Яндангийн шүүлтүүрийн тухайд...

Яндангийн шүүлтүүрийн тухайд…

8 сарын өмнө

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат янданд шүүлтүүр тавих тухай яриагаараа олны шүүмжлэлийн бай болж байна. Тодруулбал, 50 мянган төгрөгийн янданд, 500 мянган төгрөгийн шүүлтүүр тавих гэлээ хэмээх шүүмжлэл олон нийтийн дунд үүсээд байгаа юм.

Шүүлтүүрийн талаарх яриа анх МУИС-ын хашаан дотор индукцийн арга гээчийг туршиж буй талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг жиргээ хуудаснаа нийтэлснээр яригдаж эхэлсэн. Энэхүү мэдээллээр БНХАУ-ын HAIER компани уг индукцийн шүүлтүүрийг нийлүүлэх бөгөөд утааг 80 хувь бууруулна гэсэн ам андгай өгчээ. Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэлснээр утаа 80 биш юмаа гэхэд 50 орчим хувиар бууруулна хэмээн хэлж байгаа юм.

Тэрбээр “Утаа бууруулах хамгийн оновчтой арга нь янданд индукцийн аргаар филтер буюу шүүлтүүр тавих. Богино хугацаанд утаа бууруулах арга энэ л байна. Ирэх онд төсөвлөсөн 154 тэрбум төгрөгөөс гэр хорооллын 100 мянган айлын яндан, 3 мянган нам даралтын уурын зууханд шүүлтүүр суурилуулна. Утааны шүүлтүүр авсан айлууд бар код, смарт апплейкшнтэй болно. Цахилгаан түгээх сүлжээ компани нь түүнийг хянаад явна.

Өнгөрсөн жил Монгол улсын утаанд зарцуулсан бүх мөнгийг 50 сая төгрөгийн үнэтэй байшинд өгөхөд дөрөвхөн мянган айлыг орон сууцтай болгох юм. Дөрөвхөн мянган айлыг орон сууцанд оруулчихаар цаана нь үлдсэн 196 мянган айл гал түлж байна. Ингээд л утааг бууруулах ажлын үр дүн гарахгүй” хэмээн ярьжээ.

Индукцийн шүүлтүүрийн тухайд зуухнаас гарч буй утааг өндөр хэмд дахин шатааснаар пм2.5 тоосонцрыг задлан шатаах зарчмаар ажиллах юм байна. Цахилгаан эрчим хүчинд залган ажиллах бөгөөд сард 20-30 мянган төгрөгийн цахилгааны зардал гарах нь.

Эцэст нь гэр хорооллын нийт өрхийн тал хувьд нь утааг 50 хувь бууруулдаг шүүлтүүр тавихад нийслэлийн утаа 25 хувиар буурч чадах болов уу. Нөгөөтэйгүүр индукцийн төхөөрөмж суулгасан 100 мянган айл сард 20 мянган төгрөгийн цахилгааны нэмэлт төлбөр төлөх чадамж бий юу.

Time.mn