгаа залуугийн данс руу хийжээ. Тэр мөнгийг баривчлагдаад буй хоёр эргүүлэн түүн рүү гуйвуулсан байна.

Хуульчийн тайлбарлаж буйгаар, гадаадаас монгол иргэний дансанд халдсан гэмт этгээдийн сурдаг эсэхийг тогтоон, сурдаг бол сургуулийнх нь захиргаанд мэдэгдэж, сургууль руу нь мэйл явуулахын зэрэгцээ тухайн улсын цагдаагийн байгууллагад мэдэгддэг байна. Гэмт этгээдийг тухайн улсын хуулиар шийтгэх ажээ.

Гэмт этгээд хохирогчийн данс руу удаа дараа халдаж, мөнгө авахыг оролдсон ч бусдын дэмжлэггүй бол авч чадахгүй байсан тул дээрх хоёр залууг татан оруулсан байх магадлалтай юм байна. Саатуулагдаад буй хоёр залуугийн хувьд Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлэх ажээ.

Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа тул холбогдох албаныхан иргэддээ фэйсбүүк, интернэт банк болон гар утас, картынхаа нууц дугаар зэргийг бусдад хэлж, ямар нэг гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.

Д.ТУЯА

medee.mn