Х.Г: Бичлэг цацагдсанаас хойш ТАЛИЙГААЧ дарамтад орсон байсан

Х.Г: Бичлэг цацагдсанаас хойш ТАЛИЙГААЧ дарамтад орсон байсан

1 жилийн өмнө

Булган аймгийн Гурван булаг сумын хэсгийн төлөөлөгч Н.Мөнхтулга ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Н.Мөнхтулга Улаанбаатар хотоос Булган аймгийн Гурван булаг суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон очоод гурван сарын хугацаанд ажилласан байна. Талийгаач нас барахынхаа өмнө малын хулгайн хэрэг шалгаж байсан бөгөөд уг хэрэгтэй холбоотойгоор сэтгэл зүйн хүнд дарамтад орсон байжээ.

Талийгаачийг шалгаж байсан хэргийн тухайд тодруулъя. 2018 оны есдүгээр сарын 30-ны өдөр Гурванбулаг сумын орчмоос 21 адуу алдагдаж, шалгалт явуулсны дүнд сумын төвөөс 100 гаруй км зайд орших Орхон сумын нутгаас алдагдсан адууны 17-г нь Хэнтий аймгийн харьяат иргэн Д.Дорж хариулж явахтай таарсан байна. Улмаар иргэн Д.Доржоос уг хэрэгт холбогдуулан тайлбар авахаар сумын төв рүү авч явсан гэх ба хэргийг шалгах явцад Улаанбаатар хотоос ирсэн хэсэг бүлэг хүмүүс хэсгийн төлөөлөгчийн албан өрөөнд орж ирэн, дүрс бичлэг хийж, олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн сайтад байршуулжээ.

Тодруулбал, малын хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан Д.Дорж өөрийг нь сумын төвд авчирснаас хойш долоо хоног болоход ямар нэг тайлбар аваагүй, хүний эрх зөрчиж байна гэх гомдлыг хуульч Х.Бат-Ялалтад гаргасны дагуу тэрбээр сэтгүүлч дагуулан очиж, сурвалжлага хийжээ. Тэдний хийсэн бичлэг олон нийтэд цацагдсаны дараа талийгаач Н.Мөнхтулгад олон нийтийн зүгээс дарамт шахалт ирэх болсон гэх ба талийгаач сэтгэлзүйн хувьд хямарч, хүнд байдалд орсон байна. Энэ үедээ автозамын осолд орж, амь насаа алдсан гэж гэр бүлийнхэн нь үзэж байгаа юм. Харин хуульч Х.Бат-Ялалт дээрх уулзалтынхаа дараа хулгайн хэргийн сэжигтэн Д.Доржийг Орхон сумаас авч явсан гэх мэдээлэл байна.

Н.Мөнхтулгын ар гэрийнхэн өчигдөр /2018.10.15/ Булган аймгийн төвөөс талийгаачийн шарилыг Улаанбаатар руу авирсан ба тэдний зүгээс талийгаачийн үхэлд сэтгэлзүйн дарамт шууд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

Энэ талаар Н.Мөнхтулгын хуурай эгч Х.Г хэлэхдээ “Манай сум гурван мянган хүн амтай. Нэг цагдаа, нэг хэсгийн төлөөлөгчтэй. Үнэнийг хэлэхэд, энэ хоёр хүн хаанаа ч хүрдэггүй. Хэсгийн төлөөлөгчийг өдөр бүр шахуу аймгийн төв рүү дууддаг. Малын хулгайд сэжиглэж байсан хүнээ авчирсны орой Н.Мөнхтулга аймгийн төв рүү дуудагдаад явсан. Аймгийн төвөөс ирэнгүүтээ гэрээрээ дайрч, хувцсаа сольж өмсөөд, ажил руу гаа явсан. Тэгэхэд гаднаас хүмүүс ирчихсэн, бичлэг хийгээд явсан. Ямар ч тайлбар сонсоогүй. Яагаад ингэж байгаагаа хэл гэх мэтээр дайрч байсан. Хууль дүрмэндээ хэн нэг хүн гарч ирээд, цагдаагийн алба хаагчаас тайлбар нэхэх эрхгүй, нөгөө хүн ч тайлбар өгөх албагүй. Х.Бат-Ялалт гэдэг хүн бичлэг хийж, олон нийтэд цацсанаас хойш Н.Мөнхтулга сэтгэлээр маш их унасан байсан. Тал талаас нь хүмүүс ярьж, дарамтлах болсон.

Шөнө унтаж чадахгүй байна, эгч ээ” гэж надад ярьж байсан. Тухайн үед ажил ихтэй байснаас гадна сар ч хүрээгүй нярай хүүхэд нь өвдсөн тул эхнэр, хүүхдээ эмнэлэгт хэвтүүлэхээр Улаанбаатар явахаар бичиг баримтаа хөөцөлдөөд явж байсан юм. Ар гэр, найз нөхөд нь талийгаачийг тэр асуудлаас болоод амиа алдсан гэж бодож байгаа. Айлын л амьдрал хойно, цалингийн зээл аваад, эхнэр гурван хүүхдээ тэжээх гэж хичээж явсан. Эхнэр нь бүлтийсэн гурван нялх амьтантай, орох оронгүй, өр ширтэй үлдэж байгаад сэтгэл эмзэглэж байна. Хотоос хүмүүс ирж, дарамтлаагүй байсан бол ингэж сэтгэл санаагаар унаж, осол аваар гаргахгүй ч байсан юм билүү гэдэг бодол төрж байна. Бид үнэхээр гомдолтой байна” гэлээ.

shinemedee.mn