Засгийн газрын шийдвэрээр ХӨСҮТ-ийн эмч нарын цалинг хасжээ

Засгийн газрын шийдвэрээр ХӨСҮТ-ийн эмч нарын цалинг хасжээ

11 сарын өмнө

-ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР, ЗАРИМ
АЖИЛЧНЫ ЦАЛИН БУУРЧЭЭ-

Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн эмч ажилчид цалинг бууруулсан гэх шалтгаанаар ажил хаяв. Энэ асуудлыг шийдэхээр тус байгууллагын удирдлагууд шуурхай хуралдаж ажилчидтайгаа хэлэлцээр хийснээр ажил хаяхаа зогсоосон юм. Учир нь тус байгууллагын эмч, ажилчдын цалин 70-250 мянган төгрөгөөр бууруулж олгосонд ХӨСҮТ-ийн ажилчид багагүй  бухимдсан аж. Тэд Засгийн газраас цалин нэмнэ хэмээн амласан ч эсэргээр нь буурууллаа гэсэн юм.

Уг асуудлыг тодруулбаас, Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд бүх эмнэлгийн байгууллагын эмч, ажилчдын цалинг нэгдсэн байдлаар нэмэхээр болсон. Харин тус шийдвэрийн дагуу цалингийн доод хэмжээ ХӨСҮТ-ийн ажилчдаас бага байсан аж. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-ийн ажилчдын цалин бусад эмнэлгийн байгууллагын ажилчдын цалингаас ялимгүй их байсан гэсэн үг. Ийнхүү нэгдсэн байдлаар бусад эмнэлгүүдийн ажилчдын авдаг цалингийн сүлжээгээр цалинжих нэрийдлээр ХӨСҮТ-ийн ажилчдын хуучин авдаг байсан цалингаас бага дүнгээр бодогдож орсон байна. Тухайлбал, 710 мянган төгрөгийн үндсэн цалинтай байсан бол буурч 630 болсон. Гэхдээ гарт олгогдохдоо нэмэгдлийн зөрүү гэх 70 орчим мянган төгрөг орсон байх юм. Үндсэн цалин буусантай холбогдуулан зээлтэй байсан эмч нарт банкнаас “Зээлээ төлөх боломжгүй” гэсэн мэдэгдэл маш олон иржээ. Энэ асуудлаар ХӨСҮТ-ийн эмч, ажилчид удирдлагуудтайгаа уулзалт хийсэн байна. Тус байгууллагын удирдлагууд өчигдөр Сангийн яам болон Эрүүл мэндийн яамтай уулзалт хийж асуудлыг бүрэн шийдсэн гэсэн мэдээлэл өгөв.

Ингэхдээ хүн нэг бүрийн цалингийн хэмжээг жагсаагаад тус бүрд нь нэмж хуульд нийцүүлээд явна гэв. Үндсэндээ цалин бууруулах ХӨСҮТ-ийн даргын тушаал хүчингүй болж, шинэчлэх шийдвэр гарсан байна.

Гэхдээ Засгийн газраас гарсан шийдвэрийн нэг удаагийн Эрүүл мэндийн яам болон Үйлдвэрчний эвлэл, ХӨСҮТ хамтарсан хурлаар хүчингүй болгох боломжгүй баймаар. Ажилчдын хүчтэй эсэргүүцлийн галын унтраах арга хэмжээ авсан байхыг үгүйсгэхгүй юм. Засгийн газраас гарсан шийдвэрийг хүчингүй болгох эрх Үйлдвэрчний эвлэл байхгүй нь ойлгомжтой.

Энэ асуудлаар газар дээр нь ажилласан Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар дараах тайлбарыг өгсөн юм.

-Б.МЯГМАР: ХӨСҮТ-ИЙН ДАРГЫН ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН-

-ХӨСҮТ дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу. Зарим эмч нарын цалинг бууруулсан гэх асуудал яригдаж байна?

-Эрүүл мэндийн салбарын хэмжээнд есөн сарын 1-нээс цалинг 8-30%-иар нэмэгдүүлсэн шийдвэртэй холбоотойгоор улсын хэмжээнд гурван байгууллага дээр асуудал үүссэн. Учир нь энэ шийдвэр ХӨСҮТ, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг гэх гурван газарт шийдвэр хэрэгжихгүй байгаа гомдол санал манайд ирсэн. Яагаад гэхээр Засгийн газраас баталсан доод жишиг нь өмнө нь дотооддоо нөөц бололцоогоор ажилчдынхаа цалинг бололцоогоороо нэмэгдүүлсэн байсан ХӨСҮТ-ийн цалинг шийдвэр гарсны дагуу бууруулсан асуудал үүссэн. Энэ буурсантай холбоотойгоор ХӨСҮТ-ийн ажилчид ажил хаясан. Тэд өөрсдийн эрх ашгийнхаа төлөө тэмцэх ийм асуудал үүссэн. Энэ асуудлаар өнөө өглөө Эрүүл мэндийн яамны санхүү эдийн засгийн н.Нарантуяа даргатай уулзаж ярилцлаа. Үүнтэй холбоотой холбогдуулан Эрүүл мэндийн яамны сайд өмнө авч байсан цалин дээр нь Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу нэмээд явах үүрэг, чиглэл өгсөн.

Энэ нь 2018 оны эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээрийн 3,1-д заасныг зөрчиж байгаа юм. Энэ нь ямар заалт вэ гэхээр цалин тэтгэмжийг хүрсэн төвшингөөс нь бууруулахгүй байх юм.

-Сая танхимаас ажлын хэсэг сонгож байна?

-Тийм. Шуурхай хурлын явцад танхимаас ажилчдын төлөөлөл 11 хүн, удирдлагуудын төлөөлөл 11 хүнийг сонгож хүн нэг бүрээс цалингийнх цэсийг гаргаж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж чадлаа. Энэ чиглэлээр Эрүүл мэндийн яам, Сангийн яамтай Үйлдвэрчний эвлэл хамтарч ажилна.

-Өнгөрөгч есөн сараас дээрх ажилчдын цалингийн зөрүүг нөхөж олгохоор болж байна. Тийм уу?

-Үндсэндээ бол сая цалин бууруулж шийдвэрлэгдсэн ийм тушаал шийдвэрийг сая хүчингүй болгосон.

-Яагаад цалин нэмэх байтал бууруулах тушаал гарсан юм бэ?

-Энэ бол өнгөрсөн хугацаанд 8-9 албан тушаалын ажилчдын цалинг Эрүүл мэндийн сайдын 123 тоот тушаалаас болж мөрдөгдөж байгаа цалин хөлс нь нэмэгдүүлж олгож байсан. Засгийн газраас гаргасан шийдвэр болон ХӨСҮТ-ийн цалин хөлс өөр учраас үүнтэй холбоотой үүссэн маргаан юм. Үүнийг бол сая байгууллагын захиргаа албан ёсоор шийдвэрлэнэ гэсэн байгаа.

-Ажил хаялтаа зарласан байсан уу?

-Өнөөдөр хэлэлцээрт орсон учраас цаашид ажил хаяхгүй гэсэн үг. Одоо хэлэлцээрээр гарын үсэг зураад албажсан тохиолдолд энэ ажил хаялт зогсоно. Маргааш ажилна.

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn