Д.Хаянхярваа: Сангийн сайдын Увс аймагт 52.8 тэрбум төгрөг хуваарилсан гэх асуудлыг ажлын хэсэг нягтална

Д.Хаянхярваа: Сангийн сайдын Увс аймагт 52.8 тэрбум төгрөг хуваарилсан гэх асуудлыг ажлын хэсэг нягтална

1 жилийн өмнө

МАН-ын бүлгийн хуралдаан дууслаа. Өнөөдрийн хуралдаанаар Монгол банкны төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн танилцуулгыг хэлэлцэх байсан ч Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нар томилолттой яваа учир хойшлуулжээ.

Харин "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын танилцуулгыг хэлэлцсэн байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Өнөөдрийн байдлаар МУ-ын хэмжээнд 900 гаруй мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байна. Энэ нь 80 хувь нь авч байна гэсэн үг. Гэхдээ судалгаагаар 80 хувьдаа хүрэхгүй цаана нь авахгүй хүмүүс байдгийг ХНХЯ-ын сайд хэлж байсан. Ойролцоогоор 20 орчим  хувь нь авахгүй дансанд үлддэг байна. Валютын сантай тохиролцсоны үндсэн дээр 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгохыг тохиролцсон байдаг. Зарим гишүүдийн зүгээс энэ тохиролцоондоо хүрэх нь зөв гэсэн саналыг хэлж байна. Зарим нь батлагдсан төсөвдөө багтаагаад хүссэн хүүхэд бүрт олгох нь боломжтой гэдэг саналыг хэлсэн. Ингээд гишүүд нэлээн ярилцсаны эцэст хүссэн хүүхэд бүр хүүхдийн мөнгө авах хуулийн төслийг Төсвийн байнгын хороо руу шилжүүлж, эцэслэн шийднэ гэсэн тохиролцоонд хүрсэн.

Авах ёстой, зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгогдож байгаа юм байна гэсэн шийдэлд хүрсэн.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох, 80 хувьд нь олгоход санхүүгийн ямар зөрүү байна вэ? 

-Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олговол ойролцоогоор 27 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарна. Өнөөдөр 27 тэрбум төгрөгийг олох боломж бол бий. Гэхдээ ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Тиймээс тохиролцсон тохиролцоондоо хүрэх хэрэгтэй.

-2019 оны төсөв нэлээн шүүмжлэл дагуулж байна. Бүлэг дээрээ төсвийн асуудлыг ярьсан уу? 

-Энэ асуудлыг бүлгийн хурлаар хангалттай ярьсан. 2019 оны төсөвтэй холбоотойгоор янз бүрийн маргаан, мэтгэлцээнүүд бий. Ер нь жилийн жилд төсөв батлахад тодорхой хэл ам гардаг. Тэр дундаа сонгуулийн өмнө төсвийг батлахад улстөржилт орж, хэл ам гардаг. Энэ удаагийн төсөв ч яг л тийм зарчмаар явж байна. Гэхдээ энэ төсөв хүмүүсийн яриад байгаа шиг бүхэлдээ сонгууль руу чиглэгдчихсэн, эдийн засгаа баллаад байх хэмжээний төсөв гэдэгтэй санал нийлэхгүй. Бид орлогоо өөдрөгөөр төсөвлөж 9 их наяд төгрөгийн орлого олж, 10 их наяд төгрөгийн зарлага гаргана гэсэн тооцоотой. Энэ бол биелүүлэхэд амаргүй төсөв. Мэдээж хөрөнгө оруулалт, урсгал зардал, тойргуудтай холбоотой маргаан гарсан. Төсвийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан. Нийгэмд тойрог бүхэн таван тэрбум төгрөг авчихаж, АН-ын тойргуудад өгөөгүй гэнээ гэдэг яриа гардаг. Энэ таван тэрбум бол гишүүний мөнгө биш. Зарим гишүүд ч үүнийг буруу ойлгож ярьдаг. Бид 76 жижиг тойрогтой. 76 тойрог бүрт жижиг зовлон байдаг. Тэгэхээр тойрог бүхэнд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаж өгдөг. Энэ таван тэрбум төгрөгийг орон нутгийн удирдлагуудтайгаа ойлголцоод ямар юманд, яаж зарцуулах вэ хэмээн бүтээн байгуулалт хийдэг.

-Сангийн сайдыг Увс аймагт 52.8 тэрбум төгрөгийг хуваарилсан гэх шүүмжлэл байна? 

-Гурван өөр эх үүсвэр дээр тодорхой төсвүүд тавигдсан юм билээ. Намын мөрийн хөтөлбөрт суусан үзэл бодлын чанартай арга хэмжээнүүд гээд тэрэн дотроо Увс гэхчлэн янз бүрийн аймгуудад төсөв тавигдсан. Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсгийнхэн үүнийг нягталж үзээд бүлгийн хуралд танилцуулна.

-Цалин, тэтгэврийг 2019 оны хэзээнээс эхэлж нэмэх хувилбар яригдаж байгаа вэ? 

-Цалин, тэтгэвэр нэмэхээр 700 гаруй тэрбум төгрөгийг төсөвт тавьсан байгаа. Төсвийг хэлэлцэх явдцаа хэднээс, хэзээнээс нэмэх вэ гэдэг асуудлыг тодорхой болгоно.

-54 тэрбум төгрөгийг утаа бууруулахад янданд шүүлтүүр суулгана гээд байгаа. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу? 

-54 тэрбум төгрөгийн асуудалд гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Утааг бууруулах чиглэлээр янз бүрийн л арга хэмжээ авсан. Гурван төрлийн зуух тавилаа, утаагүй түлш хийнээ л гэсэн, одоо шүүлтүүр ярьж байна. Энэ шүүлтүүр нь хэр бодитой байхыг мэдэхгүй. Туршилт хийсний үндсэнд үр дүнг нь мэдрээд хийх гэж байгаа болов уу гэж харж байгаа. Мэдээж энэ асуудлыг дахин сайн нягтлах ёстой. Сүржин яриад даржин төгсгөл болох вий гэж болгоомжилж байна.

Б.Анир 

zaluu.com