Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ

Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ

1 жилийн өмнө

Өнгөрөгч наймдугаар сарын 9-ны өдөр оройн 21 цагийн үед Зам тээвэр хөгжлийн яамны байранд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдан хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Одоогийн байдлаар тус хэргийг Эрүүгийн хуулийн 11,1-дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлийн ажиллагаа нээж, МБА-ны Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нарийвчлан шалгаж байна. Хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэгт НПГ хяналт тавин ажиллаж байна. Мөн энэхүү хэргийн үйлдсэн хэргээр яллагдагчаар татагдсан Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байгаа бөгөөд тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л-ыг хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй хэргээр яллагдагчаар татсан байна. Гэхдээ түүнийг батлан даалтад байлгаж мөрдөн шалгаж байгаа аж.

Харин УИХ-ын зарим гишүүдийн хэлж буйгаар хэргийн зарим ноцтой байж болох нотлох баримт алга болсон мөн хавтаст хэргээс тухайн хэрэг гарсан өдрийн бичлэг алдагдсан гэж ярьж буй нь ташаа мэдээлэл юм хэмээн мэргэжлийн байгууллагаас мэдээлж буй. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэрэгт холбогдуулан хоёр хүнийг яллагдагчаар татсан аж. Түүнчлэн баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийг нарийвчлан шалгах ажлын хэсэг мөрдөн шалгаж дуусаж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаагаад шүүх рүү шилжүүлэх төлөвтэй байгааг дуулгалаа.

-ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА НАРЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭВ-

Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нарын сонгон шалгаруулалтын бүртгэл өнгөрсөн баасан гарагт болсон бөгөөд өнөөдрөөс сонгон шалгаруулалт нь эхэлж байгаа аж. Учир нь тус яаманд гарсан хүн амины онц ноцтой хэргээс үүдэн дарга нарыг нь үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Тус яаманд сонгон шалгаруулалтаар Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд тус тус томилогдох ажилтныг сонгох юм байна.

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn